Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас эхлэн АЖИЛ ХАЯЛТ зарлахаар болжээ

1 цаг 31 минутын өмнө

Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас эхлэн АЖИЛ ХАЯЛТ зарлахаар болжээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос тэмцлийн эцсийн хэлбэр болох ажил хаялтыг улс орон даяар зохион байгуулах болсон талаараа өнөөдөр мэдээлнэ. 

Тус холбооноос 2026 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрийг эхлүүлжээ. Эрчим хүчний яамнаас цалин хөлс нэмэгдүүлэх ямар ч боломжгүй талаар удаа дараа байр сууриа илэрхийлсэнтэй холбоотойгоор тэд дөрөвдүгээр сарын 16, 17-ны өдөр Сүхбаатарын талбайд тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулж, яам, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн байна. 

 Гэвч одоогийн байдлаар эрчим хүчний салбарт цалин хөлс нэмэгдүүлэх хэлцэл хийгдээгүй байгаа аж. 

2025 оны дөрөвдүгээр сард эрчим хүчний 2023-2024 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж 2026 оны цалингийн нэмэгдлийг 2025 оны аравдугаар сарын 30-ны дотор хэлэлцээрээр тохирно гэж заасан байна. Иймд Хөдөлмөрийн хуулийн 20.1.4-т заасны дагуу зуучлагчийн шатанд талууд тохиролцоонд хүрээгүй гэх үндэслэлээр ажил хаялт зохион байгуулах нөхцөл нь бүрдсэн байна. 

Улмаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо хуралдаж эрчим хүчний салбарын хэмжээнд ажил хаялтыг 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагаас эхлэн зарлахаар болжээ. 

Эрчим хүчний салбарын 6,600 ажилтны 95 хувь нь ажил хаялтыг дэмжжээ 

Эрчим хүчний салбарын нийт 35 байгууллагын 9,317 ажилтнаас 28 байгууллагын 6,600 ажилтан ажил хаялтын санал асуулгад оролцож 94.9 хувь нь дэмжсэн талаар  Холбооны Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Эрдэнэбат мэдээллээ. 

Хуулийн дагуух нөхцөл бүрдсэн учраас ажил хаялт зарлах шийдвэрээ гаргаад байгаагаа илэрхийлэв. 

"Ажил хаялтад хөндлөнгөөс нөлөөлөхгүй шүү"

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч Э.Тамир "Эрчим хүчний салбарын ажилчдын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудал орхигдоод буй талаар Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамтайгаа маш олон удаа хэлэлцээ хийх гэж оролдож, асуудлыг зөвшилцлийн аргаар шийдвэрлэх гэж маш их хичээсэн. Харамсалтай нь ажил хаялтын түвшинд очихоос өөр аргагүй нөхцөлд хүрч байгаа нь харамсалтай байна. 

Монгол Улсын Засгийн газар энэ хаврын чуулганаар улсын төсвийн тодотголыг оруулж ирэх боломж нь байгаа. 

МҮЭ-ийн холбоо, холбооны гишүүн байгууллагууд олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 87-р конвенцын хүрээнд ажилладаг. Мөн ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иймд хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулагдаж буй ажил хаялтад ямар нэгэн эрх бүхий албан тушаалтан, төрийн захиргааны зарим байгууллагууд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийхгүй шүү.

Ажил хаялтыг зохион байгуулж байгаа албан тушаалтнуудад аливаа хэлбэрээр нөлөөлөх оролдлого хийвэл ҮЭ-ийн холбооноос шаардлагатай арга хэмжээг авна" гэв. 

Шийдвэр гаргах тодорхой хэдэн хоног байна. Энэ хугацаанд Эрчим хүчний яам ямар гарц гаргалгаа байгаа талаараа танилцуулах хэрэгтэй. Ямар ч боломжгүй гээд сууж байгаа нь төр үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн үг гэдгийг онцлов. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.