Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржийн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял оноов

1 цаг 24 минутын өмнө

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох “Хахууль авсан” гэх хэргийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэжээ.

“Бако констракшн” ХХК нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 15 ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг нэг тэрбум 356 сая төгрөгөөр барихаар болж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан аж. А.Ишдорж нь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус компанийн захирал Т.Баатарсүрэнгээс эхнэрийнхээ төрсөн дүү н.Отгонбаатарын Хаан банкны дансаар дамжуулан 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна.

Дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4.3-т заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан хахууль авсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татсан бол Т.Баатарсүрэнд мөн хуулийн 22.5.1 дэх хэсгийн “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлджээ.

Тэгвэл А.Ишдоржийг “Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан хахууль авсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгэлээ.

Харин Т.Баатарсүрэнг хахууль өгсөн гэм буруутайд тооцон, нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасаж, хоёр жил хорих ял оноосон байна.

Ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх аж.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.