Б.Пүрэвдагва: Ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтын тогтолцоог хамтын ажиллагааны гүүр болгон манлайлан оролцоно

1 цаг 45 минутын өмнө

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар сарын 28-ныг хүртэл Улаанбаатар хотод үргэлжилж байна.

Дэлхийн 197 орны төлөөлөл оролцсон тус хурлын Ногоон бүсийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ.

Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүс нь олон нийтэд нээлттэй, оролцоонд суурилсан талбар бөгөөд иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбож, байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд хүргэж байна.

Ногоон бүсэд урлаг, соёлын тоглолтыг тогтмол зохион байгуулж, дөрвөн тайзанд хэлэлцүүлэг, төслийн танилцуулга, семинар, хөгжмийн болон бүжгийн тоглолт болох юм.

 

Арга хэмжээг нээх үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүлээн авч байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Газар нутаг, байгаль, дэлхийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн өв соёлоо өнөөг хүртэл хадгалан ирсэн Монгол орны хувьд газрын доройтол, ган гачиг, цөлжилтийн асуудал бидний амьдрал, хөгжилд бодитоор тулгарч буй томоохон сорилт болоод байна.

Өнөөдөр дэлхийн хотууд байгаль, газар зүй, уур амьсгалын өөр өөр нөхцөлд хөгжиж байгаа хэдий ч тэдэнд тулгарч буй асуудлууд нь улам бүр ижил болж байна. Байгаль, хот хоёр тусдаа оршихгүй гэдгийг бид өдөр тутмын амьдралаасаа мөн мэдэрч байгаа билээ. Цөлжилт, усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол зэрэг түүнээс үүдсэн шар шороон шуурга нь нэг улсын хилээр хязгаарлагдахгүй, бүс нутаг, цаашлаад дэлхий нийтийг хамарсан асуудал болжээ. Эдгээр асуудлыг нэг улс, нэг хот шийдэх боломжгүй учир хотуудын түншлэл, улс орнуудын хамтын ажиллагаа, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоо бидэнд хэрэгтэй болж байна.

Талуудын 17 дугаар бага хурал нь бидний хувьд улс орнуудын сайн туршлагаас суралцахын зэрэгцээ бүс нутгийн тулгарч буй сорилт, шийдлийг дэлхий нийттэй хуваалцах, хамтын гарцыг тодорхойлох томоохон боломж юм.

Түүнчлэн Улаанбаатар хот нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг бүрдүүлдэг эдийн засаг, санхүүгийн төв. Өнөөдөр Улаанбаатар хотод хот байгуулалт, орон сууц, инженерийн дэд бүтцийн томоохон төслүүд болон авто зам, нийтийн тээврийн шинэчлэл, эрчим хүчний шинэ эх үүсвэр, үйлдвэрлэл технологийн паркуудыг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний бүтээн байгуулалт өрнөж байна. Тиймээс Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Улаанбаатар хот хотуудын түншлэл, ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтын тогтолцоог хамтын ажиллагааны гүүр болгон манлайлан оролцох болно.

Ногоон бүс бол тухайн хүлээн авч буй орны өөрийн онцлог соёл, уламжлалыг ирж буй зочид болон дэлхий нийтэд сурталчлах өргөн боломж болдог. Тэгэхээр Ногоон бүс гэдгийг та бүхэн маань "Монгол бүс" гэж ойлгож болно. Мөн Ногоон бүс нь Улаанбаатар хотын иргэдэд нээлттэй. Та бүхэн энд хүрэлцэн ирж, өөрийн өв соёл, уламжлалтай танилцахаас гадна Монгол Улсад тулгамдаад буй бэлчээрийн доройтол, усны хомсдол зэрэг асуудлуудтай газар дээр нь танилцаж, салбар хуралдаануудад оролцох боломжтой.

Монголчуудын хамгийн сайхан зан бол зочломтгой, найрсаг зан байдаг. Дэлхийн 197 орноос ирсэн 20 мянга орчим зочин, төлөөлөгчийг эелдгээр угтан авч, өөрсдийн болон бүс, дэлхийн асуудлуудад бодит шийдэл болон гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

 

Ногоон бүсэд дараах хэсгүүд байрлаж байна.

  • Нүүдэлчдийн нутаг хэсэг, хүлээн авах болон соёлын өвийн гэрүүд
  • Үзэсгэлэнгийн павильонууд
  • Шинжлэх ухаан, олон нийтийн павильон
  • Илтгэл, хэлэлцүүлэг болон зэрэгцээ арга хэмжээний танхимууд
  • Нэвтрэх болон мэдээллийн павильон
  • Гудамжны хоолны хэсэг
  • Ажилтнуудын хоолны танхим
  • Хэвлэл мэдээллийн төв

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.