Газрын тосны хайгуулын компанийн гадаад ажилчид руу халдсан иргэдийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорьсон

58 минутын өмнө

Газрын тосны хайгуулын компанийн гадаад ажилчид руу халдсан иргэдийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорьсо

Цагдаагийн байгууллагаас “...Сүхбаатар аймагт нэр бүхий иргэдээс газрын тосны хайгуулын үйл ажиллагааг эсэргүүцсэн” гэх хэргийн талаар өнөөдөр тайлбар мэдээлэл өглөө. 

Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр "Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт 2026 оны наймдугаар сарын 15-ны өдөр “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан ажилчдын байр луу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөд халдаж, дураар авирлаж байна гэх мэдээлэл ирүүлснийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас хүлээн авч, мөрдөн ажиллагааг явуулж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 131 дүгээр тогтоолоор Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Матад, Хөлөнбуйр болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд газрын тос эрэн хайх эрх олгосны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай "Монголиа файсон энержи” компани нь 2026 оны долоодугаар сарын 4-ний өдрөөс газрын тос эрэн хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 

Дээрх компаниас Дорнод аймгийн Матад сумын Хэрлэн тохой гэдэг газарт газрын тос эрэн хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлээр  2026 оны наймдугаар сарын 7-ны өдөр Сүхбатаар аймгийн Сүхбаатар сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт хайгуулын тоног төхөөрөмж, ажилчдын зөөврийн кемпийг түр байршуулсан байна.

Нэр бүхий иргэд түр байршуулсан тоног төхөөрөмж, кемп рүү зөвшөөрөлгүй газрын тос олборлох гэж байна гэх шалтгаанаар нутгийн иргэдийг уриалан 2026 оны наймдугаар сарын 14, 15-ны өдөр Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Монголиа файсон энержи” компанийн ажилчдын кемп рүү хууль бусаар нэвтэрч зөвшөөрөлгүй дүрс бичлэг хийж, хэрүүл маргаан үүсгэсэн асуудалд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. 

Нэр бүхий иргэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл ангиудад заасан хэргүүдээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Мөн дөрвөн иргэнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай баривчилсан. Өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр нэг иргэнийг шүүхийн захирамжаар 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон. Үлдсэн гурван иргэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудал өнөөдөр харьяалагдах шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэнэ" гэв

Цагдаагийн байгууллагаас “...Төв аймгийн нутаг дэвсгэрт гадаад улсын иргэд шонхор шувууг барьж байгаа” гэх асуудлаар өнөөдөр тайлбар мэдээлэл өглөө. 

Энэ талаар Экологийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Нямрагчаа "Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 263 дугаар тогтоолоор энэ онд гадаад улсад тусгай зориулалтаар гаргахаар нийт 350 шонхор шувууг барих зөвшөөрлийг нийт 11 аймаг, гадаадын дөрвөн улсын 24 иргэнд зөвшөөрөл олгосон. 

Энэ хүрээнд 11 аймагт отог байгуулах зөвшөөрөл олгосон. Уг отгын үйл ажиллагаанд хяналт тавихыг тухайн аймаг орон нутгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон байгаль орчны эрх бүхий албан тушаалтнууд хяналт тавихаар зохицуулсан. Гурван хоног тутамд шонхор шувууг барих отогт хяналт шалгалт хийж, гарал үүслийн бичиг үйлдэж олгохоор хуульчлагдсан. 

Сүүлийн үед Төв аймгийн нутаг дэвсгэр дээр гарсан иргэн Э-д холбогдох үйлдэлд гадаадын иргэнээс гаргасан гомдлын дагуу Төв аймгийн цагдаагийн газраас бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6-д заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ онд нийт 11 аймагт шонхор барих зөвшөөрөл олгогдсоны нэг нь Төв аймагт үйл ажиллагаа явуулж буй гадаад улсын иргэдийнх байна. Үүнтэй холбоотой иргэнээс хууль бусаар отог байгуулсан, шонхор барьсан гэх асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Аль аль талын гомдлыг цагдаагийн байгууллага бүртгэлд аваад шалгаж байна" гэв. 

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.