Ш.Түвшинжаргал: Монголоос бусад оронд газын системийг хэрэглэснээр эдийн засгийн хэмнэлт болж байна

1 цаг 9 минутын өмнө

Ш.Түвшинжаргал: Монголоос бусад оронд газын системийг хэрэглэснээр эдийн засгийн хэмнэлт болж байна

Манай улсад сүүлийн хэдэн сар дамнан үргэлжилж буй шатахууны хомсдолын нөлөөгөөр иргэд автомашиндаа газын системийг хослуулан суурилуулах болжээ. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлээд байгаа Хос Газ ХХК-ийн үүсгэн байгуулагч, аялагч Ш.Түвшинжаргалтай ярилцлаа.


-Монголд бензин хөдөлгүүртэй автомашинд газын системийг нэмэлт байдлаар суурилуулж эхлээд хэдэн жил болж байна?

-Манай “Хос Газ” ХХК 2019 оноос эхлэн өөрсдөө судалж, төхөөрөмж суурилуулалтыг суралцсаны үндсэнд Италийн “BRC gas equipment” компанийн бүтээгдэхүүнийг албан ёсоор оруулж ирж, бензин хөдөлгүүрт газын системийг хослуулан суурилуулаад долоо дахь жилдээ явж байна. Анхандаа Итали, Туркийн мэргэжилтнүүд урьж авчирч ажиллаж байсан.Одоо өөрсдөө ажиллах хүчээ бэлдсэн. Зөвхөн Монголд биш дэлхий дээр чанарын шаардлага хангасан номер нэг төхөөрөмж юм.

-Газ хослуулах системийг бусад орнууд хэрхэн ашигладаг юм бол. Давуу тал болоод ач холбогдолын талаар хэлж өгөөч?

-Энэ манай улсын хувьд шинээр нэвтэрч суурьшиж буй технологи болохоос биш бусад орнууд, ялангуяа Европийн улсуудад 1970-1980 оноос эхлээд газын систем нэвтэрсэн байдаг. Турк, Польш, Итали улсуудад хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Тэр дундаа Италийн BRC брэндийн төхөөрөмж олон жилийн туршлагаар баталгаажсан хувилбар юм. Газын системийн давуу тал гэвэл газ нь нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй, автомашины хорт утааг 90-ээс дээш хувиар багасгадаг. Тэгэхээр манай Улаанбаатар хотын агаарын бохирдолд болон эдийн засгийн хувьд эерэг нөлөөтэй гэсэн үг. Мөн монголчууддаа газын хэрэглээний давуу талыг ойлгуулж, цаашлаад шатахуун болоод цахилгаан эх үүсвэрүүдийг газтай хослуулах нь экологийн эерэг үр нөлөө ихтэйг таниулан дэлгэрүүлэх зорилготой. Энэ нь яваандаа хэрэглэгчид байр сууцны халаалтаас эхлээд, ахуйн цахилгаан хэрэглээнд газ хэрэглэх бүрэн боломжтой болох юм. Цахилгааны ачааллын үед хөнгөлөлт болж өгнө гэдэг эдийн засгийн маш том сайн тал. Бас яг одоогийн байдлаар манай оронд тулгарч буй бензиний хомсдолын үед хосолмол систем хамгийн том давуу тал болж байна. Монголоос бусад оронд газын системийг хэрэглэснээр эдийн засгийн хэмнэлт болж байна.

-Дизель хөдөлгүүртэй автомашинд газын систем хослуулан суурилуулж болох уу?

-Дизель хөдөлгүүртэй машинд суурилуулах боломжгүй. Учир нь дизель хөдөлгүүр нь СNG буюу байгалийн даралтад хийг ашиглах шаардлага гардаг болохоор, манай улсад хараахан боломжгүй гэсэн үг. Манайд тэр хийн түгээх станц байхгүй гэж болно. Орос болон Италид дизель хөдөлгүүртэй машинуудад тавигддаг. Манайхаас бусад оронд уул уурхайн машинуудад хүртэл тавигдсан. Хамгийн ойрын жишээ бол Хятад улсад уул уурхайн том машин, төхөөрөмжүүд газын системийг бүрэн нэвтрүүлсэн байдаг.

-Анх газын системийг Монголын автомашинуудад тавих санааг яаж олов?

-Би дэлхийн 65 орноор монгол дугаартай машинаараа аялсан аялагч хүн. Цэнхэр машинтайгаа Лондон орж, дараа нь гэр бүлийн автобусаараа Австрали хүртэл аялаад, одоо Аляска болон Өмнөд Америк руу гэр бүлийн хамт аялж явна. 2018 онд Турк улсад аялж явах үедээ, энэ системийг суурилуулдгийг мэдээд, тэндээс өөрийн машинд уг системийг суурилуулаад 30 гаруй орноор аяллаа үргэлжлүүлсэн байдаг. Тийн явахдаа маш их эдийн засгийн хэмнэлт мэдрээд, Монгол эх орондоо нэвтрүүлэх талаар судласан. Гэтэл Евроази даяар ганцхан Монгол Улсад энэ технологи нэвтрээгүй байсан гэх үү дээ.

Яагаад гэвэл Монголчууд газнаас айдаг учраас энэ төрлийн технологи нэвтрэхэд маш удаашралтай байдаг. Гэсэн ч бид нэвтрүүлэхээр шийдээд, Турк улс руу газын систем суурилуулсан үйлдвэртэйгээ холбоо тогтоогоод очиж гэрээ хийгээд авчирч эхлээд суурилуулалтаа хийж эхэлсэн боловч ковидын үе таарч мөн жаахан удааширсан ч өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирлээ. Одоо манай компаниар газын нэмэлт систем суурилуулсан аяллын машинууд дэлхийг тойроод аялж явна.

-Энэ системийг суурилуулах нь моторт ямар нэг байдлаар нөлөөлөх үү?

-Бензин хөдөлгүүрт газын системийг хослуулан суулгахад моторт ямар ч нөлөө үзүүлэхгүй. Энэхүү систем суулгасан машин эхлээд бензинээр асаад, тодорхой хэмд халсны дараа газын систем автоматаар ажиллаж эхэлдэг. Явж байгаад газ дуусвал автоматаар бензин рүүгээ шилждэг 100 хувь автомат төхөөрөмж юм. Манай суурилуулж байгаа газын төхөөрөмж нь бүх тоноглолын хамт Итали улсаас захиалгаар орж ирдэг. Маш нарийн угсралт тохиргоо шаарддаг. Автоматаар шилждэг хэдий ч өндөр хурд авах шаардлагатай уралдаан тэмцээний үед газ ажиллаж байгаа үед нэмэлтээр бензин нэмэгдүүлэх тохиргоо хүртэл хийж болдог.

-Үнэ ханшийн мэдээлэл өгнө үү?

-Энэ бүтээгдэхүүн маань 100 хувь найдвартай гэдэг утгаараа үнэ ханш тогтоогдсон байдаг. Манай дээр дөрвөн цилиндртэй хөдөлгүүртэй машинд 5 сая, зургаан цилиндртэй машинуудад 6 сая, найман цилиндртэй 570, тундра V8 хөдөлгүүртэй 200 гэх мэт машинуудад 7 сая төгрөгөөр суурилуулж байна. ОХУ-д даруй 20-30 хувийн нэмүү үнээр суулгадаг. Мөн баллоныг гадна болон дотор суурилуулахаас шалтгаалж үнийн ялгаа гардаг. Баллоныг машины гадна доод хэсэгт суурилууах нь илүү ажиллагаа их ордог учраас ажлын хөлс арай илүү гардаг.

 

-Анхнаасаа газан хөдөлгүүртэй машинууд хэр байдаг вэ?

-Солонгосоос орж ирдэг хэд хэдэн нэр төрлийн машин байдаг боловч Монголчууд төдийлөн сонгодоггүй.

-Бүх машинд суурилуулах уу. Цахилгаан машинд тавих боломжтой болов уу?

-Дизель хөдөлгүүрээс бусад машинд бүгдэд нь тавих боломжтой. Бас давуу тал нь хүссэн машинаа унах боломж байгаа гэсэн үг. Харин цахилгаан машинд огт тавих боломжгүй яагаад гэвэл дотоод шаталтат хөдөлгүүр байхгүй.

-Монголд хамгийн олон байдаг приус машинаар жишээ авбал, хэр үр дүнтэй вэ?

-Шатахууны зардал 100км тутамд өндөр хэрэглээтэй болон АИ95, 98-аас дээш үзүүлэлттэй шатахууны шаардлагатай машинуудад эдийн засгийн хувьд ашгийн үзүүлэлт илт мэдэгдэнэ. Шударгаар хэлэхэд, приус машин бол өөрөө шатахуун зарцуулалт бага болохоор суурилуулалтын зардлаа нөхөх хугацаа нь урт гардаг. Тиймээс эдийн засгийн хэмнэлт шууд мэдрэгдэхгүй гэсэн үг. Манай улсын хувьд бензин болоод газын үнийн зөрүү багатай учраас ашигт үйлийн коэффицент талаас тун бага зөрүү үүснэ.

-Танай төхөөрөмжийн баталгаат хугацаа болон энэ системийг суурилуулдаг ижил төрлийн үйлчилгээ явуулдаг газруудаас ялгарах онцлог бий юу?

-Баталгааны хувьд Италийн үйлдвэрийн нэг жилийн баталгаатай төхөөрөмж. Манай компанийн суурилуулалтын захиалга 11 сар хүртэл дүүрсэн байдалтай байна. Иргэдийг энэ эрэлттэй цагийг далимдуулан, янз бүрийн баталгаагүй газраар суулгуулж цаг хугацаа эдийн засгаар хохирох вий гэж анхааруулах хэрэгтэй байх. Манай улсад энэ талын мэргэжилтэн бол байхгүй гэж хэлж болно. Манай Улсаас гарахад газын хэрэглээ элбэг, үнэ ханш боломжийн болохоор аяллын машинууд их суурилуулдаг.

-Нэгэнт дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн бол Япон улс яагаад газын хөдөлгүүртэй машин үйлдвэрлэдэггүй юм бол?

-Тухайн улс орны газын нөөц бололцооноос болдог байх. Манай улсын хувьд Тоёота брэнд оруулж ирдэг болон бусад компаниуд хамтран ажиллаж болох болов уу гэж бодож байна.

 

Б.ДАРИЙМ



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.