Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна

1 цаг 22 минутын өмнө


УИХ-ын гишүүн асан, эдийн засагч, судлаач Д.Ганхуягийн нийтлэлийг хүргэж байна.


Ард иргэдийн амьдрал төгрөгийн ханшийн буюу худалдан авах чадварын уналт, инфляци, өндөр зээлийн хүү зэрэг гуравласан дарамтад тэсэхийн аргагүй болж байх шиг байна. 2026 оны Төсөвт тодотгол хийх, 2027 оны Төсвийн тухай багц хуулийг Засгийн газраас (ЗГ) УИХ-д өргөн бариад байгаа билээ. Энэ тодотголын тухайд бол одоо гуравхан сарын дараа 2026 он дуусах тул ач холбогдол өгөх сонирхол алга. Харин 2027 оны Төсвийн тухай багц хуулиа Засгийн газар буцааж татаж аваад өөрчилж оруулж ирсэн нь дээр гэж хэлэх байна. Шалтгаан нь сүүлийн 10 жилийн эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогын хэрэгжилтийн үр дүнг харахаар буруу явж ирсэн нь илт тодорхой харагддаг. Энэ талаар доор тайлбарлана. 2027 оны Төсвийн тухай багц хуулийг хууль санаачлагч нь буцааж татах хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайлбал, 2027 оны Төсвийн тухай багц хууль нь Үндсэн хууль (ҮХ), Төсвийн тогтвортой байдл(ТТБ)-ын, Төсвийн тухай хуульд нийцэмж муутай, зөрчсөн байдалтай байна. Зургаахан сарын өмнө Үндсэн хууль (ҮХ)болон Төсвийн тогтвортой байдл(ТТБ)-ын тухай хуульд заасны дагуу Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдсон хуулийг баталсан билээ.

 

Энэ хууль нь ирэх гурван жил буюу дунд хугацаанд ДНБ-тэй харьцуулахад жил бүрийн эдийн засгийн өсөлт, инфляц,төсвийн орлого, зарлага, ЗГ-ын өр зэрэг нь ямар түвшинд байх вэ зэрэг үзүүлэлтээр ирэх жилийн төсвийн тухай багц хуулийг ЗГ-аас өргөн барихад нь зориулж хязгаарыг нь тогтоож өгдөг хууль юм. Дээрх гурван жил нь уг нь таван жил байсан.Гэтэл улс орны хөгжлийг таван жилээр төсөвлөдөг байснаа богиносгоод гуравхан жил болгож богиносгосон бололтой. Гэтэл сүүлийн 10 жилийн бараг 80 хувьд нь төсвийн тухай багц хуулийг ЗГ-аас УИХ-д өргөн барихдаа зургаахан сарын өмнө баталсан нөгөө Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдсон хуулиа”баллуурдан өөрчилж оруулж ирдэг муу зуршилтай болсон. Ер нь бол ҮХ болон ТТБ-ын тухай хуульд “Монгол Улсын хөгжлийн бодлого,төлөвлөлт тогтвортой байна” гэсэн заалт байдаг. 2027 оны төсвийн хуулиас ганц тоо харахад төсвийн зардлыг 32.2 хувиар нэмэгдүүлэхээр заажээ. Үүнийг тэгээд Монгол Улсын хөгжлийн бодлогын үндсэн хэсэг болох төсвийн бодлого дунд хугацаанд тогтвортой байна гэж үзэх үү? Мөн ТТБ-ын тухай хуулийн “ДНБ-д эзлэх төсвийн нийт урсгал зардлын хэмжээ нь 30%-иас хэтрэхгүй байна”гэсэн заалтын хэрэгжилт нь ямар аргачиллаар тооцохоос хамаарч ээдрээтэй байна. Түүнчлэн 2027 оны төсвийн тухай багц хууль нь Монгол улсын Үндсэн хуул(ҮХ)-ийн 25.7-ийн “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна“, 6.2-ийн “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүйүеийн иргэн бүрд эрүүл, аюулгүйорчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэснийбаялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэсэн заалтанд нийцэхгүй, улмаар Төсвийн тухай хуулийн 4.1.58,5.1.1, 6.2.2, 6.4.2, Төсвийн тогтвортой байдл(ТТБ)-ын тухай хуулийн 4.1.10,5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.5 -ийн заалтуудтай нийц муутай, зөрчсөн байдалтай байна.УИХ бол ард,иргэдийг төлөөлж төрийн эрх барьж буй УИХГишүүдээс бүрддэг төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл УИХ-аас томилогддог ЗГ нь зургаахан сарын өмнө УИХ-аар батлуулсан хуулиа өөрчилж оруулж ирж байгааг юу гэж үзэх вэ? ҮХ-д “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэж заасан байдаг. Тухайлбал ЗГ нь Оюутолгой компаниас 2027 оны төсвийн орлогыг бүрдүүлэхдээ ноогдол ашгаар 3 их наяд ₮-ийг авна гэж мэдэгдсэн. Энэ сайн мэдээ. Гэхдээ стратегийн ордын ийм орлогыг Баялагийн сангаараа дамжуулах, эсхүл төрийн сангийн нэгдсэн дансаараа дамжуулах хуулийн зохицуулалттай бусуу, мөн энэ зарчим нь зөвдөө. Уг нь бол 2015 онд батлагдсан Ирээдүйн өв сангийн хуулиар 2024 оны хагас жилийн байдлаар уг санд 5 тэрбум.ам$ хуримтлагдсан байх тооцоо гарсан байдаг. Гэтэл улсын төсвийн зарлагыг сонгуульд зориулж их хэмжээгээр тэлээд төсвийн цоорхой нөхөөд дуусгасан байх. Мэдээж ковидын үед ч зарцуулсан байх. Гэхдээ энэ сангийн хөрөнгийг зарцуулсан тайланг УИХ сонсож, дүгнэлт гаргаад холбогдох хуулийн орчноо сайжруулаад явах учиртай. Ер нь баялгийн дахин хуваарилалттай холбогдсон шийдвэр тодруулбал төсөв, стратегийн ордоос орох бүх төрлийн татвар хураамжийн орлого, гадны зээлтэй холбогдсон орлого, зарлагын бүх шийдвэрийг гаргах эрх нь зөвхөн УИХ-ын онцгой бүрэн эрхэд хадгалагддаг. Тухайлбал, Баялгийн сангийн орлогын зарцуулалт нь зөвхөн УИХ-аас баталсан хуулийн дагуу явагдах учиртай. Одоо энэ Баялгийн сангийн зарцуулалтаа тодорхой болгож олон нийтийн хэлэлцүүлэг хийх шаардлагатай болжээ. Тэрнээс Баялгийн сангийн эсхүл стратегийн ордоос авах орлогыг ЗГ ч юм уу хэн нэгэн улс төрийн албан тушаалтан мэдээд зарцуулаад байх юм бол завхрана, мөн хууль засаглана гэх үзэл баримтлал хоосон яриа болно. УИХ нь ард түмний төрөө барих эрх мэдлийг хэрэгжүүлэх цорын ганц байгууллага, нөгөө талаас газрын хэвлийн баялаг нь ард түмний мэдэлд, төр хуулиар зохицуулах учиртай. Иймд төр,засаг ялангуяа ЗГ нь ҮХ-ийн хуулийн эдгээр заалтыг хөлбөрлөлтгүй мөрдөх учиртай! Иймд эрх зүйт төр, хуулийн засаглалтай Монгол Улсад Төсвийн тухай хуулиа ҮХ болон бусад хуульд нийцүүлэн өргөн барих нь чухал болов уу?

ТӨСВИЙН ЗАРЛАГЫГ ХЭТ ИХ ТЭЛСЭН СҮҮЛИЙН 10 ЖИЛД МОНГОЛ УЛСАД ЯГ ЮУ БОЛЖ ӨНГӨРСӨН БЭ?

1/.Төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийн үзүүлэлт ( Public Investment Efficiency Gap) нь 2016 онд 54%-тай байсан бол 2025 онд 41% болж даруй 13%-иар буурч, олон улсын хэмжээнд энэ үзүүлэлтээр сүүл мушгиж байна.

2/. Өөр нэг үзүүлэлт нь Government Effectiveness гэх үзүүлэлт Засгийн газрын үйл ажиллагааны үр ашиг.Энэ үзүүлэлт нь товчхондоо "засгийн газар УИХ-ын болон өөрийн гаргасан бодлогуудаа хэр үр дүнтэй хэрэгжүүлж, иргэддээ төрийн үйлчилгээг хэр сайн үзүүлж байгааг" харуулдаг үзүүлэлт. Гэтэл энэ үзүүлэлт 2017 онд 41%-тай байсан бол 2025 онд 34% болж даруй 7%-иар буурчээ. Энэ үзүүлэлтээр 2025 оны байдлаар Япон 96.7%,Өмнөд Солонгос 90.6 %, Хятад 73.6%, Казахстан 57.1 %, Вьетнам ойролцоогоор 56%, Монгол Улс 34 %-тай л байна.

3/.Сүүлийн найман жилд судлаачдын үзсэнээр бол Монгол улсад ХҮРТЭЭМЖГҮЙ буюу ЗГ-ын эдийн засгийн өсөлт үргэлжилж байна гэх. Тодруулбал эдийн засаг өсөөд байна гэж дарга нар ярьдаг. Огцом огцом, хэт их тэлсэн улсын төсвийн зардал зэргийг агуулдаг ДНБ-ээр тооцоход өссөн нь үнэн. Гэвч иргэдийн бодит орлого нэмэгдсэн үү? Амьдралынх нь чанар сайжирсан уу? Иргэдийн худалдан авах чадвар өссөн үү? Монгол айл, өрхүүдийн орлого, зарлагын тэнцвэр ямар байна вэ? Энд 2-3 тоо бичихэд хангалттай байх. Иргэдийн ам$-оор илэрхийлсэн цалин 46.1%-иар унасан байна. Тодруулбал, 2016 онд 2.5 сая₮-н цалин 1280 ам$ байсан бол, өнөөдөр 690 ам$ байна.Импортын барааны үнэ дунджаар 3 дахин өссөн байна. 10 Монгол хүний 5 нь ядуу,ядуувтар амьдрах болсон гэсэн мэдээлэл цацаждаж байна. Төв банкны бодлогын хүү өндөр учраас Арилжааны банкны зээлийн хүү бүс нутагтаа өндөр жилийн 24 % болон түүнээс дээш байгаа нь иргэд, компаниуд томоохон дарамт болж байна. Төрөөс олон тэрбумтан төрж, улсын төсвөөс болон төрийн өмчит компаниас луйвар хулгай хийсэн талаар байнга өөрсдөө болон хэвлэлийнхэн ярьсаар бичсээр байна. Олон улсын хэмжээнд авилгал, хуулийн хэрэгжилтийн, өрсөлдөх чадварын зэрэг индекс буурсан хэвээр байна. Баян хоосны ялгаа ихэсч, олон 10 мянган залуус гадагш дайжсаар байна. Эндээс сүүлийн найман жилийн эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд хүртээмжгүй бөгөөд халтай, эрх баригч намын дарга нар, тэднийг тойрон хүрээлэгчдэд ашигтай эдийн засгийн өсөлт болжээ гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Инфляци нь орлого багатай иргэдэд илүү хүнд тусч, улмаар орлого багатай давхаргыг нэмэгдүүлж, дундаж орлоготой давхаргыг нимгэлдэг.Хөрөнгөтэй, орлого өндөртэй манай дарга нар шиг хүмүүсд инфляци бараг мэдрэгдэхгүй, тэд хөрөнгө болон орлогын шилжүүлэлт хийгээд явчихдаг. Гэхдээ үүсвэр нь тодорхой, шударгаар олсон хөрөнгөтэй иргэд олон байх тусмаа сайн. Монгол Улс нь Иргэд нь баян бол, Улс нь баян нийгмийг цогцлоох эрхэм зорилготой. Дээрх бүх мэдээлэл нь судалгаанд үндэслэсэн, түүнчлэн албан ёсны мэдээлэлд суурилсан. Иймд сүүлийн 10 жилийн эдийн засаг, төсөв, мөнгөний бодлого зөв яваагүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой байх.

4/. 2027 оны төсвийн тухай хуулийн тухайд “Төрийг улам томруулсан, инфляцийг улам хөөрөгдөж ядуурлыг нэмэгдүүлэх, иргэд байгууллага дээрх арилжааны банкны зээлийн хүүгийн дарамт нэмэгдэхүү гэхээс буурахгүй, ₮-н ам$-тай харьцах ханшын болон худалдан авах чадварын уналт үргэлжлэх аястай,төсвийн хөрөнгө оруулалтын зарим арга хэмжээний тухайд үр өгөөж нь муудсан болон зохисгүй, ЗГ-ын өрийн дарамтыг нэмэгдүүлэх,ирэх жилүүдийн сонгууль угтсан байж болзошгүй”төсөв болжээ гэж товч дүгнэх байна. Дээр нь инфляци тооцоход хэрэглээний барааны сагсанд ордог, ордоггүй өргөн хэрэглээний импортын барааны үнэ өнгөрсөн хугацаанд 3-4 дахин өссөн гэж мэдээлэгддэг.Дунджаар энэ импортын барааны үнийг 3 дахин өссөн гэж үзвэл импортын хэрэглээний индекс(Import Consumption Index)-ээр тооцоход иргэд, айл өрхүүд 82%-ийн алдагдал хүлээсэн гэсэн тооцоо гарна байх. Ямар ч орны хувьд Улсын төсөв нь тухайн жилд ард иргэдийн амьралд хамгийн их нөлөөтэй төрийн бодлогын шийдвэр юм. Тодруулбал, тэр жилд тухайн орны иргэдийн хэтэвч хэвээрээ байх уу? зузаарах уу, эсвэл дундрах уу гэдгийг л шийддэг. Хэрэв ЗГ-аас өргөн барьсан 2027 оны төсөв энэ чигээрээ батлагдвал Монгол Улсын “895 мянга орчим өрхийн хэтэвч( орлого) нь15-аас дээш хувиар нимгэрэн дундрах”магадлалтай байна. Үндэслэл нь 2026 онд ЗГ-ын саналаар инфляцийг 6%-ийн голчтой байх хуулийг баталсан. Гэвч өнөөдөр инфляци 13%-д хүрсэн. Энэ нь төлөвлөснөөс хоёр дахин илүү байна. 2027 онд инфляцийн голчийг 8-иар төлөвлөжээ. Хэрэв энэ нь 2026 онтой адилхан хэрэгжилттэй байвал инфляци 16%-иас давах нь тодорхой болно байх. Энэ үр дүнгээс харахад УИХ ба ЗГ нь иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахын эсрэг шийдвэр гаргаад байгаа юм шиг санагдах болов уу?Энэ Монгол Улсын хуулиар бол нийт иргэдийн эсрэг гэмт хэрэгт тооцогдоно байх.Хэн ч ийм байдалд бухимдана биз дээ.Саяхан Герман улсад “ЗГ нь хойч үеийнхэндээ хэзээ, яаж төлөх нь тодорхойгүй өр үлдээхийг Үндсэн хуулийн эсрэг үйлдэл”гэж Үндсэн хуулийн шүүх нь үзсэн гэх. Энийг Монгол Улс судлах, бас бодох учиртай. ЗГ 2027 оны төсвийн төсөлд төсвийн зардлыг 32.2%-иар нэмэгдүүлж төсвийн алдагдлыг 2 их наяд₮ байхаар тусгажээ. 2026 оны байдлаар бол төсвийн урсгал зардал нь нийт төсвийн зардлын 80 орчим %тай, хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардал нь 20%-тай тэнцэж байх шиг байна. Ингэж их төсвийн урсгал зардал өсч байгаа нь Төр хэрхэн Томорч буйг харуулна. Энэ нь эрх баригчид сүүлийн 8 жил Татвар төлөгчдийн хөрөнгийг үр хэрхэн үр өгөөж муутай, үрэлгэн зарцуулж ирснийг л илэрхийлнэ. Ийм ихээр байсхийгээд төсвийн зардлыг огцом тэлж ирсэнээр иргэдийн орлого дээшилж амьдралын чанар сайжирсана уу? Компаниуд экспортын нэмүү өртөөг шингээсэн боловсруулах үйлдвэрийн бизнест хэр их урт хугацааны хөрөнгө оруулалт хийсэн бэ? гэж асуухад хариулт нь ойлгомжтой байх. Гэвч,өнгөрсөн хугацаанд Монгол Улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ тодруулбал зэс 2.4 дахин, алт гурав дахин, нүүрсний үнэ хоёр дахин өсчээ.Тэгээд яагаад ₮-ийн ам$ -тай харьцах ханш унаад байгаа юм бэ? Энэ нь ерөөсөө л эрх баригчидын буруу, хуудуутай бодлоготой шууд холбоотой гэдэг нь судалгаагаар нотлогдсоор байна. Гол шалтгаан нь энэ хугацаанд төсвийн зардлыг тав дахин өсгөжээ! Ихэвчлэн УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх болон сонгуулийн жил төсвийн зардлыг 25-аас 30 гаруй %-иар огцом тэлж ирсэн. Өнгөрсөн 2016 оноос хойшх 2027 оныг хүртлэх 10 жилийн хугацаанд 210 орчим их наяд ₮-ийн төсвийг зарцуулжээ. Үүнээс дунджаар 25 орчим %-ийг хөрөнгө оруулалтын арга хэмжээнд зарцуулсан гэвэл 55 орчим их наяд ₮ болно байх. Энэ их хөрөнгийн үр өгөөж нь хаана байна вэ? 2027 оны төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийг 15%-иар ч юмуу үүнээс илүү хувиар нэмэх санал байх шиг байна. Энийг нэмэх нь буруу гэж хэн ч хэлэхгүй. Гэхдээ 2027 онд инфляци энэ 15%-иас давах юм бол ямар ч үр дүнгүй, нийт иргэд, улсад хохиролтой ажил болоод дуусна. Өөрөөр хэлбэл, одоогийн инфляцийг өрдөөд, хуурай мод шатаж байгаатай адилхан үр дүнтэй ажил болоод дуусна. Үр дүнд нь инфляци өсч, ядуурал нэмэгдэнэ, юмны үнэ өснө,нийт иргэдийн амьжиргааны чанар сайжрахгүй доошлоход хүрнэ. Ийм байдлаар “Муу хүний ажил 13 дахин” гэдэг загвараар ажиллаад хэрэггүй баймаар байна. Иймд ЗГ-ын энэ зөвхөн төрийн албан хаагчдын цалин нэмэх гэсэн санал нь улс төрийн сонгуулийн мөчлөгт нийцүүлэхсэн улс төрийн чанартай байхыг үгүйсгэх боломжгүй.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ОЛОН УЛСЫН САЙН ТУРШЛАГА, СҮҮЛИЙН ЖИЛҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ХАНДЛАГЫН ТАЛААР

2027 оны улсын төсөвт "ДЦС-3"-ын дэргэд 300 Мвт-ын "ДЦС-6" барина. "ДЦС-3"-ыг засварлан шинэчилж, олон жил гацсан 10 аймгийн ДЦС-г ашиглалтад оруулна” гэж тусгасан гэж ойлгосон.Хэрэв энэ станц барих ажлыг өвддөггүйгээр нь улсын төсвөөс санхүүжүүлж,төрийн өмчит компаниудыг шинээр байгуулж нөгөө тавиулуудаараа удирдуулах гэж байвал маш буруу гэж хэлэх байна. Өнөөгийн хөгжилтэй, хуулийн засаглалтай зах зээлийн эдийн засагтай орнууд эрчим хүчний салбар дахь аюулгүй байдлын болон төрийн хяналт зохицуулалтаа “цахилгаан эрчим хүч дамжуулах гол сүлжээгээрээ” дамжуулан хийж байна. Энэ дамжуулах сүлжээг бүсчилсэн байдлаар төрийн өмчит хувьцаат компаниуд менежментийг нь хийж байна. Энэ компаниудад нь гадны хөрөнгө оруулалт бараг байдаггүй. Харин бүх төрлийн бүх оврын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцуудыг бол гадаад, дотоодын хувийн хэвшлийн, их том оврынх бол төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар шийдэж менежментийг нь хувийн хэвшлээр хийлгэж ирсэн туршлага байна, одоо бол улам эрчимжиж байна. Харин нь урт хугацааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай маш сайн гэрээний загвартай байх шаардлагатай. Тэгвэл Монгол Улсын энэ салбарт хөрөнгө оруулалт орж ирэх нь тодорхой. ЗГ гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх нь чухал үзүүлэлт байх болно.10 аймгийн дулааны цахилгаан станцыг улсын төсвөөр барих, ЗГ баталгаа гаргаж гадны зээлийн хөрөнгөөр барих шаардлагагүй байх талтай. Бүрэнгийн цахилгаан станц ч ийм байсан байж магадгүй. Өнөөгийн байдлаар улсын төсвөөс хэд хэдэн царилгаан станц барихаар шийдвэрлэсэн болов уу. Эдгээр царилгаан станцыг барих өртөг нь хоорондоо асар их зөрөө байвал юу гэж үзэх вэ? Яваандаа дахиад нэг сенсаци үүсэхийг үгүйсгэхгүй. АНУ нь ногоон эдийн засагтай холбогдсон Парисын олон улсын хэлэлцээрээс гарлаа гэж дээхнэ мэдэгдсэнээс хойш энэ үйл ажиллагаа олон улсын хэмжээнд ч хөгжилтэй орнуудын түвшинд ч саармагжчих шиг боллоо. Урд хөрш маань 2030 он гэхэд нүүрсний хэрэглээг эрс бууруулна гэж мэдэгдэж байсан бол, 2025 онд 4.95 тэрбум. тн нүүрс хэрэглэсэн бол 2026 онд 5 тэрбум.тн-оос илүү нүүрс хэрэглэхээр болж байна. АНУ болон Хятадын ДНБ-ийг нийлүүлэхэд дэлхийн жилийн нийт ДНБ-ий 43% буюу 53.2 их наяд ам$ болох бололтой. Энэ тоо бас нэг юм хэлэх болов уу? Цахилгаан эрчим хүч нь нэг талаас нийгмийн баталгаа, нөгөө талаас эдийн засгийн суурь бүтээгдэхүүн юм. Энэ хоёр хүчин зүйлийг тогтолцооных хувьд тус тусад нь зохицуулдаг. Шалтгаан нь олон улсын шилдэг туршлага ийм байна. Дараагийн асуудал нь цахилгаан эрчим хүчний үнийг жил бүр огцом огцом хавтгайруулан нэмж байгаа нь зөв шийдвэр биш гэж үзэж байна. Шалтгаан нь өнөөгийн хөгжилтэй орнууд энэ асуудлыг 5-10 жилийн хугацаанд аажуухан шийдсэн байдаг. Гэхдээ Монгол Улсын эрх баригчдын өнгөрсөн 20 жил популизм ( улстөрчдийн зөвхөн сонгуульд ялах зорилгоор ард иргэдэд таалагдах өвчин)-аас болж цахилгаан эрчим хүчний үнийг өртөгнөөс хямдаар борлуулах хатуу чанга үнийн бодлогыг урт хугацаанд баримталж ирсэн нь үнэн. Гэхдээ энэ салбарын үйл ажиллагааны зардлыг (тогтмол) танах боломж бас хангалттай бий. Шалтгаан нь сүүлийн дөрвөн жилд энэ салбар хамгийн их авлигажсан салбараар тодрох болсон. Өнөөгийн Монгол Улсын цахилгаан эрчим хүчний системийг "нэгдмэл, ганц хэрэглэгчийн загвар"-аас татгалзаж, аажуухан "олон шатлалт, сонгомол загвар" руу шилжүүлэх шаардлагатай. Гэсэн хэдий ч огцом либералчлах (үнэ чөлөөлөх) буюу огцом үнэ нэмэх нь аюултай байдалд хүргэж байсан зарим орны гашуун түүхийг сайтар судлах хэрэгтэй. Ер нь одоогийн ЗГ болон Эрчим хүчний яам нь энэ салбарыг 5-10 жилд хөгжүүлэх төсөл(milestone)-өө УИХ, ард иргэд, хөрөнгө оруулагчиддаа хэзээ танилцуулах юм бэ? Сүүлийн үед салбарын хөгжлийн бодлогоо УИХ-аар батлуулаагүй мөртлөөсөө ойрын хүрээлэл дотроо сонгон шалгаруулалт хийж байна гэсэн мэдээлэл нэлээн гарч байна энэ бол бас л асуудал байх. Хөгжилтэй орнууд эрчим хүчний салбараа шинэчлэхдээ айл өрхүүдийн цахилгаан &дулааныг хэрэглээний дээд хязгаарыг тогтоон өртөгөөс нь үл ялих доогуур үнээр,бусад байгууллага болон ААНэгжууд, төрийн байгуулагуудад бол өртгөөс бага зэрэг дээгүүр үнээр борлуулах бодлогыг баримталсан байдаг. Уул уурхайн компаниуд өөрсдийгөө эрчим хүчээр хангахыг нь чөлөөтэй болгох хэрэгтэй!

ОДОО БОЛ ЗГ ТӨСВИЙН ЗАРДЛАА ХЭМНЭН ХАСЧ, ЭНЭ ХЭМНЭСЭН ЗАРДЛААРАА ТӨСВИЙН ЗАРДЛЫН ТЭЛЭЛТЭЭ ХУМИХ ШААРДЛАГАТАЙ

Ийм тохиолдолд УИХ болон Засгийн газар нь Бүтцийн Өөрчлөлт болон Эдийн Засгийн шигэчлэлийг олон улсад байдаг сонгодог загвараар нь хийдэг. Тухайлбал, 20 яамыг үсрээд 14 яам болгох бүрэн боломж бий. Монгол Улс нь Хятад, ОХУ,Солонгос, Япон, Герман зэрэг улсуудтай эдийн засгийн томоохон чухал харилцаатай. Тэгээд эдгээр орны ихэнхэд нь Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам(ЭЗХАҮЯ) гэсэн ЗГ-ын бүтэц эсхүл ижил төстэй бүтэц байдаг. Иймээс эдгээр улсууд хоорондоо харилцахад хялбар байдаг гэдэг. Монгол Улс ч гэсэн ЭЗХАҮЯ-тай болоод энэ бүтцээ 12-16 жил хадгалахад, Монгол Улсын хөгжилд маш их түлхэц болно гэж үзэж байна. ЭЗХАҮЯ-нд одоогийн ЭХЯ, АҮЭБЯ, Эрчим хүчний яам, Зам тээврийн хөгжлийн яамыг нэгтгээд салбаруудыг нь дэд сайд нарт хариуцуулах.Харин дэд сайд нар салбарын туршлага, мэрэгжилтэй УИХ-ын гишүүн байх учиртай. Монгол Улсад ч үүнийг хуулиар хориглосон зүйл байхгүй. УИХГишүүн дэд сайд байх нь мөрийн хөтөлбөрийн амлалтаа ухамсарлах учраас илүү хариуцлагатай байдаг.Юуны төлөө 126 гишүүнтэй болсон билээ! Төсөв хэлэлцэж парламентаар хэлэлцэж байхад УИХ дахь АН-ын бүлэг өөрийн хувилбараа танилцуулах учиртай. Тэрнээс энд тэндээсээ яриад суух нь зохимжгүй. Эрх барихын тулд заавал өөрийн хувилбар( Mon­golian alternative bodget 2027, by DP)-аар гаргаж тавьдаг жишиг байдаг. Монгол банк нь өөрийн байр сууриа маш тодорхой илэрхийлэх учиртай. Нөгөө Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,МҮХАТ ч байр сууриа илэрхийлэх учиртай! Монгол Улсад тулгамдсан шийдэх ёстой асуудал нь ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ТӨКОМПАНИУДЫН ОРОЛЦОО билээ. Эдгээр компаниудын 2025 оны байдлаар нийт борлуулалт нь ДНБ-ий 31 орчим %-тай, нийт хөрөнгө нь ДНБ-ий 85%-тай тэнцэж байна. ТӨКомпаниудын ашигт ажиллагааны түвшин нь хувийн хэвшлийн компаниудынхаас 3-4 дахин доогуур байна. Монгол Улсын ТӨКомпаниупын ДНБ-д эзлэх хувь хэмжээгээр дэлхийд тэргүүлэх байр суурьтай байна. Энэ үзүүлэлтээр OECD-ийн орнууд дунджаар 5-15%, Хятад улс 20-30%-тай, Монгол Улс 25-35%-тай байна. Гол нь энэ компаниудын удирдлагыг улс төрөөс хараат бус мэргэжлийн бүтцээр зохицуулалт хяналт хийдэг тогтолцоонд шилжих. Ер нь ЗГ болон сайд нар ТӨКомпаниудын удирдлагад өөрсдийн хүмүүсээ тавьчихаад эдгээр компанийн үйл ажиллагаанд хяналт тавина гэж юу байх билээ! Нөгөө чононд хонь хадгалуулна гэдэгтэй үлгэртэй адилхан сонсогдоно. Сингапурын Темасек, Норвегийн сан дээр тийм олон оччихоод эдгээр компанийн засаглалыг судлаагүй байна гэхээр гайхаж байна. Цаашид Оюу толгойн гэрээ шиг хөрөнгө оруулагч компанитай байгуулах гэрээнд ЗГ-ын гишүүн улстөрчөөр гэрээнд гарын үсэг зуруулдгаа зогсоох хэрэгтэй. Эс тэгвээс дуусашгүй маргаан болж үргэлж энэ маргаанд нь тусгаар тогтносон орны ЗГ үргэлж холбогдон чирэгдэх нь утгагүй биз дээ! Би энэ 2027 оны төсвийн тухай хуулиар байр сууриа илэрхийлэхдээ байгуулагдаад зургаахан сар болж байгаа Н.Учрал Ерөнхий сайдын ЗГ-ыг муутгах ямар ч сонирхол байхгүй, мөн улстөржсөн өнцгөөс ч хандаагүй. Н.Учрал Ерөнхий сайд нь асуудалд эрч хүчтэй, сэтгэлтэй хандаж байгаа нь ажиглагддаг. Би төсвийн өнөөг хүртэлх бодит үр дүнгийн талаар судалгаанд үндэслэж ярьсан.Тэр сангийн сайд З.Мэндсайхан хэмээх залуу асуудалд нэлээд бодитой хандаж байх шиг санагдсан. Монгол Улсад МАН-ын, эсхүл АН-ын эдийн засаг гэж байх учиргүй. Тэгвэл өнөөдөр эрх баригч МАН-ын ЗГ-ын газрын энэ залууст өнөөг хүртэлх эдийн засаг, төсөв ба санхүү, мөнгөний буруу бодлогыг залруулан иргэдийнхээ бодит орлогыг жил бүр өсгөдөг бодлогыг гаргах боломж харагдаж байна. Хэрхэгийг өөрсдөө шийдэх нь тодорохой юм. Миний хувьд “Иргэн хүний сайхан чанар бол Монгол орноо гэсэн сэтгэл “гэдэгт итгэдэг. Түүнчлэн сайхан Монгол орны иргэнийхээ хувьд хойч ирээдүйдээ ажиллаж, амьдрах өнөөгийнхөөс илүү таатай сайхан орчныг бий болгож үлдээхийг туйлын зорилт болгож хичээх ёстой гэж боддог. Иймд улс төрөөс бууснаасаа хойш улс төр, эдийн засгийн чиглэлээр тогтмол судалгаа хийж байгаа санаатай!

 

Сайн үйлс бүхэн дэлгэрэн Хөгжих Болтугай!



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.