ЗАВХАНЫ ГУРВАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ОЛГОЛОО

49 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад туулах чадвар сайтай, эмнэлгийн тоног төхөөрөмж болон Starlink интернэтийн төхөөрөмжөөр тоноглогдсон түргэн тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өглөө.

Энэ хүрээнд Завхан аймгийн Асгат, Цагаанчулуут, Завхандмандал сумын Эрүүл мэндийн төвүүд шинэ автомашинтай боллоо.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, Ерөнхий сайдын 11 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд 21 аймагт албан томилолтоор ажилласан билээ. Тэрбээр Завхан аймагт ажиллах үеэрээ аймаг, сумдын өмнө тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж, холбогдох саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, шаардлагатай шийдвэрүүдийг гаргуулсан юм.

Үүний үр дүнд Засгийн газраас зарим аймгийн сумдын эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин олгож байгаагийн дотор Завхан аймгийн дээрх гурван сум багтлаа.

Шинэ автомашинууд нь цас, зуд, зам давааны хүндрэлтэй үед алслагдсан малчин өрх, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн зэрэгцээ сумдын эрүүл мэндийн байгууллагын шуурхай тусламжийн чадавх, мэдээлэл холбооны хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Автомашинаа хүлээн авсан сумдын Эрүүл мэндийн төвийн хамт олонд Завхан аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Мөнх-Оргил болон сумдын нутгийн зөвлөлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудын хариуцлагатай үйлсэд амжилт хүслээ.

Алслагдсан сумдын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж ийнхүү нэмэгдэж байна.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.