Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу?

1 цаг 43 минутын өмнө

Шинэ “Цэнгэлдэх хүрээлэн” барина


Шинэ “Цэнгэлдэх хүрээлэн” барина гэдэг мэдээ сайхан л сонсогдож байна. Гэхдээ хотод биш, “Хүй долоон хутаг”-т барих юм байх. “Хүй долоон худаг” нь Улаанбаатар хотын баруун хойд талд, Хүй мандалын дэнжид оршдог, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан болдог гол төв юм.

Энэ жил тэнд “Дэлхийн адууны өдөр”-ийн анхны арга хэмжээ болсон. Бичлэг, рийлүүдээр бол сүрлэг сайхан арга хэмжээ харагдсан ч очиж үзсэн иргэдийн ам төдийлөн сайнгүй байлаа.

Анхны юм алдаа мадаг гарсан л байх. Ерөнхийдөө Монголын гоё сурталчилгаа болсон. Болж өнгөрсөн үйл явдлууд, олны сэтгэгдлүүдийг харахад тэнд шинээр Цэнгэлдэх хүрээлэн барина гэдэг сэтгэлийн хөөрлөөр хийх ажил биш. Үнэндээ эдийн засаг сайнгүй ийм үед үзэл сурталд зориулсан хурдан хуумгай юм хийж, мөнгө үрмээргүй байна. Манай эрх баригчид сонгууль ойртохоор юм хийсэн болж харагдах шахаанд орчихоод үйлээ үзэж байна. Аргаа бараад болсон болоогүй баахан жижиг сажиг төсөл барьж авах гээд ядаж байгаа. Арван жил засаг барьчихаад “...одоо л МАН нь та нар дээрээ очиж байгаа шүү” гэж намын их хурлаараа мэдэгдсэн болохоор өөрөөр харах үндэслэл тун бага байна л даа. Өнгөрсөн намар хуралдсан намын их хурлынх нь гол уриа “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэдэг уриа байсныг арай мартчихаагүй биз дээ. Энэ мессэжийг би хувьдаа өнөөдрийг хүртэл ойлгох гээд чадаагүй юм. Нэг талаас аймшигтай муухай тохуурхал, доромжлол юм шиг... Юутай ч “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэх уриа нь улс төрийн гүн ухааны хувьд тун сонирхолтой парадокс үүсгээд байгаа юм.

Арван жилийн турш засаг барьж, төрийн бүх шатны эрх мэдлийг хэрэгжүүлчихээд “Одоо л та нар дээрээ бид эргэн очиж байна” хэмээн тунхаглах нь “Бид өдийг хүртэл өөр хаа нэгтээ, ард түмнээс ангид оршиж байжээ” гэдгээ өөрсдөө өмнөх үггүйгээр хүлээн зөвшөөрсөн хөгжилтэй хэрэг биш гэж үү?

Ард түмэн нь байрандаа л байсан, харин эрх баригчид хаашаа явчихаад, 2028 оны сонгуулийн сургаар ийнхүү “эргэн ирэлт” зарлаж буйг ойлгоход улс төрийн гүнзгий ухаан ч дутах шиг.

Үнэн хэрэгтээ бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд олигтой том өөрчлөлт хийхгүй, иймэрхүү популист мессэжээр хий эргэх нь нэгэнт тодорхой болсон тул одоо татвар төлөгчид өөрсдийн мөнгөөр улс төрийн намын оноо цуглуулах башир төслүүдийг санхүүжүүлэхээс татгалзаж, “үгүй” гэж хэлэх цаг болсон. Тиймээс “Төв Цэнгэлдэх Хүрээлэн” -гээ тордож, илүү гоё болгож өөрчилье. Манай “Төв Цэнгэлдэх Хүрээлэн” бол 1958 онд байгуулагдсан, 68 жилийн турш үүргээ гүйцэтгэж ирсэн газар. Одоо 12500 суудалтай, үүнийг 25000- 40000 хүртэлх үзэгчийг хүлээн авах орчин үеийн цогцолбор болон өөрчлөх боломжтой гэж үздэг. Тив дэлхийн тэмцээн уралдааны эрх авч зохион байгуулдаг, жилийн дөрвөн улирал үйл ажиллагаагаар хангагддаг ийм болгож өөрчилье л дөө.

“Хүй долоон худаг” явахдаа таван цаг, ирэхдээ таван цаг болдог газар хэн тийшээ очиж, аятай тухтай наадаж чадах юм. Дохио хангинуулсан дарга нар л хурдан ирж очдог байх. Үүнийг нь ч бүгд харлаа шүү дээ. Нөгөө талаас яг өнөөдөр “Хүй долоон худаг”-т аварга байгууламж барих нь сэтгэлийн хөөрлөөр, эсвэл сонгууль угтсан үзэл суртлын шахалтаар хийх ажил биш юм. Манай улсын эдийн засаг уул уурхайн экспорт болон Оюу толгойн далд уурхайн үйлдвэрлэлийн өсөлтөөр тэтгэгдэн, Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь 2026 онд 5.0-6.5 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Хэдийгээр макро тоонууд эерэг харагдаж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа ч дотоодод инфляцийн дарамт 7.5-8.0 хувь орчимд хадгалагдаж, иргэдийн амьжиргаа, худалдан авах чадварт мэдэгдэхүйц нөлөөлсөөр байна. Иймээс төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй, үзэл суртал хөөцөлдсөн төслүүдэд зориулж “хий үрэх” эрх бидэнд байхгүй. Ийм нөхцөлд манай эрх баригчид энэ шийдвэрээ баталгаажуулбал сонгуулийн мөчлөг угтсан “Үзүүлэнгийн төсөл”-ийн сонгодог жишээ л болно.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бол Цэнгэлдэх хүрээлэнг хотын захад “Тусгаарлагдсан сансрын хөлөг” шиг юм барихаас татгалзаж, хотынхоо төвд, дэд бүтцийг нь түшиглэн хөгжүүлдэг орчин үеийн спорт- энтертайнмент дүүргийн загварыг түлхүү баримталж байна.

Мексикийн Мехикод “Esta­dio Azteca” гэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авдаг гоё цэнгэлдэх бий. Энэ бол Цэнгэлдэх хүрээлэнг шинээр барихаас илүү хуучин түүхт байгууламжаа үе шаттайгаар, орчин үеийн техникийн стандартад нийцүүлэн шинэчилж, олон арван жилийн турш үнэ цэнээ алдахгүй ашиглаж болдгийн тод жишээ гэгддэг юм байна. Бас Шинэ Зеландын Оклендад “Eden Park” гэж бий. Хотынхоо төвд орших тус үндэсний цэнгэлдэх хүрээлэн нь зөвхөн спорт гэлтгүй олон улсын хурал зөвлөгөөн, томоохон соёл урлагийн арга хэмжээнүүдийг тогтмол хүлээн авдаг. Жишээ нь, ердөө гурван өдрийн чуулга уулзалтаар 20000 гаруй төлөөлөгч хүлээн авч, хотын зочид буудал, нийтийн тээвэр, хоол ундны салбарт хэдэн сая ам.долларын бодит ашиг орлого оруулж байдаг.

“Төв Цэнгэлдэх хүрээлэн”-г шинэчилснээр гарах давуу талууд гэвэл нэгдүгээрт, төсвийн асар их хэмнэлт гарна. Хан-Уул дүүрэгт байрлах “Төв цэнгэлдэх хүрээлэн” нь цахилгаан, дулаан, усан хангамжийн нэгдсэн сүлжээнд аль хэдийнэ холбогдсон. Шинэ газарт дэд бүтэц татах гэж тэрбум тэрбумаар нь үрэх шаардлагагүй. Хотын иргэд 10 цагийг зам дээр үрэх шаардлагагүй болно. Жилийн дөрвөн улирлын орлоготой болно. Битүү дээвэртэй, халаалтын ухаалаг шийдэлтэй болгосноор өвлийн улиралд ч тив дэлхийн тэмцээн уралдаан, соёлын арга хэмжээ зохион байгуулж, улсын төсөвт дарамт болохгүйгээр өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг эдийн засгийн өгөөжтэй объект болно. Сонгуулийн амлалт дагаж, хотоос алслагдсан “Хүй долоон худаг” руу татвар төлөгчдийн мөнгийг цацах нь урт хугацаандаа эдийн засгийн дарамт, ашиглалтгүй хоосон барилга л үлдээх эрсдэлтэй. Харин хуучин “Төв Цэнгэлдэх Хүрээлэн”-гээ дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэх нь хотын өнгө үзэмжийг засаад зогсохгүй, Монгол Улсын спорт, аялал жуулчлалын салбарт хийх хамгийн ухаалаг, үр ашигтай хөрөнгө оруулалт байх болно. Мэдээж “Хүй долоон худаг” аа ч хурдан морины уралдаандаа зориулсан илүү гоё орчин болгох шаардлагатай биз.

Бид юм болгоныг эсэргүүцдэг, улсаа хөгжүүлэхийн эсрэг хүмүүс биш. Гагцхүү өнөөдөр бодит хөрсөө зөв тооцож, татвар төлөгчдийнхөө мөнгийг үр ашиггүй төсөлд зориулахаа больцгооё гэж уриалж байгаа юм. Хэдий болтол бид уул уурхайн ганц хотынхоо 50 жилийн ой болоход 50 жилийн ухамсарт амьдралаа тэр үйлдвэрийн цехэд өнгөрүүлсэн мастер биш, бэлэн байгууллагыг улс төрийн томилгоогоор ирж удирдсан дарга Хөдөлмөрийн баатар болдог гунигийн орон байх юм бэ...

 

 

СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ

ӨДРИЙН СОНИН



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



"Mongolic Тойм" Ep167 сар 24. 14:32
ДҮРВЭГСЭД…7 сар 24. 13:43
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.