SCMP: Газрын тосны хайгуулын талбайд болсон үйл явдалтай холбоотойгоор Монголын тал Хятадаас уучлал хүсжээ

7 минутын өмнө

SCMP: Газрын тосны хайгуулын талбайд болсон үйл явдалтай холбоотойгоор Монголын тал Хятадаас уучлал хүсжээ

Хонконгийн South China Morning Post сонин Монгол Улсад газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай компанийн ажилчдын байрласан талбайд иргэд очиж, маргаан үүсгэсэнтэй холбоотой асуудлыг мэдээлжээ.

Тус сонины наймдугаар сарын 19-нд нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар, наймдугаар сарын 14-нд Монголын иргэд Хэрлэн тохой XXVIII газрын тосны хайгуулын талбайд очиж, “Mongolia Foison Energy” компанийн хайгуулын ажлыг зогсоохыг шаардсан байна.

Үйл явдлын үеэр авсан гэх дүрс бичлэг цахим орчинд тархсан бөгөөд уг бичлэгт хоёр эмэгтэй Хятадын ажилчдын эд зүйлсийг гадагш гарган шидэж буй дүр зураг харагдсан талаар SCMP мэдээлжээ. Уг хэрэгтэй холбоотойгоор Монголын хоёр иргэнийг саатуулсан талаар мөн дурдсан байна.

БНХАУ-н тал Монгол Улсад шаардлага тавьжээ

SCMP-ийн мэдээлснээр, Хятадын ЭСЯ-ны түр хамаарагч Цао Ли наймдугаар сарын 18-нд Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвтэй уулзаж, уг үйл явдалд “ноцтой санаа зовниж” байгаагаа илэрхийлжээ.

Хятадын тал Монголын талд Хятадын компаниудын хууль ёсны эрх ашиг, Хятад ажилчдын амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах тодорхой арга хэмжээ авч, ижил төрлийн үйл явдал дахин гаргахгүй байхыг шаардсан байна.

Харин SCMP-ийн мэдээлснээр, Б.Дашпүрэв болсон үйл явдалд уучлал хүсэж, Монгол Улс Хятадын компаниудын хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох явдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Мөн уг үйлдэл нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буйг хэлээд, цагдаагийн байгууллагаас шалгалт явуулж, холбогдох хүмүүсийг саатуулсан талаар мэдээлсэн гэж Хятадын ЭСЯ мэдэгджээ.

“Хятадын компани зөвшөөрөлгүй ажилласан” гэх асуудал

Энэ үйл явдалтай холбоотойгоор олон нийтийн сүлжээнд газрын тосны хайгуулын ажил хууль ёсны эсэх талаар маргаан гарсан.

Харин Монголын албан мэдээллээс үзэхэд “Mongolia Foison Energy” ХХК нь Хэрлэнтохой XXVIII талбайд газрын тосны хайгуул хийх бүтээгдэхүүн хуваах гэрээг Монголын Засгийн газраас олгосон эрхийн хүрээнд байгуулсан байна.

Тодруулбал, 2024 оны арваннэгдүгээр сарын 21-нд тус талбайд “Mongolia Foison Energy” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан бөгөөд хайгуулын найман жилийн хугацаанд нийт 49.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн талаар Монголын тал мэдээлж байжээ.

Иймээс SCMP-ийн мэдээлэлд гарч буй гол асуудал нь тухайн компанийн хайгуулын эрхийн асуудлаас илүүтэй хайгуулын талбайд болсон маргаан, ажилчдын аюулгүй байдал болон Хятадын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагаанд иргэд хөндлөнгөөс оролцсон гэх асуудал болж байна.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Лидергүй АН 55 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.