Иргэдийг автомашинаар нь далимдуулан ингэж шулж байна

1 цаг 12 минутын өмнө

Иргэдийг автомашинаар нь далимдуулан ингэж шулж байна

Монголд автомашин унах нь тансаг хэрэглээ биш, өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэгцээ болоод удаж байна. Ажилдаа явах, хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэх, эмнэлэгт үзүүлэх, хөдөө орон нутагт зорчих гээд автомашингүйгээр амьдралаа зохицуулахад бэрх. Гэтэл төр иргэдийн энэ хэрэгцээг татвар, төлбөр, хураамжаар дамжуулан жилээс жилд улам их мөнгө төлүүлдэг тогтолцоо бий болгожээ.

Жишээ нь, иргэн гадаадаас хуучин Prius оруулж ирэхэд машины үнээс гадна гаалийн албан татвар, НӨАТ, онцгой албан татвар зэрэг хэд хэдэн төрлийн төлбөр төлнө. Монголд орж ирээд автомашины албан татвар, авто зам ашигласны төлбөр, даатгал, техникийн үзлэг, бүртгэл зэрэг зардал нэмэгдэнэ. Үүгээр дуусахгүй. Машинтай хүн өдөр бүр шатахуун худалдаж авахдаа шатахууны үнэд шингэсэн татвар төлж байна. Өөрөөр хэлбэл, иргэн автомашинаа худалдаж авахдаа нэг удаа, эзэмшихдээ жил бүр, ашиглах бүрдээ дахин дахин төрд мөнгө төлдөг гэсэн үг. Хамгийн хачирхалтай нь иргэн ийм олон төлбөр төлөөд байхад замын чанар, түгжрэл, зогсоол, нийтийн тээврийн хүртээмжийн асуудал нь шийдэгдсэнгүй. Иргэнээс мөнгө авах механизм нь сайн ажилладаг атлаа тэр мөнгөөрөө иргэдэд үзүүлэх үйлчилгээ нь хангалтгүй хэвээр.

30 САЯ ТӨГРӨГИЙН АВТОМАШИН ИМПОРТООР ОРУУЛЖ ИРЖ ӨМЧИЛСНИЙХӨӨ ТӨЛӨӨ ТӨРД 13 САЯ ТӨГРӨГ ТӨЛНӨ

Бүр илүү энгийн жишээгээр тайлбарлая. Иргэн Б жолооны курс төгсөөд анхны автомашинаа авахаар гадаадаас захилаа. Тэр нь приус-30. 2016 онд үйлдвэрлэгдсэн энэхүү автомашиныг тэрээр 30 сая төгрөгөөр худалдаж авлаа гэж бодъё. Ингээд Монголд оруулж ирэхэд хамгийн түрүүнд гаалийн татвар төлнө. Тэр нь моторын хэмжээнээсээ шалтгаалаад өөр өөр байх ч приус-30-ын хувьд 1.5 сая төгрөг төлөгдөнө. Дараа нь онцгой албан татвар төлөх ёстой. Тэр нь моторын хэмжээ, насжилтаас хамаараад мөн өөр. Үүнд 5.9 сая төгрөг төлнө. Дараа нь НӨАТ төлөх ёстой. Тэр нь импортын татварын суурийн дагуу ойролцоогоор 3.8 сая төгрөг болдог байна. Өөрөөр хэлбэл, иргэн Б 30 сая төгрөгийн приусыг хилээр оруулж ирэхэд ойролцоогоор 11.2 сая төгрөгийн татвар гарч, машины өөрийн үнэ татвартайгаа нийлээд 41.2 сая төгрөг орчим болно.

Өөрөөр хэлбэл, иргэн Б нэг автомашин оруулж ирснийхээ төлөө 11.2 сая төгрөгийг төрд татвар, хураамж хэлбэрээр өгч байгаа дүн гэсэн үг. Ингээд оруулж ир с э н а в т о машин а а иргэн Б шууд уначихгүй. Одоо түүнд бичиг баримт, дугаар хэрэгтэй. Эхний ээлжинд улсын дугаар авна. Өмнө нь хоёр мянган төгрөгийн шимтгэл төлөөд авчихдаг байсан улсын дугаар одоо 800.000- 1.5 сая төгрөг болтол өссөн. Дараа нь гэрчилгээгээ авна. Гаальтай машины анхны гэрчилгээний төлбөр 14.700 төгрөг , тээврийн хэрэгсэл өмчилж авсан бүртгэлийн гурван мянган төгрөг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгүүлж, 22-55 мянган төгрөг төлнө. Ингээд албан ёсоор иргэн Б өөрийн мөнгөөрөө авсан приус- 30 автомашиныхаа бичиг баримтыг яг таг болгочих хүртэлх төрд өгсөн мөнгөн дүн нь 12.7-13 сая төгрөг болж байна.

300-400 ХУВИАР ӨСДӨГ ЖИЛ БҮРИЙН ТАТВАР, НЭМЭЭД ТОРГУУЛЬ

"Бадарчин баярлах болоогүй" гэдэг шиг дахиад төрд мөнгө өгөхгүй, татвар төлөхгүй гэж бодож байвал эндүүрэл болно. Иргэн Б "приус-30" машинаа унасан эсэхээс үл хамаараад жил бүр авто тээврийн хэрэгслийн татвар буюу машин эзэмшсэний жилийн албан татвар төлнө. Энэ татвар приус-30- ын жишээн дээр өнгөрсөн 2024 онд 43.128 төгрөг байсан бол 2025 оноос эхлээд гурав дахин буюу 300 хувиар нэмэгдчихсэн. Ингээд тооцохоор жил бүр иргэн Б 129.384 төгрөгийн татвар төлнө. Үүн дээр нэмээд агаарын бохирдлын төлбөр 3600 төгрөг төлнө. Энэ төлбөр мөн адил 2025 оноос хоёр дахин нэмэгдсэн байна. Дахиад автозам ашигласны төлбөр төлнө. Энэ төлбөр 2023 онд "приус- 30"-ын жишээн дээр 14.616 төгрөг байсан бол 2024 онд 20.000 төгрөг болж нэмэгдсэн. Улмаар 2025 онд тав дахин буюу 400 хувиар энэ төлбөрийг нэмэгдүүлж, 2026 оны байдлаар 100.000 төгрөгийн төлбөр төлж байна. Үүн дээр нэмээд жил бүр автомашинаа оношилгоонд оруулах ёстой. Тээврийн хэрэгслийн үзлэгийн нэг удаагийн төлбөр 22 мянган төгрөг. Мөн жил бүр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаа төлнө. Тэр нь 22-55 мянган төгрөг. Ингээд тооцоод үзэхээр иргэн Б жил бүр "приус-30" машин ашигласан эсэхээс үл хамаараад 300 орчим мянган төгрөгийн татвар төлдөг гэсэн үг. Мөн орон нутгийн зам ашигласны төлбөрийг өнгөрсөн сараас тав дахин нэмчихсэн. Энэ бүхэн манай төрд хангалтгүй санагдаж, ард түмнээ шулах, иргэдийнхээ халаасыг улам тонох шинэ төрлийн төлбөрийн системүүдээ амжилттай нэвтрүүлсээр байна. Түүний нэг нь хиймэл оюунаар дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцож, торгох явдал юм. Дүрэм зөрчсөн жолоочийг торгох нь олон улсад энгийн түгээмэл байдаг хариуцлагын тогтолцоо. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг чанд сахиулах, хэв журам тогтоох, хотын соёлд сургах, эмх цэгцтэй, хамгийн чухал нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөн оролцуулах зорилгоор дүрэм зөрчсөн жолоочийг өндөр дүнгээр торгодог. Харамсалтай нь энэ тогтолцоо манайд эсрэгээрээ үйлчилж эхэлсэн гэдгийг жолооч бүхэн бухимдан шүүмжилдэг. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, хүн биш хиймэл оюунаар торгох нь олон улсын жишигт нийцсэн стандарт мөн. Гэхдээ манайд тэр стандартыг хангасан автозам, уулзвар, гэрлэн дохио, замын тэмдэг, тэмдэглэгээ бий бил үү. Хоёрдугаарт, автозамын засвар, уулзвар, эгнээнүүдийн тодорхойгүй байдал, замын саад , засвараас үүдэж жолоочид дүрмийн бус үйлдэл хийхэд хүргэдэг. Үүнийг хиймэл оюун логиктой, бодит тооцоолол хийж, торгодог уу гэдэг нь эргэлзээтэй. Гуравдугаарт, суурь өөрчлөлт, шинэчлэлээ хийгээгүй байж технологийн хөгжлийг ашиглаж, иргэд, жолооч нараа толгой дараалуулан торгох нь төрийн зөв бодлого мөн үү. Дөрөвдүгээрт, торгуулийн дүн хэмжээ жишээ нь, 10 мянган төгрөгөөр торгох нь тухайн дүрэм зөрчсөн жолоочид үүргээ ухамсарлах сэтгэл зүйн зөв хандлагыг төрүүлэх үү. Бидний жишээ аваад буй иргэн Б Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох бүрдээ бүсээ зүүж, эгнээ байрлалаа зөв эзэлж явдаг. Өөрөөр хэлбэл, дүрмээрээ явдаг сайн жолооч. Харамсалтай нь уулзвар, эгнээ байрын тодорхойгүй тэмдэглэл, өдөр бүр өөрчлөгддөг урсгал, чиглэл, уулзварууд, ажиллагаагүй гэрлэн дохионоос болоод хиймэл оюун шүүж, торгодог камерт өртөн торгуулсаар байна. Монгол Улсад 2025 оны байдлаар 1.652.020 бүртгэлтэй жолооч байдаг гэсэн статистик тоон мэдээлэл бий. Тэгвэл нэг жолооч дунджаар 50-100 мянган төгрөгийн торгуультай гэж тооцвол 82-165 тэрбум төгрөгийн авлага төрд байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр 2025 оны зам, тээврийн салбарын албан ёсны статистикт 1.4 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй гэж мэдээлсэн байна. Үүнээс хөдөлгүүрийн багтаамжаар 1501–2500 см³ буюу приус шиг суудлын автомашин 2025 оны эцэст Монгол Улсад 1.2 сая бүртгэлтэй аж. Тэгвэл 1.2 сая автомашинаас жил бүр 300.000 төгрөгийн татвар авдаг гэж тооцвол төрд 360 тэрбум төгрөг төвлөрдөг байх нь.

Төр автомашинтай иргэнийг “татвар төлөгч” гэж харахаас гадна төлсөн татвар, төлбөрийнхөө үр шимийг хүртэх ёстой иргэн гэдгийг санах цаг болсон. Иргэдийг автомашинаар нь далимдуулж, нэг машинаас олон нэрийн татвар, төлбөр хураадаг тогтолцоо цаашид хэр зохистой вэ. Автомашин бол иргэдийн амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон өнөө үед төр иргэнээс хэдийг авч болох вэ гэдгээс илүү иргэнд юу өгч байна вэ гэдгээ ярих ёстой. Татвар төлөх нь иргэний үүрэг. Харин төлсөн татварынхаа цаана чанартай зам, аюулгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээ нэхэх нь иргэний эрх юм.

 

Э.МӨНХТҮВШИН



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.