ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /6/

1 цаг 10 минутын өмнө

СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

 

-Д.Тогтохсүрэнгийн хэргийг Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэв-

Өнгөрсөн долоо хоногт "Монголросцветмет" ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн хэргийг хаагдсан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл эл асуудлаар УПЕГ-аас хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэмээн мэдэгдсэн. 

Эх сурвалжийн мэдээллээр Д.Тогтохсүрэн Төсөл хөтөлбөр, тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой хэрэгт холбогдсон гэгдэж буй. АТГ-ынхан урьдаас шалгаж байсан бөгөөд /2026.01.26/-ны өдөр ийн гардсан байна. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1.1, 22.10.1 дүгээр заалтад холбогдуулан шалгаж, үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорьсон. Гэтэл хугацаанаасаа 13 хоногийн өмнө буюу /2026-02-16/-ны өдөр суллагджээ.

Ингэхдээ "Хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тус хэргийн оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн" хэмээн тус шүүх хурлын шүүгчээр ажилласан Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун тоймдоо дурджээ.

Тэгвэл тав хүртэлх жилийн хорих ялтай эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн хоёр зүйл заалтаар шалгагдаж, нэг сарын хугацаатайгаар цагдан хоригдсон тэрээр 6600 тонн хүдрийн баяжмалыг ачилтын дараалал харгалзалгүйгээр тээвэрлүүлж, БНХАУ-ын “Hh” компанид давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж буй нь үргэлжилсээр байна. Мөн “XE” компанийн захирал Э-гээс бусдаар дамжуулан 100 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх асуудал мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд яригдаж буй.

 

-Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа-

Эрчим хүчний сайд асан, “ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Тавинбэх болон Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарт холбогдох /ЭХ-ийн 22.1-3, 22.5-1, 22.4-5/ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хойшлуулав.

Эл хэрэг нь Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээтэй холбоотой асуудлаар шалгагдаж байгаа билээ. 

Тодруулбал, уг төсөл нь БНСУ-ын “Эксим банк”-ны 148.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжихээр 2019 онд эхэлсэн бөгөөд 10 аймгийн төвд дулааны станц барих зорилготой байжээ.

АТГ-ын мэдээлснээр уг төслийн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан, ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан гэх нөхцөл байхад тухайн үеийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх гэрээний хугацааг сунгаж, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна.

Улмаар нэмэгдүүлсэн санхүүжилтээс 2.1 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 7 тэрбум гаруй төгрөгийг Монголын аж ахуйн нэгжид олгосон бөгөөд уг компани нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон талаар АТГ мэдээлж байв.

Хэрэгт холбогдуулан 2026 оны нэгдүгээр сард Н.Тавинбэх, П.Товуудорж болон П.Даваадорж нарыг саатуулж, 21 газарт нэгжлэг хийсэн. Нэгжлэгийн үеэр Н.Тавинбэх болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлүүдийг хураан авсан байдаг.

Н.Тавинбэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан бөгөөд хоёрдугаар сард уг арга хэмжээг дахин нэг сараар сунгасан.  Тэгвэл уг хэрэгтэй холбоотой шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг аравдугаар сарын 2-нд үргэлжилснээр хэргийг шүүхээр хэлэлцэх эсэх болон цаашдын процессын асуудлууд тодорхой болно.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2026 оны есдүгээр сарын 14-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болов.

Гэвч шүүхийн хэлэлцүүлгийн үеэр прокуророос шүүгчийг татгалзуулах хүсэлт гаргаснаар хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Прокурор шүүгч П.Товуудоржийг П.Даваадорж нартай төрөл садны холбоотой байж болзошгүй гэж үзэж, энэ талаарх баримтаа ерөнхий шүүгчид гаргаж өгөхөөр болсон юм.

Улмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд одоо шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд байна.

-Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд АТГ-аас нэгжлэг хийв-

Хотын дарга асан Х.Нямбаатарын үед нийслэлд хэрэгжиж эхэлсэн 24 мега төслийн санхүүжилт, гүйцэтгэл зэрэгт хяналт шалгалт хийх АТГ, ТЕГ, ЦЕГ хамтарсан тусгай ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллаж буй. Эл хүрээнд Т.Даваадалай эхнэрийнхээ хамаарал бүхий компанийн дансаар 6.6 тэрбум төгрөгийг шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдон цагдан хоригдож, өдгөө шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Х.Нямбаатарын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Л.Хосбаярын гэр, ажлын байранд нь өчигдөр АТГ-аас нэгжлэг хийж, улмаар түүнийг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" зүйл ангиар шалгаж эхэлжээ.

Тус заалтад "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.

Дашрамд, Л.Хосбаяр одоо НИТХ-ын төлөөлөгчөөс гадна Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагчийн ажлыг хамт гүйцэтгэж буй. Түүнээс хэрэгт шалгагдаж эхэлсэн талаар нь тодруулахад, "Надаас 24 мега төсөлтэй холбоотой АТГ-аас асууж тодруулах зүйл байсан учраас намайг дуудаж шалгасан. Би ямар нэг хууль зөрчөөгүй. Дахиад дуудах юм бол дуудсан цагт нь очино" гэсэн юм.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.