2111-р сар, 2026Бямба гараг

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

8 сар 28. 11:056 мин унших

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Шүүгдэгч А.Ж-нь .... аймгийн ....сумын засаг даргын 2010 оны аравдугаар сарын 1-ний өдрийн 50 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ж.А-г долоон сар, 19 хоногтой байхад өөрийн эцэг, 76 настай М.А, эх болох 75 настай, Х.К нарт үрчлүүлжээ.

Улмаар....шүүгдэгч Ж.А-ийн долоон сартай нялх хүүхдийг залуу эцэг, эх нь байсаар байхад өндөр настай эцэг эхэд нь үрчлүүлэх шийдвэрийг гаргасан сумын Засаг дарга нь өөрийн урьд гаргасан шийдвэрийг Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан “Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ” гэх заалтыг зөрчиж, хууль бус үрчлэлт явагдсан байна гэх үндэслэлээр 2011 оны тавдугаар сарын 6-нд хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Ж-ийн долоон сартай хүүхдийг үрчилж авсан түүний эцэг, 76 настай М.А-нь ач хүүгээ үрчилж авснаас хойш хоёр сарын дараа 2010 оны арванхоёрдугаар сарын 29-нд өвчнөөр эмнэлэгт нас барсан, эх Х.К-нь ач хүүгээ үрчлэн авснаас хойш хоёр жилийн дараа гэртээ нас барсан байна. 

 

Гэтэл шүүгдэгч А.Ж-нь өөрийнх нь нялх хүүхдийг үрчлэн авсан гэх 76 настай төрсөн эцэг М.А, 75 настай төрсөн эх Х.К нарыг нас барснаас хойш гурав орчим жилийн дараа, мөн А.Ж-ийн хүүхдийн үрчлэлтийг хүүхдийн эрх ашгийн төлөө явагдаагүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр сумын Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон гэдгийг мэдэж байсан атлаа өөрийн хүү А-г бүтэн өнчин болсон гэж өөрийгөө төрсөн хүүгийнхээ төрсөн ах мэтээр ..... аймгийн .....сумын Засаг даргад холбогдох материалыг бүрдүүлэн өгч, улмаар тус сумын Засаг дарга А.А-ийн 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр А/93 дугаартай “Асран хамгаалагч тогтоох тухай” захирамжаар төрсөн хүү А-гийн асран хамгаалагчаар тогтоолгож, 2017 оны нэгдүгээр сараас 2024 оны гуравдугаар сарыг дуустал хугацаанд Хаан банкинд байрших өөрийн эзэмшлийн .....тоот дансаар нийгмийн халамжийн сангаас 32 сая төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан болох нь тогтоогдсон байна.  

 

Шүүгдэгч А.Ж-нь хувийн байдлын хувьд дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ...сумын сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажилладаг, хувьдаа тус аймгийн .....суманд байрлах ....кв, талбай бүхий, хоёр давхар худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй, сумандаа хүнсний дэлгүүр ажиллуулж, орлого олдог байна.

 

Мөн төрд ажиллаж цалин авдаг, тогтмол цалин, хөлс, дэлгүүрийн орлоготой, мал хөрөнгөтэй, боломжийн амьдралтай болох нь хэрэгт тогтоогдсон бөгөөд шүүхээс шүүгдэгч А.Ж-г анхнаасаа нийгмийн халамжийн тэтгэврийг хууль бусаар авч, амар хялбар аргаар мөнгөтэй болох шунахайн сэдэлтээр өөрийн долоон сартай хүү А-г өндөр настай, өвчний улмаас насан эцэслэх нь илэрхий байсан эцэг М.А, нялх хүүхдийн асаргааг гардан гүйцэтгэх, асран хамгаалах, хүүхдийг хүмүүжүүлэх зохих боломжгүй эмэг эх Х.К нарт үрчлүүлж, хүүхдийг нь үрчлэн авагч эцэг эхийгээ нас барсны дараа, үрчлэлтийг хүчингүй болгосныг мэдэж байсан атлаа хүү А-гийн нэрээр тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан нь Нийгмийн халамж, үйлчилгээг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзжээ. Учир нь шүүгдэгч А.Ж-ийн төрсөн хүү А-г өвөг эцэг М.А, эмэг эх Х.К нар үрчлэн авсан гэх боловч бодит амьдрал дээр А-г долоон сар, 19 хоногтойдоо өвөө, эмээдээ үрчлүүлснээс тэдгээрийг нас барах хүртэл хугацаанд хүүг үрчлэн авсан гэх өндөр настай М.А, Х.К нар нь ач хүү А-г гэр бүлдээ авч, тусдаа амьдарч асран хамгаалж, харгалзан дэмжиж, тэжээн тэтгэж байгаагүй байна.

 

Шүүгдэгч А.Ж-гийн төрсөн хүү А-нь өвөг эцэг М.А, эмэг эх Х.К нарыг нас барснаар бүтэн өнчин болоогүй, тэжээгчээ алдаагүй буюу түүнийг төрүүлсэн залуу эцэг, эх нь амьд сэрүүн байгаа төдийгүй, шүүгдэгч А.Ж, түүний эхнэр М нар нь хүүгээ өндөр настай эцэг, эхдээ үрчлүүлснээс үл хамааран А-г төрсөн цагаас нь эхлэн өдийг хүртэл төрсөн эцэг, эхийн хувиар асран хамгаалах, тэжээн тэтгэх хуульд заасан үүргээ биелүүлж, хүү А-гийн хамт нэг гэр бүлд амьдарч, хүүгийнхээ амьдралын наад захын хэрэгцээ шаардлагыг хангасаар байгаа нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч А.Ж нь эцэг эхдээ үрчлүүлсэн гэх хүү А-гийн төрсөн ах нь биш, төрсөн эцэг нь бөгөөд А.Ж-ийн хүү А-нь Нийгмийн халамжийн тухай хуульд заасан гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, асран хамгаалах, харгалзан дэмжих, тэжээн тэтгэх хүнгүй, бүтэн өнчин, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй авах шаардлагатай, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд биш болох нь тогтоогдсон зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн шүүхээс шүүгдэгч А.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жил хорих ялаар шийтгэв. Мөн шүүгдэгч А.Ж-гийн төрөөс хууль бусаар авсан тэжээгчээ алдсаны тэтгэмж 32.701.063 төгрөгийг түүнээс гаргуулж, нийгмийн халамжийн тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дээрх хэргийн кейстэй холбогдуулан Өмгөөллийн “Итгэлт Заргач” ХХН-ийн өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэлээс хууль зүйн хүрээнд тодруулга мэдээлэл авлаа.

 

-Энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

 

-“Нийгмийн халамж гэж “Эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй өвөрмөц хэрэгцээ бүхий иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас олгож буй тэтгэвэр, тэтгэмж тусгайлсан үйлчилгээ”-г ойлгодог.

 

Энэ гэмт хэрэг нь анх тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авахгүйг мэдсээр байж холбогдох материалыг бүрдүүлэн өгч, тэтгэмжийг авсан үеэс гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзэх ба дээрх кейс нь гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтэй нийгмийн халамжийг авах зорилготойгоор үйлдэгдсэн, их хэмжээний буюу 50 сая төгрөг төгрөгт хүрээгүй нь Эрүүгийн хуулийн 18.12.1-т заасан гэмт хэргийн объектыв, субьектив шинжийг хангаж байгаа тул хэргийг өөрөөр шийдвэрлэх боломжгүй. Харин шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулах бөгөөд тухайн шүүгдэгчийн холбогдсон хэргийн хувьд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ялаар шийтгэх буюу сонгох санкци хэрэглэх боломжтой байсан.

 

-Дээрх хэргийн кейстэй төстэй тохиолдол хэр их гардаг вэ?

 

-Эрүүгийн хуулийн 18 дугаар бүлэг нь Эдийн засгийн гэмт хэрэгт хамаарах ба хуурамч баримт бичиг ашиглаж тэтгэмж үйлчилгээ авахтай холбоотой эдийн засгийн эсрэг гэмт хэрэг нь 2024 онд 522, 2025 онд 493 удаа Нийслэлийн статистикийн газарт бүртгэгдсэн. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн нийгмийн халамж авч байсан иргэд нийгмийн халамжийг зогсоох тохиолдол (Насанд хүрсэн, нас барсан, давхардуулан олгохгүй байх)-г бий болсныг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр нийгмийн халамжийг ашигласны улмаас энэхүү гэмт хэрэгт холбогдох, эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол их байдаг.

 

-Энэ төрлийн гэмт хэргүүд ихэвчлэн шунахайн сэдлээр үйлдэгддэг үү?

 

-Энэ төрлийн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтэй нийгмийн халамж үйлчилгээ авах гэсэн зорилготойгоор үйлдэгддэг. Тодруулбал, нийгмийн халамж үйлчилгээ авахгүй гэдгийг мэдсээр байж эсхүл тэтгэмжийг авдаг байсан иргэн нь тэтгэмжийг зогсоох тохиолдол (Насанд хүрсэн, нас барсан, давхардуулан олгохгүй байх)-г бий болсныг мэдсэн хэр нь зохих эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй, нуун дарагдуулж халамжийг хувьдаа авч ашигласан нь шунахайн сэдэлтэй нийгмийн халамж үйлчилгээ авах гэсэн зорилготой гэх Эрүүгийн хуулийн 18.12.1-т заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангадаг. Тиймээс нийгмийн халамж үйлчилгээг олгохгүй байх эсхүл түүнийг зогсоох тохиолдол бий болсон эсэхийг тухай бүр тодруулж боломжит хугацаанд, боломжит арга хэрэгслээр зохих эрх бүхий байгууллагад мэдэгдэж, халамж үйлчилгээг ашиглахгүй буцаах нь энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх нөхцөлийг бий болгоно. 

 

 

Ч.БЯМБАХАЖИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.