“Хаан банк”-ны 35 жилийн ойн урамшуулал болон арилжааны банкуудын судалгаанд хамруулах зэргээр иргэдийг залилдаг бүлэг этгээдийг илрүүлэн баривчилжээ

53 минутын өмнө

“Хаан банк”-ны 35 жилийн ойн урамшуулал болон арилжааны банкуудын судалгаанд хамруулах зэргээр иргэдийг залилдаг бүлэг этгээдийг илрүүлэн баривчилжээ

Цагдаагийн байгууллагаас “Хаан банк”- ны 35 жилийн ойн урамшуулал болон арилжааны банкуудын судалгаанд хамруулах зэрэг иргэдийн анхаарлыг татахуйц агуулга бүхий хуурамч зар мэдээллийг цахим орчинд байршуулж, хортой фишинг сайтыг зохион бүтээн, хандалт өгсөн иргэдийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг хуулбарлан авч, хууль бусаар нэвтэрч, данснаас мөнгөн хөрөнгө хулгайлан авдаг байсан гадаад улсын 1, Монгол Улсын 4 иргэнийг илрүүлэн баривчиллаа.

Тухайн этгээдүүд нь гадаад улсад цахим орчинд гэмт хэрэг үйлддэг гэмт бүлэглэлийн санхүүжилт, холбоо хамаарлыг ашиглан Монгол Улсын иргэдтэй гадаад улсад аялах, суралцах явцад нь урт хугацаанд харилцаа тогтоож, бэлэн мөнгө, эд зүйлээр урамшуулах, амлалт өгөх замаар энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхэд татан оролцуулдаг байсныг тогтоогоод байна. Мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтад явуулж, прокурорын зөвшөөрлөөр хэргийн холбогдогчдын байрлаж байсан орон байр, биед нэгжлэг хийхэд Монгол Улсын иргэдийн интернет банк руу хууль бусаар халдсан, халдахаар бэлтгэж байсан үйлдэлтэй холбоотой цахим болон биет нотлох баримтуудыг илрүүлэн, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэн авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон.

Цаашид мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нотлох баримтыг үндэслэн хэргийн холбогдогч нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах”,

17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналтайгаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сүүлийн үед иргэдийн интернет банкны нэвтрэх эрх, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код зэрэг мэдээллийг хуурамч веб хуудас, мессеж, цахим шуудан болон сошиал хаягаар дамжуулан олж авахыг завдсан фишинг халдлага нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалж, сэжигтэй холбоосоор нэвтэрч интернет банкны мэдээлэл, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодоо оруулсан бол нэн даруй банктай холбогдон данс, картыг түр хаалгах, нууц үгээ сольж, цагдаагийн байгууллагад мэдээлнэ үү.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.