Сошиал буллид сайн юм бас байна

1 цаг 5 минутын өмнө

Сошиал буллид сайн юм бас байна

Үнэндээ сайн юм биш. Сошиалд буллидүүлэх нь сэтгэл зүйн террор. Хүний нийгэмд баймгүй гадуурхалт, доромжлол, хүнийг амиа хорлоход ч хүргэж буй үйл явц. Хүний нийгэм дэх цоо шинэ үзэгдэл, үйл явц.

Цахим орчин нийтийн хэрэглээ болсон энэ цаг үед сошиал орчинд буллидүүлж байгаа хүн жинхэнэ стресс. Стресс ч биш, депресс юм даа. Олон улсад үүний тод жишээ болсон орон бол монголчуудад хамгийн ойр БНСУ. Солонгосоос бид харж байгаа, кино соёл нь ч бидэнд нэвт нөлөөлж буй. Тэр орны нийгэмд сошиалд буллидүүлсэн иргэний эцсийн цэг нь амиа хорлолт байж магад. Ийм киног нь өдөр бүр бид харсаар байна.

Өнөөдөр манайд ч ялгаагүй болсон. Хамгийн эмзэг нь өсвөр насныхны сургуулийн орчин. Тэнд янз бүрийн группүүд бий болж, нэгнээ олноор боорлон гүтгэн доромжилж, элдэв бичлэг сошиалд түгээн, тэр хэрээр цаад хүүхэд нь сэтгэл зүйн хүнд дарамтад орж байна. Энэ нь сургууль, анги танхим, гэр бүлийн хүрээнд ноцтой асуудал үүсгэх болов. Тухайн гэр бүлийн хувьд сошиал орчин дахь үр хүүхдийнх нь оролцоо бөөн стресс нерв болж, өдөр ирэх тусам хүндэрсээр байгаа нь харамсалтай. Энэ талаар их олон кейс дурдаж, эмгэнэлт үйл явдлуудыг бичиж болно. Үүний эсрэг ямар арга хэмжээ авч байгаа, үр дүн байгаа эсэх, цаашид яах ёстой талаар ч бичиж болно. Гэвч нийтээр нэгэнт сэрэмжилж, ер нь сошиал орчин, сошиалд булли гэдэг чинь анхаарах ёстой асуудал болчихлоо гэсэн ухамсар нийгмийн сэтгэл зүйд сууж байгаа учраас түр азная.

Харин... харин муу зүйл бүхэнд сайн тал заавал байдаг гэдгийг бодож үзье. Сошиал буллидэхийн сайн тал бас байна. Хувь иргэн бүрийг хариуцлагатай болгож байна. Бүр гайхамшигтай хянуур, болгоомжтой, маш хариуцлагатай болгож байгааг та бүхэн анзаарч байна уу. Сошиал орчин хувь хүнийг нийгэмд алдах эрхгүй болгож байна. Угтаа сошиал буллид өртөхөөс хамгийн их сэрэмжилдэг болжээ. Энэ бол хээр талын, уужим сэлүүн, тааваар амьдарч ирсэн удмын монголчуудын задгай сэтгэхүйд ХАРИУЦЛАГА авчирч өглөө. Цаг үеэ олсон үйл явц юм. Хариуцлагаас зугтаана гэдэг бол амьдралаас зугтааж буй хэрэг. Амьдралаа авч явж чадахгүй байна гэсэн үг. Үр хүүхдийнхээ өмнө үүрэг хариуцлага үүрдэггүй гэсэн үг. Цааш яривал их юм бий. Ялангуяа монгол эрчүүдийн хувьд нийтлэг. Наад захын жишээ нь: хүүхдийнхээ эцэг эхийн хуралд ээжүүд л дийлэнх нь очиж байгаа биз. Эндээс л харагдана. Эсвэл нэг бүсгүйтэй болж бүтнэ гэж дэр нэгтгэж хүүхэдтэй болчихоод зугтаадаг. Монголд яагаад эцэг нь хаяад явсан, эсвэл хөөгдсөн хүүхдийн тоо, өрх өсөөд байгаа юм. Ерөөсөө л хариуцлага шүү дээ. Өнөөдөр сошиал орчинд сэдэв гологдохгүй болсон. Өчүүхэн жижиг асуудлыг ч том сэдэв болгон, гол дүрд нь хэн нэг хариуцлаггүй этгээд авчирч буллидэж, дүүжилж болно. Энэ нь л өөрөө хувь иргэн бүрээс өндөр ёс суртахуун, соёл, хариуцлага, зөв төлөвшил, зөв төлөвшиж яваа хүн болохоо харуулахыг шаардаж байна. Гудамжинд санамсаргүй хаясан бохь чинь, машиныхаа цонхоор хаясан тамхины иш, хээр хөдөө хэн нэгэнтэй хоёулахнаа авахуулсан зураг, бичлэг таны нэг насны бүтээсэн амьдралыг сүйрүүлж мэднэ. Тэгэхээр яах ёстой вэ? Амьдралд илүү үйлдэл хийх хэрэггүй. Өнөөдөр технологи гэрлийн хурдаар хөгжиж байна. Таныг алхам тутамдаа хариуцлагатай, соёлтой байхыг шахаж шаардаж байна. Бүр улс орон, төр засгийн хувь заяаны асуудлыг ч сошиал булли дэнсэлж чадаж байна. Ерөнхий сайд О.Оюун-Эрдэнийн хүүгийн найз охинтойгоо нисдэг тэргээр яваа бичлэг, найз охиндоо өгсөн цүнхийг хэн санамсаргүйгээр сошиалд алдав. Тэр нь ямар аймаар буллид өртөв. Эцэст нь төр ганхав, түмэн олон бужигнав. Хамгийн сүүлийн үеийн жишээ Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий хувийн сургуулийн нэр Боловсролын яамны судалгааны бичиг баримтад байсныг хэн гаргаж ирж сошиалд оруулав, хэрхэн буллидэв. Одоо яаж ганхаж байна. Энэ бүхэн эцсийн дүндээ хаа хаанаа хариуцлагатай байх тухай л асуудал дээр очиж байна.

Сошиал булли дэх нэг онцлог бий. Муу мэдээлэл илүү давамгайлдаг. Тэр хэрээр тухайн иргэний ажил амьдрал үхэх сэхэх дээр тулдаг. Үүний эсрэг хийх хувь хүний ганц чадвар нь өөрийгөө л хянах, ёс зүйтэй байх тухай асуудал болжээ.

Улс орны хөгжил дэвшил гэдэг хэдүйгээр том зургаар харж яригддаг ч эцсийн дүндээ хувь айл өрх нэг бүрийн аж байдлаа арчаатайхан авч явахаар хэмжигдэнэ. Өрх баян бол улс баян гэдэг. Өрх доторх хүн нэг бүр арчаатай байх тухай логик. Гэтэл тэр бүхнийг сошиал булли сөнөөчих гээд байна. Сөнөхдөө хүрвэл тэр өрх бүл тэр чигээрээ сөнөнө. Өрх гэрүүд сөнөхдөө тулбал улс орны амьдрал, нийгмийн байгууламжууд нурахад хүрнэ. Шат дарааллаараа бол сошиал булли нь улс орны хувь заяаны асуудал болчихоод байна.

Яг үүн дээрээ хүрсэн үед өөр олон хүчин зүйл гарч ирнэ. Сошиал орчин, буллидэх технологиор дамжуулж улс орны тусгаар тогтнол, улс үндэстний эв нэгдлийн асуудалд сөрөг нөлөөлвөл яах вэ. Өнөөдөр Монгол Улс яг ийм асуудлыг ярьж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд нухацтай хандах боллоо. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр хувь иргэн нэг бүрийн асар өндөр хариуцлагатай байх ухамсар чинь улс орны хувь заяаны асуудал болчихоод байна. Иргэдийн ухамсар улам идэвхжих ёстойг хэлж байна. Нэгэнт сошиал ертөнц, тэр доторх сошиал буллигээс болгоомжилж, өөрийгөө хариуцлагажуулж чадаж гэмээнэ улс орны хувь заяа, хөгжил цэцэглэлтийн суурь нөхцөл болчих аж. Тийм болохоор би сошиал буллид сайн тал бас байна гэдгийг энэхүү хувь хүний ХАРИУЦЛАГА чанаржих хэрээр хэмээн онцолж байна. Иргэн бүр алдах эрхгүй нийгэмд, тийм онцгой цаг үед ажиллаж амьдарч эхэллээ шүү. Алдах л юм бол ард чинь СОШИАЛ БУЛЛИ хэмээх мангас зогсож байна.

Үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байгаа. Сошиал орчин дахь болгоомжлол, сошиал буллид өртөхөөс эмээсэн иргэн нэг бүрийн үүрэг хариуцлага Монгол Улсыг нэлэнхүйд нь хариуцлагатай Монгол болгож, хөгжил дэвшил өөд алхуулах, хөдөлмөрлүүлэх үүрэг хариуцлагын хөшүүрэг болно. Монгол Улсын иргэн бүр оюун санаандаа “Сошиал булли” надтай үргэлж хамт байгаа гэдгийг нэгэнт ойлгосон цагт жинхэнэ хууль ёст нийгэм журам, ёс суртахуунтай ард түмэн болно.

Б.НЯМАА



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.