2111-р сар, 2026Бямба гараг

“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

8 сар 14. 12:244 мин унших


“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрээ хийсэн. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээнээс гадаад, дотоодын шинжээчид олон булхай илрүүлсэн.

Гэсэн ч “Рио Тинто” тэр бүх булхай, луйврын шинжтэй заалтуудыг засахыг хүсдэггүй нь тэдний үйл ажиллагаанаас тодорхой харагддаг. Мөн өнгөрсөн жилүүдэд Монгол Улсад нээлттэй зарладаг санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд тус компанийн орлого нь огт нийтлэгддэггүй тухай шинжээчид, эдийн засгийн мэргэжилтнүүд хэлсээр ирсэн. Тэр нь энэ жил дахиад давтагдаж байна. Учир нь “Оюу толгой” компани 2026 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа нийтэлсэн ч тэнд орлого нь тусгагдалгүй үлджээ.

Энэ талаар ХЗДХ-ийн дэд сайд асан, хуульч Б.Солонгоо “Маш их ажил хийж буй мэт нийгмийн хариуцлагын олон төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл оруулсан мэт боловч харамсалтай нь хамгийн чухал үр дүн, санхүүгийн үзүүлэлтээ тайлагнасангүй. Тухайлбал, зэсийн баяжмал экспортлоод ямар хэмжээний орлого олж, олборлолтын үйл ажиллагааны зардал гаргаж, хэдэн төгрөгийн ашигтай ажилласнаа тас “нуужээ”. Зэсийн баяжмалын экспортын мэдээлэл, олон улсын шинжээчдийн тооцооллоор 2026 оны хоёрдугаар улирлын борлуулалтын орлого хоёр тэрбум ам.доллар буюу 7.6 их наяд төгрөг давсан. 2026 оны эхний хагаст нийт орлого нь дөрвөн тэрбум ам.доллар буюу 15.2 их наяд төгрөг хүрсэн тооцоолол мөн гарсан байна. Энэ бол манай улсын одоо байгаа валютын нөөцийн 50 хувь. Гэтэл “Оюу толгой” компанийн орлого арилжааны банкуудаар дамждаггүй, гадаад улс дахь банкны данс руу шууд ордог. Манай улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлдэггүй. Нээлттэй мэт боловч хаалттай компани яагаад орлогоо тайлагнахгүй байна вэ? Бид энэ төсөлд 34 хувийг эзэмшдэг. “Рио Тинто” монголчууд биднээс олж байгаа орлогоо хүртэл “нуух” нь хэр зохистой вэ” хэмээжээ.

Ер нь бол Монгол Улсын АҮЭБЯ, АМГТГ, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-д “Оюу толгой” ХХК-ийн санхүүгийн тайлангаар хүргэгддэг мэдээлэлд орлого гэх тоо нь дурдагддаг ч түүнээс давсан зардал, зээлийн хүү зэргийг танилцуулж иржээ. Тухайлбал, 2024 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд “Тус компанийн нийт хөрөнгийн хэмжээ 18.4 тэрбум ам.доллар, үүнээс эргэлтийн бус хөрөнгө 17.8 тэрбум ам.доллар, эргэлтийн хөрөнгө 542.7 сая ам.доллар байна. Жилийн эцсийн байдлаар нийт өр төлбөр 19.6 сая ам.доллар байсан. Үүнээс урт хугацаат өр төлбөр 18.8 тэрбум ам.доллар, богино хугацаат өр төлбөр 711.9 сая ам.доллар байна. 2024 онд борлуулалтын орлого 2.18 тэрбум ам.доллар, борлуулсан бүтээгдэхүүний өртөг 1.11 тэрбум ам.доллар, нийт ашиг 946.9 сая ам.долларт хүрсэн. Гэвч ерөнхий болон удирдлагын зардал 603.4 сая ам.доллар, санхүүгийн зардал 1.63 тэрбум ам.доллар, тайлант жилийн цэвэр алдагдал 1.26 тэрбум ам.доллар байна. Мөнгөн гүйлгээний тайлангаар үндсэн үйл ажиллагаанаас 599.2 сая ам.долларын цэвэр мөнгөн урсгал бий болсон. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд 1.3 тэрбум ам.доллар зарцуулсан. Хувь нийлүүлэгчдээс 801 сая ам.доллар, гуравдагч талаас 70 сая ам.долларын нэмэлт санхүүжилт авч ахлах эрэмбийн зээлийн хүүд 483 сая ам.доллар төлсөн. Ногдол ашиг хуваарилаагүй” гэсэн байна. Мөн 2025 оны үйл ажиллагаа санхүүгийн тайландаа “Нийт хөрөнгийн хэмжээ 20.4 тэрбум ам.долларт хүрсэн. Жилийн эцсийн байдлаар нийт өр төлбөр 20.5 тэрбум ам.доллар, эздийн өмч 167.8 сая ам.доллар байна. Тус онд компанийн борлуулалтын орлого 4.99 тэрбум ам.доллар, борлуулсан бүтээгдэхүүний өртөг 1.67 тэрбум ам.доллар, нийт ашиг 3.07 тэрбум ам.долларт хүрсэн. Гэхдээ ерөнхий болон удирдлагын зардал 347.8 сая ам.доллар, санхүүгийн зардал 1.67 тэрбум ам.доллар, тайлант жилийн хүү, татвар, элэгдлийн өмнө ашиг 3.47 тэрбум ам.доллар байна. Нийт өр төлбөр 20.5 тэрбум ам.доллар, үүнээс хувь нийлүүлэгчдийн зээл 12.5 тэрбум ам.доллар, төслийн санхүүжилтийн зээл 1.6 тэрбум ам.доллар, урьдчилгаа төлбөрийн санхүүжилт 1.6 тэрбум ам.доллар, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт 0.07 тэрбум ам.доллар, үндсэн зээлийн төлөлтөд 476 сая ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 562 сая ам.доллар, ногдол ашиг хуваарилаагүй” гэсэн байна.

 

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 151 (7893)

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.