Н.Учрал: Монгол Улс чухал ашигт малтмалын найдвартай, тогтвортой нийлүүлэлтийн төв болох бүрэн боломжтой

1 цаг 32 минутын өмнө

Н.Учрал: Монгол Улс чухал ашигт малтмалын найдвартай, тогтвортой нийлүүлэлтийн төв болох бүрэн боломжтой

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд өнөөдөр /2026.06.29/ боллоо.

Хуралдаанд 100 гаруй гадаадын хөрөнгө оруулагч оролцож байгаа юм. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих талаар илтгэл танилцуулсныг хүргэж байна. 

​​​​​​​

Ерөнхий сайд Н.Учрал: Өнөөдөр би энэ яриаг илүү тодорхой агуулгатайгаар өрнүүлэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс ирээдүйд ямар улс болж болох тухай бус харин өнөөдөр ямар бодлого хэрэгжүүлж, ямар хууль эрх зүйн шинэчлэл хийж, ямар хөрөнгө оруулалтын төслүүдийг бодитоор хэрэгжүүлж эхлээд байгааг танилцуулахыг зорьж байна.

Манай Засгийн газар байгуулагдсан өнгөрсөн 80 гаруй хоногийн хугацаанд нэг үндсэн зорилгыг тууштай баримталж ирлээ. Тэр нь сайн санаачилга бодит ажил болох замд тулгарч буй бүх саад бэрхшээлийг арилгах явдал юм.

Бид энэхүү шинэчлэлийн хөтөлбөрийг "UNLOCK Mongolia" буюу "Монголыг нээе" үндэсний санаачилга гэж нэрлэсэн. Энэхүү санаачилгыг би Улсын Их Хурлын даргаар ажиллаж байхдаа эхлүүлж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

UNLOCK Mongolia санаачилга нь дөрвөн үндсэн тулгуур чиглэлд суурилдаг.

Энэ бол ирээдүйн алсын харааны баримт бичиг биш. Харин өнөөдөр бодитоор хэрэгжиж буй ажлын тайлан юм. Өөрөөр хэлбэл аль хэдийн батлагдсан хууль тогтоомж, хэрэгжиж эхэлсэн татварын шинэчлэл, мөн энэ парламентын хугацаанд бодитоор урагшилж буй томоохон төслүүдийн тухай ярьж байна.

Энэ удаагийн парламентын чуулганаар бид татварын эрх зүйн орчин, тэтгэврийн шинэчлэл, бизнесийн эрх чөлөөний тухай хууль болон бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн 100 орчим хууль, эрх зүйн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна.

Би энэ бүхнийг аль болох энгийн, ойлгомжтойгоор танилцуулж байна. Учир нь хөрөнгө оруулалтыг энэ улсад татдаг зүйл нь уриа лоозон биш, харин итгэлцэл, бодит үр дүн юм.

Тиймээс одоо UNLOCK Mongolia санаачилгын дөрвөн тулгуур чиглэл тус бүрийн хэрэгжилтийн талаар товч танилцуулъя. Юуны өмнө манай Засгийн газрын богино хугацааны хөгжлийн бодлогын үндэс болсон UNLOCK буюу Үндэсний хүнд суртлыг бууруулах санаачилгын талаар товч танилцуулъя.

Би 2016 оноос хойш гурван удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн өндөр албан тушаалыг хашиж ажилласан.

Эдгээр албан тушаалд ажиллах хугацаандаа төрийн хүнд суртал нь иргэд, аж ахуйн нэгжүүд болон хөрөнгө оруулагчдад бодит эдийн засгийн зардал учруулдаг болохыг өөрийн биеэр харж, мэдэрсэн.

Иймээс эхлээд Улсын Их Хурлын даргын хувьд, өнөөдөр Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Үндэсний хүнд суртлыг бууруулах "UNLOCK" санаачилгыг эхлүүлэн хэрэгжүүлж байна.

Энэхүү санаачилгын гол үзэл баримтлал маш энгийн. Монгол Улс эдийн засгийн асар их нөөц боломжтой. Гэвч хэт олон шат дамжлага, зөвшөөрлийн тогтолцоо, хууль эрх зүйн тодорхой бус байдал нь хөрөнгө оруулалт болон бизнесийн үйл ажиллагааг удаашруулсаар байна.

Тиймээс Засгийн газар эдийн засгийг нээж, ногоон шилжилтийг эрчимжүүлж, засаглалыг сайжруулж, иргэд, бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдад илүү тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

 

UNLOCK Mongolia санаачилга дараах дөрвөн үндсэн чиглэлд тулгуурлан хэрэгжиж байна.

  1. Хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн томоохон төслүүд, тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, чөлөөт бүс, татвар болон банкны салбарын шинэчлэлээр дамжуулан эдийн засгийн боломжийг нээх.
  2. Сэргээгдэх эрчим хүч, ногоон тээвэр, дата төвүүд болон нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх замаар ногоон шилжилтийг эрчимжүүлэх.
  3. Цахим платформууд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн шинэчлэл болон Үндэсний баялгийн сангийн шинэчлэлээр дамжуулан сайн засаглалыг төлөвшүүлэх.
  4. Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт, ашигт малтмал, зөвшөөрлийн тогтолцоо болон холбогдох хууль эрх зүйн шинэчлэлээр дамжуулан эрх зүйн орчныг шинэчлэх.

Монгол Улсын эдийн засгийн тойм:

Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг мэдэгдэхүйц өсөлттэй хөгжлөө. Дэлгэц дээрх үзүүлэлтээс харахад дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2015 онд 11.6 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 25.4 тэрбум ам.долларт хүрч, хоёр дахин өсөөд байна.

Экспортын хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Шууд гадаадын хөрөнгө оруулалт 1.4 тэрбум ам.доллароос 4 тэрбум ам.доллар болж өссөн. Нэг хүнд ногдох ДНБ 3,900 ам.доллароос 7,400 ам.доллар болж бараг хоёр дахин нэмэгджээ. Эдгээр үзүүлэлт нь Монгол Улс худалдан авах чадвар нэмэгдсэн, экспортын боломж нь өргөжсөн өсөн тэлж буй зах зээл болохыг харуулж байна.

Мөн олон улсын үнэлгээ, индексүүд ч эерэг өөрчлөлтийг илэрхийлж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний индекс дэх байр ахисан. НҮБ-аас гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексийн хүрээнд Монгол Улс 193 орноос 46 дугаар байрт эрэмбэлэгдэж, 28 байр урагшилсан.

Мөн олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд Монгол Улсын төлөвийг тогтвортой хадгалж, зарим тохиолдолд ахиулсан бөгөөд үүний үндэс нь макро эдийн засгийн үзүүлэлтүүд болон өрийн удирдлагын сайжрал юм.

Эдийн засгийн сэргэлт ба аж үйлдвэрийн хөгжил: 

Засгийн газар байгуулагдсан эхний 80 хоногийн хугацаанд бид эдийн засгийг сэргээхэд голлон анхаарч, хүнд суртлыг бууруулах шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлсэн.

Эхний үр дүн аль хэдийн гарч эхэлж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн боловсруулах үйлдвэрийн төсөл, зургаан эрчим хүчний томоохон төслийг амжилттай эхлүүлээд байна.

Манай зорилго тодорхой. Монгол Улсын эдийн засгийг нүүрснээс хэт хамааралтай бүтцээс гаргаж, бусад ашигт малтмалын нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ түүхий эд экспортлогч орноос нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлдэг улс болох явдал юм.

Зэс хайлуулах үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг төслүүд нь Монгол Улсын эдийн засгийн дараагийн өсөлтийн үе шатыг тодорхойлох стратегийн төслүүд юм.

Бидний дараагийн хөгжлийн хөдөлгөгч хүч нь зөвхөн түүхий эд экспортлох бус, эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал байх болно. Эдгээр төслүүд нь эрчим хүч, ложистик, барилга, технологи болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын шинэ эрэлтийг бий болгоно.

Аж үйлдвэрийн томоохон төслүүд: 

Энэ дэлгэц дээр Монгол Улсад хэрэгжихээр төлөвлөж буй аж үйлдвэрийн томоохон төслүүдийг танилцуулж байна. Эдгээрийн зарим нь аль хэдийн дараагийн шатандаа орсон.

Тухайлбал, олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд зэс боловсруулах цогцолборын төслийг БНХАУ-ын NFC групп хэрэгжүүлэхээр шалгарсан.

Монгол Улс энэ төслийн талаар 1989 оноос хойш ярьж ирсэн. Олон арван жилийн дараа манай Засгийн газар олон улсын ил тод тендер зохион байгуулж, төслийг бодит хэрэгжилтийн шатанд хүргэлээ.

Гангийн цогцолбор үйлдвэрийн төсөл мөн эцсийн үнэлгээний шатандаа явж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчид оролцож байна. Харин энэ жагсаалтад байгаа бусад төслүүд нь та бүхэнд санал болгож буй хөрөнгө оруулалтын шинэ боломжууд юм.

Тавантолгойн дулааны цахилгаан станц:

Тавантолгойн дулааны цахилгаан станц нь Монгол Улсын аж үйлдвэрийн ирээдүйн хөгжилд стратегийн ач холбогдолтой төсөл юм. Энэхүү төсөл нь томоохон уул уурхайн ордууд төвлөрсөн Говийн бүсэд хэрэгжинэ.

Нийтдээ 810 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд 220 орчим байнгын ажлын байр шинээр бий болгоно.

Төсөл хэрэгжсэнээр Говийн бүсийг тогтвортой цахилгаан эрчим хүчээр хангах бөгөөд төр-хувийн хэвшлийн түншлэлийн (PPP) загвараар хэрэгжинэ.

Манай Засгийн газар стратегийн дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ төрийн төсвөөс санхүүжүүлэхээс илүүтэй төр-хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрийг түлхүү дэмжиж байна.

Энэ төсөл нь зөвхөн эрчим хүч үйлдвэрлэх тухай асуудал биш. Мөн цахилгаан эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах, аж үйлдвэржилтийг дэмжих, өвлийн улирлын агаарын бохирдлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах төсөл юм.

 Чөлөөт бүсүүд – эдийн засгийн шинэ боломж: 

Монгол Улсын чөлөөт бүсүүд худалдаа, ложистик, үйлдвэрлэл, аялал жуулчлал, санхүү болон үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт татах стратегийн байршилтай.

Эдгээр бүсүүд нь Монгол Улсыг БНХАУ, ОХУ болон Евразийн эдийн засгийн коридорт холбох чухал зангилаа болно. Хөрөнгө оруулагчид дараах давуу талуудыг эдлэх боломжтой. Үүнд: 

  • Татвар, гаалийн хөнгөлөлт;
  • Бондын агуулахын үйлчилгээ;
  • Импорт, экспортын хялбаршуулсан журам;
  • Дэд бүтэц бүхий бэлэн газар;
  • Төрийн байгууллагын шуурхай үйлчилгээ.

Мөн Засгийн газар эдгээр бүсэд ногоон дата төвүүдийг байгуулах хөрөнгө оруулалтыг онцгойлон дэмжих болно.

Энэ талаар манай Шадар сайд илүү дэлгэрэнгүй танилцуулна. Саяхан болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр бид ногоон дата төвүүдийн хөрөнгө оруулалтын талаар олон улсын компаниудтай идэвхтэй хэлэлцээ өрнүүлсэн.

Тэр үеэр би нэг зүйлийг онцлон хэлсэн. Монгол Улс бол далайд гарцгүй улс боловч дэлхийн хамгийн том зах зээлтэй хөрш зэргэлдээ орших хуурай газрын зангилаа (land-linked country) юм. Энэ нь ялангуяа ногоон хөгжил, дата төв, дижитал эдийн засгийн хөрөнгө оруулалтад Монгол Улсад томоохон давуу тал бий болгож байна.

Евразийн худалдааны хэлэлцээр:

Монгол Улс Евразийн зах зээлд экспортлох шинэ боломжуудыг нээж байна. Манай улс үхрийн мах, хонь, ямааны мах, адууны мах болон малын гаралтай бусад бүтээгдэхүүнийг гаалийн тэг хувийн тарифтайгаар экспортлох боломжтой болсон.

Та бүхний мэдэж байгаачлан би Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Беларусь улсын Минск хотноо Евразийн эдийн засгийн комисстой байгуулсан хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Дараа нь Улсын Их Хурлын даргын хувьд уг хэлэлцээрийг парламентаар батлуулсан. Өнөөдөр Ерөнхий сайдын хувьд энэхүү хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлж, бизнесийн шинэ боломжуудыг бодит ажил болгох зорилготой ажиллаж байна.

Тухайлбал, өмнө нь 50 хувийн импортын татвартай байсан үхрийн махыг одоо тэг хувийн гаалийн тарифаар экспортлох боломж бүрдсэн. Энэхүү хэлэлцээр нь:

  • 28 төрлийн мах, махан бүтээгдэхүүн,
  • 60 төрлийн арьс, ширэн бүтээгдэхүүн,
  • 204 төрлийн ноос, ноолууран бүтээгдэхүүн,
  • 65 төрлийн бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хамарч байна.

Ирэх оны улсын төсөвт чөлөөт бүсүүдийн ойролцоо ложистикийн төвүүд байгуулах хөрөнгө оруулалтыг тусгах төлөвлөгөөтэй байна.

 Чухал ашигт малтмал ба стратегийн нөөц: 

Монгол Улс нь чухал ашигт малтмалын асар их нөөцтэй орон юм.

Манай ураны нөөц дэлхийд 10-т, ховор металлын нөөцөөр 8-д ордог. Гэхдээ бидний давуу тал зөвхөн нөөцийн хэмжээгээр хязгаарлагдахгүй. Харин судлагдаагүй геологийн боломж, стратегийн байршил нь Монгол Улсыг онцгой болгодог.

Европын Холбоо, Хятад, Япон, БНСУ болон АНУ зэрэг орнууд нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг эрэлхийлж байгаа энэ үед Монгол Улс найдвартай, тогтвортой нийлүүлэлтийн төв болох бүрэн боломжтой.

Засгийн газар чухал ашигт малтмалын жагсаалтыг тодорхойлох, экспортын бодлогыг боловсронгуй болгох зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.

Мөн Монгол Улс Францын “Orano Mining” компанитай хамтран ураны төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Би тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа уг төслийн ажлын хэсгийг ахалж байсан бөгөөд уг төсөл Дорноговь аймагт хэрэгжиж эхлээд байна. Энэ төсөл нь зөвхөн хөрөнгө оруулалт бус, ажлын байр нэмэгдүүлэх, технологийн шилжилтийг дэмжих чухал ач холбогдолтой юм.

Банк, санхүүгийн салбарын шинэчлэл: 

Засгийн газар банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Банкны салбарын ил тод байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төв банкны хараат бус байдлыг бэхжүүлэх, капиталын хүрэлцээг сайжруулах, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх зорилт тавьж байна.

Мөн гадаадын банкууд Монгол Улсад салбараа нээх эрх зүйн орчныг бүрдүүлж байна.

Өмчлөлийн хязгаарлалтын зохицуулалтыг өөрчилж, банкны хувь эзэмшлийн хязгаарыг шинэчлэх замаар салбарыг либералчлах алхам хийж байна. Энэ шинэчлэлийн хүрээнд бид гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголын банкны салбарт хөрөнгө оруулахыг урьж байна.

 

Ногоон шилжилт ба сэргээгдэх эрчим хүч: 

Хоёр дахь тулгуур чиглэл болох ногоон шилжилтийн талаар товч танилцуулъя.

Монгол Улс жилд дунджаар 270–300 өдөр нарлаг байдаг бөгөөд ялангуяа Говийн бүс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Манай зорилго бол 2030 он гэхэд нийт суурилагдсан хүчин чадлын 30 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангах явдал юм.

Сүүлийн жилүүдэд бид зах зээлийг хувийн хэвшилд нээж, өрсөлдөөнт дуудлага худалдааны зарчмаар эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар таван сэргээгдэх эрчим хүчний дуудлага худалдаа амжилттай явагдаж, Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр өөр зургаан төсөл төлөвлөгдөж байна.

Саяхан бид эрчим хүчний салбарт анхны нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд энэ нь өндөр үр дүнтэй болсон. Тариф нь нэг кВт.ц тутамд 4.8- 7.8 ам.долларын цент байсан нь өмнөх худалдан авах гэрээтэй харьцуулахад илүү өрсөлдөөнтэй үзүүлэлт юм. Ялагчдын тал хувь нь олон улсын хөрөнгө оруулагчид байсан бөгөөд тэд Засгийн газрын баталгаа шаардаагүй.

Ногоон дата төв ба дижитал эдийн засаг: 

Монгол Улс өөрийгөө ногоон дата төвийн бүс болгон хөгжүүлэх бүрэн боломжтой. Манай давуу талууд:

  • Улс төрийн хувьд төвийг сахисан, ардчилсан орон
  • Газар нутгийн өргөн боломж
  • Эрчим хүчний сэргээгдэх нөөц
  • Өгөгдлийн бүрэн эрхт байдлын (data sovereignty) боломж
  • Дэлхийн хамгийн том зах зээлтэй хөрш орших стратегийн байршил.

Эдгээр нөхцөл нь кибер масштабын дата төв, сэргээгдэх эрчим хүч + батарей хадгалалт, шилэн кабелийн дэд бүтэц, кибер аюулгүй байдал болон суверен дата үйлчилгээ хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Засгийн газар урт хугацааны газар ашиглалт, эрчим хүчний гэрээ (PPA), шуурхай зөвшөөрөл, татварын болон гаалийн хөнгөлөлт, мөн PPP хэлбэрийн дэмжлэгийг санал болгож байна.

Нүүрстөрөгчийн зах зээл ба уур амьсгалын бодлого: 

Монгол Улс нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах өндөр боломжтой орон юм.

Манай шинэчилсэн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт (NDC) нь 2035 он гэхэд 24.4 сая тонн нүүрсхүчлийн хий-эквивалент бууруулах зорилготой.

Бид Сингапур, Швейцарь, Япон, БНСУ зэрэг орнуудтай нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

Мөн анх удаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай тусгай хууль боловсруулж, нүүрстөрөгчийн зах зээл, ногоон санхүүжилт, хяналт хэмжилтийн (MRV) тогтолцоог бүрдүүлж байна.

Энэ долоо хоногт бид уур амьсгалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд COP17 бага хурлын өмнө батлуулах зорилготой ажиллаж байна. Мөн хөдөө орон нутагт амьдарч буй малчид, иргэдийг нүүрстөрөгчийн зах зээлд оролцуулах боломжийг бүрдүүлнэ. Тэд бэлчээрийн менежер, байгаль хамгаалагчийн хувиар орлого олох шинэ системд хамрагдана.

Сайн засаглал ба цахим шилжилт

Гурав дахь тулгуур чиглэл нь сайн засаглалыг бэхжүүлэх шинэчлэл юм.

Бид бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон иргэдэд зориулсан E-Business 2.0 платформыг нэвтрүүлсэн. Энэхүү платформ нь төрийн хүнд суртлаас бизнесийг чөлөөлөх зорилготой юм. Сүүлийн 80 хоногийн хугацаанд бид нийт төрийн үйлчилгээний 79 хувийг цахимжуулж, 5779 байгууллагын 18,520 үйлчилгээг нэгтгэсэн.

Үүний үр дүнд компани байгуулах хугацааг 30 минут хүртэл бууруулсан бөгөөд өдөрт дунджаар 70 орчим шинэ бизнес бүртгэгдэж байна. Бид 2021 онд “E-Mongolia” платформыг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь иргэдэд чиглэсэн үйлчилгээний систем байсан. Харин “E-Business” платформ нь бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад зориулагдсан шинэ үеийн систем юм.

“E-Mongolia” нь иргэдэд 1,480 төрлийн төрийн үйлчилгээг нэг дор авах боломж олгож байгаа бол, шинэ систем нь бизнесийн бүртгэл, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын процессыг хялбарчилж байна.

Мөн бид оюуны өмчийн үйлчилгээг цахимжуулж, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгосон.

Цаашид лицензийн тоог бууруулах бодлого хэрэгжүүлж байна. Одоогоор 381 төрлийн тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд үүнийг 300 болгон бууруулах зорилт тавьсан.

“И-Засаг” платформ

Бид “И-Засаг” платформыг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь иргэд Засгийн газартай шууд харилцах дижитал суваг юм.

Иргэд санал гаргах, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, асуулт тавих болон Ерөнхий сайдтай шууд харилцах боломжтой.

Энэхүү систем нь тодорхой босготой:

  • 100,000 санал хүрвэл шинэ хууль, бодлого эсвэл Засгийн газрын шийдвэр гарах боломжтой
  • 50,000 санал хүрвэл бодлогын өөрчлөлт, шалгалт эсвэл хяналт хэрэгжих боломжтой
  • 20,000 санал хүрвэл төрийн үйлчилгээ сайжирна.

 

Бизнесийн эрх чөлөө ба эрх зүйн шинэчлэл: 

Дөрөв дэх тулгуур чиглэл нь эрх зүйн орчны шинэчлэл юм.

Энэ нь Бизнесийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, зөвшөөрлийн тогтолцоо болон холбогдох эрх зүйн шинэчлэлийг хамарна.

Засгийн газар зөвхөн төслүүдийг зарлаж буй бус, харин хөрөнгө оруулалтын орчныг тодорхойлж буй дүрмүүдийг өөрчилж байна.

Хөрөнгө оруулагчдад хамгийн чухал зүйл бол тогтвортой байдал, тодорхой эрх зүйн орчин, шуурхай зөвшөөрөл болон шударга маргаан шийдвэрлэх тогтолцоо юм.

Бидний шинэчлэлүүд эдгээр нөхцөлийг хангах зорилготой.

Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн гол зорилго нь хуулиар хориглоогүй бүх салбарт бизнес эрхлэх эрхийг баталгаажуулах явдал юм. Бид хүнд суртлыг бууруулах шинэчлэлийн хүрээнд бүх зохицуулалтыг шат дараатай цөөлж байна.

Одоогоор Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаатай холбоотой 368 орчим хууль тогтоомж үйлчилж байгаа бөгөөд тэдгээрийн 40 гаруй нь хөрөнгө оруулагчдад нэмэлт шаардлага үүсгэдэг.

Шинэчлэлийн хүрээнд:

  • 1,000 гаруй зөвшөөрлийг 381 болгон бууруулсан
  • 264 бүртгэл, 232 дүгнэлт, 132 гэрчилгээний шаардлагыг дахин зохицуулж байна
  • Хөрөнгө оруулагчдын гомдлын шийдвэрлэлтийн хувь 26 хувь байсныг нэмэгдүүлэх зорилт тавьсан

Мөн 99 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бөгөөд нийт 100 орчим хуулийн шинэчлэл хийгдэнэ. Шинэ хуульд хөрөнгө оруулагчдын гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэх механизм тусгагдсан.

Мөн олон улсын арбитрын шүүхээр маргаан шийдвэрлэх эрхийг баталгаажуулж байна.

Энэхүү шинэчлэл нь санхүүгийн байгууллагын татварын хувь хэмжээг тодорхой салбаруудад бууруулах, гадаад ажиллах хүчний хураамжийг чөлөөлөх зэрэг бодлогыг багтаасан. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг тогтворжуулах гэрчилгээний хугацааг 20 жил хүртэл сунгах боломжийг бүрдүүлж байна.

Монгол Улс зөвхөн шинэ төслүүд зарлаж буй улс биш. Бид хөрөнгө оруулалтын орчныг тодорхойлдог үндсэн дүрмүүдийг шинэчилж байна. Сүүлийн 80 хоногийн хугацаанд бид 9,376 төлөвлөгдсөн төрийн шалгалтыг цуцалсан бөгөөд бизнесийн ачааллыг бууруулах бодит алхмуудыг хийсэн. Монгол Улс илүү нээлттэй, илүү хурдан, илүү тодорхой бизнесийн орчин руу шилжиж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.