
УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан ахмадын холбооны ерөнхийлөгч Ш.Адьшаатай ахмадын баярыг угтаж, өнөөгийн нийгэмд ахмадуудын өмнө тулгамдсан асуудал, шийдлийн хүрээнд ярилцлаа.
-Олон улсын ахмадын өдрийг угтан Монгол Улсынхаа нийт ахмадуудад хандаж мэндчилгээ дэвшүүлэх нь зүйтэй болов уу. Та Ардчилсан ахмадын холбоог тэргүүлж байгаагийн хувьд ахмадууддаа юу гэж хэлэх вэ?
-Олон улсын ахмад настны өдөр буюу аравдугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан Монгол Улсынхаа 450 гаруй мянган ахмад настан, түүний дотор Ардчилсан ахмадын холбооны ахмад гишүүд, дэмжигчдэдээ баярын мэнд хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе. Монгол Улсад олон улсын ахмад настны өдрийг уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдөр ахмад үеийнхнийхээ хөдөлмөр, амьдралын замнал, улс орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрийг хүндэтгэн дурсахын зэрэгцээ цаашид ахмад настнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанарт анхаарах чухал өдөр гэж ойлгож байгаа. Тиймээс Ардчилан намын “Өөрчилье, Бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан ахмадын холбооноос санаачлан зохион байгуулж байгаа ахмад настны эрүүл мэнд, идэвхтэй амьдрал, хөдөлмөр эрхлэлт, ахмад настны тэтгэврийн доод хэмжээг хоёр сая төгрөг болгоё үндэсний хэлэлцүүлгээр ахмад настнуудынхаа нийгмийн асуудлыг улс орон даяар ярьж, тэдний санал бодлыг сонсож, бодитой санал, шийдэл боловсруулахад анхаарч ажиллаж байна.
-Таны хувьд Ардчилсан ахмадын холбоог тэргүүлээд удаагүй байна. Ер нь энэ байгууллага өнөөг хүртэл Монголын улс төр, нийгэмд ямар байр суурь, оролцоотой явж ирсэн байгууллага вэ?
-Ардчилсан ахмадын холбоо гэдэг байгууллага Ардчилсан нам үүссэн цаг үеэс эхлэн Ардчилсан намын бүтцийн байгууллага болж ирсэн. Энэ байгууллагад ардчилал, хүний эрх, шударга ёсны төлөө үзэл бодол, итгэл үнэмшилтэй олон мянган ахмад гишүүд, дэмжигчид байдаг. Эдгээр ахмад гишүүд, дэмжигчид маань Монгол Улсад тогтсон 36 жилийн ардчилал, хүний эрх, шударга ёсны төлөөх үйл явцад халуун сэтгэлээр оролцож, олон зүйлийг хийж бүтээж ирсэн. Өөрөөр хэлбэл, ардчиллын төлөө тэмцэж, үзэл бодлоо илэрхийлж, энэ нийгмийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулсан олон мянган ахмадтай байгууллага юм. Би 2026 оны зургадугаар сарын 29-ний өдөр болсон Ардчилсан ахмадын холбооны ээлжит бус чуулганаар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон.
-Та ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа бусад ахмадын байгууллагуудтай уулзсан гэж байсан. Энэ талаар ярихгүй юу?
-Сонгогдоод долдугаар сард нь Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, МАН-ын дэргэдэх ахмадын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нартай уулзалт хийсэн. Энэ уулзалтаар намуудын дэргэд байдаг, тусдаа бие даасан ахмадын асуудал хариуцсан төр, олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар ярилцсан. Өнөөдөр үнийн өсөлт болон бусад нөхцөл байдлаас шалтгаалж зарим ахмад настны эрх зөрчигдөж, бүр эдийн засгийн хүчирхийлэлд өртөж байгаа асуудал ч байна. Тиймээс энэ бүхнийг хамтарч шийдэхийн төлөө ажиллая гэж бусад ахамдын холбоодыг санаачилга гарган уриалсан. Өөрөөр хэлбэл, үзэл бодлын болон улс төрийн итгэл үнэмшлийн асуудлаа сонгуулийн үед ярьцгаая. Бусад үед нь бүгдээрээ Монгол Улсын 450 гаруй мянган ахмад настны төлөө хамтарч ажиллая. Иргэд, олон түмэнтэйгээ уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, төр засагтаа шаардлагатай шийдвэрүүдийг гаргуулахын төлөө хамтарч ажиллая гэж тохиролцсон. Энэ бол зөв зүйтэй санал болсон. Миний саналыг ч хүлээж авч, хамтран ажиллахаар болсон Монголын ахмадын холбоо, Социал димократ ахмадын холбооны удирдлагууддаа талархал илэрхийлье.
-Ахмадуудын амьдралын хамгийн хүнд асуудлын нэг нь тэтгэвэр, түүний хүрэлцээ гэж та харж байна уу?
-Монгол Улсын хэмжээнд ойролцоогоор 435 мянган иргэн ахмад настны тэтгэвэр авч байна. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ өнөөдөр 769 мянган төгрөг. Энэ мөнгөөр амьдрах гэдэг тухайн хүний хувьд туйлын хүнд, маш том сорилт болж байна. Өнөөдрийн үнийн өсөлт, инфляцийн нөхцөлд бүрэн тэтгэврийн доод хэмжээ хоёр сая төгрөгт хүрч байж ахмадууд хоол унд, унаа, орон сууцныхаа төлбөр, гэрэл цахилгаан зэрэг өдөр тутмын хэрэгцээгээ хангах боломжоо бүрдүүлж чадахаар байгаа юм. Тиймээс тэтгэврийн доод хэмжээг хоёр сая төгрөгт хүргэх асуудлыг бид тавьж байгаа.
-Энэ хүрээнд төрөөс тэтгэвэр, цалин нэмэх тодорхой шийдвэрүүд гаргаж, одоо УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Цалин нэмэгдэж байгаа нь зөв. Гэхдээ өнөөдөр 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмад настны тэтгэврийг яагаад эхний ээлжинд 50 хувиар нэмж болохгүй байгаа юм бэ гэсэн асуудал гарч ирж байна. Хэрэв үе шаттай нэмэх гэж байгаа бол ахмадуудын өнөөдрийн бодит нөхцөл байдлыг харгалзах ёстой. Өнөөдөр 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмад хүн үнийн өсөлтийн энэ нөхцөлд амьдралаа залгуулахад маш хүнд байна. Тиймээс ахмадуудын тэтгэврийг хамгийн багадаа хоёр сая төгрөгт хүргэж байж энэ асуудлыг бодитой шийдсэн гэж үзэх ёстой. Үүнийг шийдэх бүрэн боломж Монгол Улсад байгаа.
-Тэтгэврийг нэмэгдүүлэхдээ зөвхөн өмнө нь хэдий хэмжээний хөдөлмөр эрхэлж байсан гэдгээр нь ялгах нь зөв биш гэж та үзэж байна уу?
-Өнөөдөр их хөдөлмөр хийсэн хүн их мөнгө, их тэтгэвэр авна, бага ажил хийсэн хүн бага мөнгө авна гэсэн ойлголтууд яригдаж байгаа. Энэ бол тодорхой хэмжээнд зөв зүйтэй байж болно. Гэхдээ өнөөдөр тэтгэврийн насанд хүрсэн 400 гаруй мянган иргэн бол Монгол Улс нэг системээс нөгөө системд шилжсэн тэр шилжилтийн үед ажиллаж, амьдарч, идэр залуу насаа Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө зориулж байсан хүмүүс. Тухайн цаг үед нэг системээс нөгөө системд шилжих шилжилтийн үед олон зуун мянган үйлдвэр, аж ахуйн нэгж хувьчлагдсан, дампуурсан. Тэнд ажиллаж байсан хэдэн зуун мянган хүн тухайн үед ажилгүй болсон. Тэр цаг үеийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж, хүмүүсийн ажил хөдөлмөр үгүй болсон. Зарим хүн тухайн үед тав, зургаа, бүр арван жил ажилгүй байсан. Энэ хүмүүсийн
буруу биш. Энэ бол шилжилтийн үеийн Монголын түүхийн нэг зурвас үе. Гэтэл өнөөдөр энэ хүмүүсийн тэтгэвэр, цалинг нэмье гэхээр “энэ хүмүүс ажил хийгээгүй байна, хөдөлмөрөөр нь ялгах ёстой, хөдөлмөрлөж юм хийгээгүй хүнд бид яагаад нэмэх ёстой юм бэ” гэсэн асуудлыг зарим судлаач, төр засгийн хүмүүс ярьж байгаа. Би үүнтэй эсрэг байр суурьтай. Яагаад гэхээр Монголын төр өнөөдөр Монгол Улсынхаа иргэдийг эрүүл, идэвхтэй амьдралтай байлгахын дээр хангалттай амьдрах, амьд явах эрхийг нь хангах үүрэгтэй. Жишээ нь, арван хүүхэдтэй аав байлаа гэж бодъё. Монголчууд бид бүгдээрээ үр хүүхдэдээ хайртай, бүгдийг нь сайн сайхан болгохын төлөө явдаг. Тэр аав “Миний таван хүүхэд их залхуу, тав нь их сайн ажил хийдэг” гээд тавд нь их хоол өгч, тавд нь бага хоол өгдөггүй биз дээ. Үүнтэй адилхан Монголын төр өнөөдөр ахмадуудаа алаг үзэж болохгүй.
-Тэгвэл тэтгэврийн доод хэмжээг хоёр сая төгрөгт хүргэхэд шаардлагатай эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэх боломжтой гэж та харж байна вэ?
-Шийдэл нь өнөөдөр юу байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Төсвийн тэлэлт байна. Сүүлийн 2016 оноос хойш Ардын нам засаг барьсан энэ хугацаанд төсөв хэдэн их наяд төгрөгөөр тэллээ. Өнөөдөр ингээд харахад төсвийн тэлэлт байгаа нь мөнгө байна гэсэн үг. Дээр нь өнөөдөр Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т байдаг “иргэн бүр байгалийн баялгаас хүртэнэ” гэсэн зарчим хэрэгжээд эхэлж байна гэж би ойлгож байгаа. Тийм учраас төсвийн тэлэлт, Баялгийн сангийн хуримтлал, байгалийн баялгаас орж байгаа орлогоо зөв зохистой ашиглах замаар ахмад настнуудынхаа амьдралын баталгааг дээшлүүлэх боломж байна. Энэ бол зөвхөн мөнгө тараах тухай асуудал биш. “Өөрчилье, Бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд бид ахмад настны эрүүл мэнд, идэвхтэй амьдрал, хөдөлмөр эрхлэлт, ахмад настны тэтгэврийн доод хэмжээг хоёр сая төгрөг болгох талаар нийгмийн оролцоог цогцоор нь авч үзэж байгаа.
-Тэгэхээр таны тооцоолж байгаагаар тэтгэврийн доод хэмжээг хоёр сая төгрөгт хүргэхэд санхүүжилтийн хүндрэл үүсэхгүй гэж үзэж байна уу?
-Үүсэхгүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр өнөөдөр төсөв 40 хэдэн их наяд төгрөг болж байна. Энэ хэмжээний орлого, хөрөнгө хуримтлагдаж байна гэсэн үг. Нөгөө талаас дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ өсөж байна. Жишээ нь, хоёр жилийн өмнө нэг килограмм алт 200 сая төгрөг байсан бол өнөөдөр 600 сая төгрөг болсон байна. Гурав, дөрөв дахин өсчихсөн гэсэн үг. Металлын үнэ, ашигт малтмалын үнэ, нүүрсний үнэ ч мөн адил. Нүүрс 60 ам.доллар байсан үеэсээ тогтмол өсөж байгаа. Ийм нөхцөл байдал дээр бид энэ орлогыг зөв төвлөрүүлж, ахмадуудынхаа тэтгэврийг зайлшгүй хоёр сая төгрөгт хүргэх ёстой. Өнөөдөр Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд 2027 оноос Оюу толгойгоос ногдол ашиг авч, гурван их наядаас доошгүй төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ гэж ярьж байгаа. Тэгвэл тэр мөнгийг ахмад настнуудынхаа амьдрах нөхцөлийг сайжруулахад зориулах ёстой гэж би үзэж байгаа юм. Яагаад гэвэл энэ нь бидэнд тодорхой хэмжээгээр хаалга онгойлгож байна. Оюу толгойн ногдол ашиг орж ирнэ. Дээр нь төсвийн тэлэлт явагдаж байна. Төсөв дөрвөн их наяд төгрөг байсан үеэс өнөөдөр 46 их наяд төгрөг болж өссөн байна. Ийм хэмжээний төсвийн тэлэлт, мөнгөн хуримтлал бий болсон учраас тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх боломж байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр нэмэх боломж, бололцоо энд байгаа. Гагцхүү үүнийг хэрэгжүүлэх улс төрийн зориг хэрэгтэй.
-Засгийн газрын зүгээс тэтгэвэр нэмэхэд инфляци өсөх эрсдэлтэй гэж болгоомжилж байгаа тал бий. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Инфляци нэмэгдэнэ гэж болгоомжилж байгаа байх. Гэхдээ өнөөдөр инфляци өөрөө ямар түвшинд хүрчихсэн билээ. Тухайн үед инфляци дөрвөн хувьтай байсан бол өнөөдөр 13-аас 18 хувьтай болж байна гэж яригдаж байна. Инфляци ийм өндөр болчихсон байхад ахмад настнуудын тэтгэврийг нэмэхгүй байх нь өөрөө энэ хүмүүсийн амьдрах нөхцөлийг улам дордуулж байгаа хэрэг. Тийм учраас өнөөдөр ахмад настан хоёр сая төгрөгөөс доошгүй тэтгэвэр авахгүй бол амьдрал нь улам дордож, бүр амьд явах эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байгаа. Инфляцийн асуудлыг ярихдаа бодит нөхцөл дээрээ суурилж ярих ёстой. Ахмадуудын тэтгэврийг хоёр сая төгрөг хүртэл нэмчихвэл инфляци өснө гэсэн маягийн суртал ухуулга байж болохгүй. Г.Занданшатарын Засгийн газрын үед 1.5 сая төгрөгийн тэтгэвэртэй болох юм бол Монгол Улс сүйрнэ гэсэн маягийн суртал ухуулга хүртэл явж байсан шүү дээ. Ийм айдас төрүүлэх хэмжээнд асуудлыг хүргэж болохгүй. Бодит байдал дээр, хөрсөн дээр нь бууж асуудлыг шийдэх ёстой.
-Ахмадын эрх зүйн орчин хэр бүрдсэн байдаг вэ?
-Өнөөдөр ахмадуудад нийгмийн асуудал, эрүүл мэндийн асуудал байна. Үүний зэрэгцээ өөрсдөө ажил хөдөлмөр эрхлэх сонирхол ч их байдаг. Гэтэл Ахмад настны тухай хууль өнөөдөр хэрэгжихгүй байна. Би УИХ-ын гишүүн байхдаа Нямаагийн Энхболд, Баагаагийн Баттөмөр нарын найман гишүүнтэй хамтран Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, 2024 онд батлуулсан. Гэтэл батлагдсан энэ хууль өнөөдөр ерөөсөө хэрэгжихгүй байна. Засгийн газар нь хэрэгжүүлэхгүй байна. Аймаг, орон нутаг нь хэрэгжүүлэхгүй байна. УИХ нь ч хяналт тавихгүй байна. Өнөөдөр ахмад настнууд тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар жагсаал цуглаан хийхээр нь нэг хэсэг хүнийг хүлээж аваад, асуудлыг нь түр аргалаад, ажлын хэсэг байгуулна гээд л иймэрхүү худал, үнэн юм ярьдаг байж болохгүй. Хууль батлагдсан бол хэрэгжих ёстой. Тэр хуулийг хэрэгжүүлэх ажлыг УИХ, Засгийн газар манлайлж хийх ёстой. Яагаад гэвэл өнөөдөр ахмад настнуудын эрүүл мэндийн асуудал, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь энэ хууль хэрэгжихгүй байгаатай шууд холбоотой. Ахмад настны тухай хуульд энэ асуудлуудыг маш тодорхой заасан байдаг.
-Ахмад настны тухай хуульд зөвхөн тэтгэврийн асуудал биш, ахмадуудад чиглэсэн олон төрлийн дэмжлэгийг тодорхой заасан гэж та хэллээ. Яг ямар зохицуулалтууд байдаг вэ?
-Ахмад настны тухай хуульд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, улс төрийн нам, олон нийтийн байгууллагууд ахмад настны сан байгуулна гэж тодорхой заасан байдаг. Тэр санд тухайн байгууллагын ажилтнуудын цалингийн гурван хувийг төвлөрүүлнэ. Тэгээд тухайн байгууллагад ажиллаж, амьдарч байсан ахмад настнуудад тэр сангаар дамжуулан дэмжлэг, тусламж үзүүлэх, эрүүл мэндийн асуудлыг нь шийдвэрлэх, цаашлаад ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь бүрдүүлэх зэрэг асуудлыг хуулиар маш тодорхой зааж өгсөн. Гэтэл энэ зохицуулалтыг ерөөсөө хэрэгжүүлэхгүй байна. Мөн ахмад настнуудыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах, амралт, сувилалд амруулах зэрэг асуудлыг хуульд тусгасан. Түүнчлэн 50-иас дээш ажилтантай аж ахуйн нэгж, төрийн байгууллага гурван хүртэлх ахмад настныг ажиллуулах, ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлийг нь бүрдүүлэхээр заасан байдаг. Гэтэл энэ бүх хууль өнөөдөр хэрэгжихгүй байна. Тийм учраас би энэ хуулийн хэрэгжилтийн талаар санаачилга гаргаж, “Өөрчилье, Бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд ахмад настны эрүүл мэнд, идэвхтэй амьдрал, хөдөлмөр эрхлэлт, ахмад настны тэтгэвэрийн доод хэмжээг хоёр сая төгрөг болгоё аяны санаачилгаар орон нутгуудад очиж удирдлагуудтай нь хуулийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар ажиллаж байгаа.
-Та бүхний санаачилсан үндэсний хэлэлцүүлгийг орон нутагт хэрхэн үргэлжлүүлэх вэ?
-Би есдүгээр сарын 13-нд Ховд аймагт очиж, ахмад настны эрүүл мэнд, идэвхтэй амьдрал, хөдөлмөр эрхлэлт, тэтгэврийн доод хэмжээг хоёр сая төгрөгт хүргэх асуудлаар үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үндэсний хэлэлцүүлгээр ард иргэдээсээ санал авч, гарын үсэг цуглуулна. Хэрэв энэ асуудлыг 100-200 мянган хүн дэмжиж байвал УИХ-аар хэлэлцүүлье гэж бодож байгаа. Бид энэ асуудлыг зөвхөн ярьж өнгөрөх биш, ард иргэдийнхээ бодит санал, дэмжлэгийг авч байж төрийн шийдвэрт хүргэх зорилготой. Тухайлбал, Сэлэнгэ аймагт есдүгээр сарын 22-нд очиж, Сэлэнгэ аймгийн Засаг даргатай энэ асуудлаар албан ёсны санамж бичиг байгуулсан. Цаашдаа бүх 21 аймгаар явна. Мөн аравдугаар сарын 1-нд буюу Олон улсын ахмад настны өдрөөр Сүхбаатарын талбай дээр үндэсний хэлэлцүүлэг хийнэ. Энэ хэлэлцүүлэгт зөвхөн ахмад настнууд төдийгүй нийт иргэд оролцох бүрэн боломжтой. Бидний зорилго бол ахмад настнуудынхаа саналыг өөрсдөөс нь сонсох. Тэдний өдөр тутмын амьдралд яг ямар асуудал тулгарч байна вэ, ямар бэрхшээл байна вэ гэдгийг газар дээр нь очиж мэдэх. Тэгээд тэр санал, хүсэлтийг нь нэгтгэж төрийн бодлого шийдвэрт хүргэх юм.
-Та орон нутгаар явж, ахмад настнуудтай уулзаж байгаа. Яг бодит амьдрал дээр, өдөр тутамд ахмадуудад ямар асуудал хамгийн их тулгарч байна вэ?
-Мэдээж өр зээл, хүүхдүүдийнхээ амьдралд туслах асуудал байна. Үүнээс гадна Монголын төр ахмад настнууддаа хангалттай анхаарал тавихгүй байна. Хууль хэрэгжүүлэхгүй байгаагаас гадна ахмад настнуудынхаа бодит амьдралд тулгарч байгаа асуудлыг шийдэхэд анхаарахгүй байна. Жишээ нь, өнөөдөр цалин, тэтгэврийг нэмэх тухай ярихын оронд ахмадуудад тэтгэврийн зээл олгох нөхцөлийг гурван жил болгох тухай асуудлыг ярьж байна. Тэтгэвэр, тэтгэмжийг бодитоор нэмэгдүүлэх асуудлыг ярихгүй байж, ахмадуудад хэдэн жилээр зээл олгох вэ гэдэг асуудлыг түлхүү ярьж байгаа нь өөрөө учир дутагдалтай. Нэг талаасаа ахмадуудад боломж олгож байгаа мэт харагдаж болно. Гэхдээ нөгөө талаасаа арилжааны банкуудын эрх ашгийн төлөө ахмад настнуудын тэтгэврийг барьцаалах нөхцөл бүрдүүлж болохгүй. Хүний эрхийн байгууллагуудын судалгаануудаар ч ахмад настнууд тэтгэврээ өөрсдөө авч чадахгүй, тэтгэврээ бусдад өгчихдөг, архи дарс хэрэглэдэг хүмүүсийн барьцаанд ордог, бүхэлд нь барьцаалчихдаг зэрэг нөхцөл байдал гарч байгаа талаар яригддаг. Тэгээд тухайн ахмад өөрийн тэтгэврээ ашиглах ямар ч боломжгүй болох тохиолдол ч зөндөө байна. Энэ талаар төр бодох ёстой. Тийм учраас ахмадын тэтгэврийн зээлийг урт хугацаагаар авах боломжийг төрөөс шийдвэрлэж байгаа нь нэг талаасаа ахмадуудад боломж олгож байгаа мэт боловч нөгөө талаасаа тэр боломж нь яг тухайн ахмад настанд өөрт нь зориулагдаж байна уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Өнөөдөр тэр мөнгө ахмад настныхаа хэрэгцээнд зориулагдахын оронд үр хүүхдийнх нь сургалтын төлбөр, хоол унд болон бусад хэрэгцээнд зориулагдах тохиолдол их байна. Тэгэхээр ахмад хүн өөрөө амьдралынхаа энэ насанд тэтгэврээ өөрийн хэрэгцээнд зарцуулж, эрүүл мэнддээ анхаарч, идэвхтэй амьдрах боломжтой байх нөхцөлийг төр бүрдүүлэх хэрэгтэй. Энэ ч бас ахмад настны эрүүл мэнд, идэвхитэй амьдрал, хөдөлмөр эрхлэлт, ахмад настны тэтгэврийн доод хэмжээг хоёр сая төгрөг болгоё үндэсний хэлэлцүүлгээр бидний сонсож, шийдэл эрэлхийлж байгаа асуудлын нэг юм.
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН


Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Орон сууцны зураг төслийг хиймэл оюун ухаанаар бүтээж, иргэдэд ₮4.1 тэрбумын хохирол учруулах гэж байсан этгээдийг баривчилжээ
ЗАВХАНЫ ГУРВАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ОЛГОЛОО
2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!
Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа өнөөдөр Жижиг, дунд үйлдвэр, хоршооны өдөрлөгөөр үргэлжилж байна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
С.Баясгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг нь 3 жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээлээ
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
ТАНИЛЦ: Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн автобусны 43 чиглэлд өөрчлөлт орно
Шинэхэн сайд Г.Тэмүүлэнд хэн, хэн юуг өгүүлэв
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?
Энэ сарын 26-наас эхэлж Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
ГИХГ: Япон улсын иргэн И.Томоког албадан гаргах шийдвэр гаргаагүй
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
Н.Учралын Засгийн газар огцрохгүй, яагаад гэвэл дараагийн засгийг бүрдүүлэх хугацаа гаргахгүй
БАЙР СУУРЬ: Гацсан парламентын талаар "АН & МАН" юуг өгүүлэв
Энэ сарын 26-ны бямба гарагт "Автомашингүй өдөр" болно
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэрээ байнга зодсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, гэр бүлийн хүчирхийллийн хохиролд 43.5 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгож, шөнийн марафон зохион байгуулна
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /6/
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй талаар мэдээлэл иржээ
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ
Сошиал буллид сайн юм бас байна
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.