2111-р сар, 2026Бямба гараг

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

9 сар 25. 17:129 мин унших

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулж, үг хэллээ. Бүрэн эхээр нь нийтэлж байна.

Улсын Их Хурлын дарга, 
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, 

Өнөөдөр эгэл олон хүн, айл өрх үнийн өсөлттэй тулгарч, цалин тэтгэвэр, орлого мөнгө нь хүрэлцэхгүй байгаа өндөр хариуцлагатай цаг үед Засгийн газар 2027 оны улсын төсвийн төслөө УИХ-д хэлэлцүүлж байна.

УИХ-ын Намрын ээлжит чуулганаа Оюу Толгой төслийн зардлыг 30 орчим их наядаар бууруулж Хувь нийлүүлэгчдийн гэрээгээ 17 жилийн дараа засаж сайжруулсан сайн мэдээтэй угтлаа. Оюутолгойгоос ноогдол ашгаа 10 жилээр наашлуулан ирэх онд авахаар тохиролцсон сайн мэдээтэйгээр улсын төсвөө хэлэлцэн батлахаар цуглалаа. Алдааг засаж, ахиж урагшилсан өнөөдрийн энэ үр дүн бол үе үеийн Засгийн газар, төслийг эхлүүлсэн, үргэлжлүүлсэн Ерөнхий сайд С.Баяр, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын хамтын хичээл зүтгэл гэдгийг онцлон илэрхийлье. Ажлын хэсгүүдийг ахалсан Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Г,Дамдинням , Сангийн сайд З.Мэндсайхан, хаанахын хэнээс ч дутахгүй дэлхийн түвшинд эх орныхоо эрх ашгийг хамгаалах чадвартай мэдлэг боловсролтой залуучууд, төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлье. Үе үеийн Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нарын төрийн түшээд, улс, үндэстний эрх ашгийн төлөө үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн иргэний нийгмийнхэндээ, хүн бүрд баярлалаа. 

Алдаа, оноо аль нь байсан ч алдааг засаж, ахиц дэвшил гарган урагшлахын хэрээр Монголын баялаг-Монголчууддаа илүү үр өгөөжтэй зарцуулах өндөр үүрэг хариуцлага Та биднийг угтаж байна. Монгол Улс мөнгөгүй, бас мөнгөтэйн зовлонд унадаг байх ёсгүйг ухамсарлан дүгнэж, өнөөдрөө маргааштай нь, хүнээ бодож, үр өгөөжтэй, үлдэцтэй зөв зарцуулах хэрэгцээ шаардлага бидний өмнө байна.  

Экспорт нэмэгдэж, уул уурхайн орлого өсөлтийн гол цөм болсоор байгаа ч ажлын байр олноор нээдэг, хадгалдаг худалдаа үйлчилгээ, жижиг дунд бизнесийн ашиг орлого багасаж буй сорилт бэрхшээлийн дундуур ирэх оны улсын төсвөө хэлэлцэхээр цуглаад байна.

Дэлхийн байдлыг Улаанбаатарт өөрчлөхгүй нь үнэн боловч, шалтаг тоочин гомдоллож суух эрх бидэнд үгүй. Үнийн өсөлт, түлш шатахуун, эрчим хүчний хомсдолоос олон түмнээ хамгаалахын төлөө өөрсдөөс хамаарах бүхнийг хийх нь Засгийн газар, УИХ-ын үүрэг гэж ухамсарлаж байна.  

Олон түмэнд улс төрийн хийрхэл биш бодит ажил, амьдрал нь илүү чухал, илүү сонин байна. Хүмүүс амьдралд шууд дэм тустай, хамгийн энгийн бөгөөд үнэн бодитой, тодорхой асуултууддаа тодорхой  хариултууд шаардаж байна. 

Ахмадууд тэтгэвэр яаж нэмэгдэх вэ? Илүү олон жил төлсөн нь илүү авах нь үнэн үү? Эмээ өвөө нар даралт, зүрх, чихрийн шижингийн эмээ үнэгүй авах нь бодитой юу? Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд бол бид бэлэн мөнгө, тусламж нэхээгүй, татварын ачаа дарамтыг яаж багасгах юм бэ? Хөдөлмөр эрхлэгчдээ яаж дэмжих вэ? Тог цахилгааны үнэ дахиж нэмэгдэхгүй гэх баталгаа байна уу? Ирэх өвөл гал алдахгүйн тулд юу хийж байгаа вэ? Түлш шатахуун, мах, гурил, ногоогоо ахиу илүү нөөцлөх тухай яриаг яг бодитой ажил болгож чадах уу? Олон жил ярьсан Оюутолгой, ТӨК-иудын ноогдол ашгийг олон түмэнд хэрхэн яаж хүргэх юм бэ? 

Ийм энгийн, амьдралын үнэн бодит байдлаас урган гарсан асуултуудад Та бид хариулна. Та биднээс олон түмэн улс төр биш ажил, амьдралд тустай бодит шийдвэр нэхэж байгаа нь үгүйсгэх аргагүй үнэн билээ. Төсвийн том том тооны маргаанаас илүү хүнээ бодсон, хүндээ хүрсэн, амьдралд дэмтэй бодит шийдвэр хүлээгдэж байна.  

Улсын төсөв бол улс орон, айл өрх, ард иргэдийн бүтэн жилийн амьдрал ахуй, ашиг орлого, цалин мөнгө билээ. Улсын төсөв бол эмч, багшийн цалин, эмнэлэг сургууль, тэтгэвэр, тэтгэмж, хувийн хэвшил, хөдөлмөрлөж бүтээгчдэдээ итгэл өгч, боломж нээх тухай бодлогын шийдэл билээ. 

2027 оны улсын төсвийн төсөл бол бодлого, шийдлээ бодит үр дүн болгох, эдийн засгийн өсөлтөө иргэн, өрхүүддээ хүргэх үндсэн зорилготой тооцоолол юм.

Эдийн засгийн идэвхжил сэргэж, уул уурхайн үйлдвэрлэл, экспорт нэмэгдэн, хилийн боомт, төмөр зам, эрчим хүч, үйлдвэрлэлийн томоохон төслүүд урагшиллаа. Тэтгэвэр, нийгмийн даатгал, цалингийн шударга тогтолцоо бүрдүүлэх баталсан хуулиа амьдралд бодитой хэрэгжүүлэн амилуулах хэрэгцээ шаардлага Та бидний өмнө байна. Эдийн засгийн өсөлтийг үнийн өсөлт идэж, өрхийн орлогыг хумсалж байна. Эрчим хүчний хомсдол, мөнгө санхүүжилтийн өндөр өртөг, тээвэр, логистикийн хүндрэлүүд нь аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого, хүсэл зорилгыг хясаж байна. Эмнэлэг, сургууль, төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдал хот, хөдөөд ялгаатай байна.

Ирэх оны төсөв бол шинэ амлалтуудын жагсаалт биш. Хүнээ бодож, амьдралд тулгамдсан асуудлыг онилох, эхлүүлсэн бодлогоо бодит шийдэл болгох, эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалах бодит нөхцөлийг бүрдүүлэхэд төсвийн бодлогоо чиглүүллээ.

2027 оны төсвийн бодлогын гол чиглэл тодорхой. 

1-рт, Иргэдийнхээ бодит орлогыг хамгаална. 

2-рт, Эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулна

3-рт, Хувийн хэвшлийн татвар, санхүүжилтийн ачаа дарамтыг бууруулна. 

4-рт, Эрчим хүч, үйлдвэрлэл, зам, логистикийн хоцрогдлыг нөхнө. 

5-рт, Орон нутагт илүү их эрх мэдэл, төсвийн боломж олгоно.

Энэ таван зорилтыг зөвхөн нэг жилээр тодорхойлоогүй. Монгол Улсын эдийн засаг ойрын жилүүдийн гадаад орчин нөхцөл, тулгарах эрсдэл, нээгдэх шинэ боломжийг хамтад нь тооцсон.

Дэлхийн эдийн засгийн өсөлт нам түвшинд хадгалагдаж, геополитикийн зөрчил, худалдааны бодлогын тодорхой бус байдал, эрчим хүч, түүхий эдийн үнийн савлагаа үргэлжилж байна. Манай худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн бүтэц өөрчлөгдөж, уламжлалт үйлдвэрлэлээс өндөр технологи, инновац, дотоод хэрэглээнд илүү түшиглэсэн өсөлтөд шилжиж байна.

Энэ бүх өөрчлөлт Монгол Улсад нэг талаас өндөр эрсдэл, нөгөө талаас шинэ боломж юм. Гадаад зах зээл таатай байгаасай гэж бусдад найдахаас илүү уул уурхайн орлогоо эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл, зам, логистик, хүний хөгжилд зарцуулж, эдийн засгаа дараагийн шатанд гаргах шаардлагатай.

Энэ үндсэн дээр Монгол Улсын эдийн засгийг 2027 онд 5.8 хувиар өсөж, инфляц 7 орчим хувьд тогтворжихоор төсөөллөө. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд, нийт зарлагыг 43.6 их наяд төгрөг байхаар тооцлоо. Төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд барина.

Ирэх оны төсөвт иргэдийн амьжиргааг хамгаалах болон эдийн засгийнхаа ирээдүйн суурийг бэхжүүлэх зорилтыг саланги тусад нь авч үзэх учиргүй. Өнөөдрийн хүндрэлээ шийдэхгүйгээр ирээдүйн хөгжлийн тухай ярих боломжгүй. Өнөөдрийн хэрэгцээнд бүх нөөцөө зарцуулж, маргаашийг мартах учиргүй. 2027 оны төсөв бол өнөөдрийн хэрэгцээ, маргаашийн хөгжлийн тэнцвэрийг хангасан төсөв байх болно.

2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой. Иргэдийнхээ бодит орлогыг зөвхөн цалин, тэтгэвэр нэмж бус хөдөлмөрлөх, бүтээх хүсэл сонирхлыг дэмжсэн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн бодлогоор, өрхийн зайлшгүй зардлын ачааллыг бууруулах замаар хамгаална.

Тэтгэвэр, тэтгэмжээ үнийн өсөлттэй уялдуулна. Төрийн албан хаагчдын цалинг хөрөөний ир шиг 30 гаруй өөр хуулиар биш нэгдсэн нэг шударга системд оруулна. Хүн бүр цалингийнхаа 792 мянган төгрөг хүртэлх хэсэгтээ огт татвар төлөхгүй. Ажил хийхэд ч, ажил олгоход ч аль алинд нь амар, урамтай болгоно. Нэг сая иргэний татвар, шимтгэл нэг их наяд төгрөгөөр буурна. Өөрийнхөө хөдөлмөрлөж олсон цалин мөнгө нь өөрт нь, өрхөд нь, бизнест нь илүү үлдэнэ. 

Өрхийн амьжиргаа зөвхөн орлогоос хамаарахгүй. Эмнэлэг, сургууль, орон сууцны зардал өсөх тусам олсон орлого, авсан цалинг нь иддэг. Иймд өрх, иргэдийнхээ цалин, орлогыг хамгаалахын тулд эрүүл мэнд, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг давхар хангана. 

Боловсролын салбартаа 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Сургуулийн ачааллыг бууруулах, сургалтын орчны ялгааг багасгах, хүүхдийн хоол тэжээлийн чанарыг сайжруулна. Эрүүл мэндийн салбарт 414.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Хүн өвдөхөөс нь өмнө, иргэнээ багаас нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг зохион байгуулахад төсөв зарцуулна. Эмчилгээ, оношилгооны хүртээмжийг нэмнэ. Орлогыг нь нэмэгдүүлэхтэй цуг эрүүл мэнд, боловсролтой холбоотой өрхийн санхүүгийн дарамтыг багасгаж байж орлогыг нь хамгаална.

Хөдөлмөрлөж буй хүнээ дэмжих, хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ өсөж тэлэх замыг чөлөөлөх нь амьжиргааг тогтвортой сайжруулах үндсэн нөхцөл юм. Тийм учраас төсвөө зөвхөн нийгмийн хамгаалалд бус эдийн засгийн өсөлтийг тэтгэж, бизнесийн орчин, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтад зориулна. 

Хөдөлмөрлөж олсон цалинг нь хүнд өөрт нь илүү үлдээнэ. Аж ахуйн нэгжүүдийн нуруун дээрх татварын ачаа дарамтыг багасгана. Огцом нэмэгддэг бус орлогод нь нийцсэн татварын шатлалд шилжүүлнэ. Жижиг, дунд, бичил бизнесийн нэг хувийн татвар төлөх босгыг өсгөж 180 мянга орчим компанийн ачаа 246 тэрбум төгрөгөөр хөнгөрнө. Татварын ачаа дарамтыг бууруулахын хамт  жижиг, дунд бизнес, дундаж давхаргаа 1.1 их наяд төгрөгийн шинэ эх үүсвэрээр дэмжинэ. Хөдөө аж ахуй, хүнс, ноос, ноолуур, арьс шир боловсруулж, үнэ цэн, өртөг ашиг нэмж үйлдвэрлэж боловсруулахыг дэмжинэ. Эдийн засгийн өсөлтийнхөө хүрээг тэлэх, уул уурхайгаас бусад салбарт тогтвортой ажлын байр нээх, хадгалахад зориулсан шийдвэр юм. 

Татвар, санхүүжилтийн таатай орчин дангаараа үйлдвэрүүдийн үүдийг нээхгүй. Найдвартай эрчим хүч, хүртээмжтэй зам, тээвэр, логистик, боомтын хүчин чадал хувийн хэвшлийн өсөж тэлэх, бүтээж босгох тулгуурын нэг болно. Ирэх оны хөрөнгө оруулалтын бодлогоо нийгмийн хэрэгцээ болон эдийн засгийн өсөлтөө дэмжих дэд бүтцээ хөгжүүлэхэд чиглүүллээ.

Улс, орон нутгийн төсөв, гадаад эх үүсвэр, төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хөрөнгө оруулалтыг хослуулан 2027 онд нийт 12.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлнэ. Эрчим хүчний шинэ эх үүсвэр, дамжуулах сүлжээ, орон нутгийн дулаан хангамж, авто зам, төмөр зам, хилийн боомтын төслүүдийг үйлдвэрлэл, экспорт, бүс нутгийн хөгжилтэй нь уялдуулна. Орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмнэ. Ипотекийн зээл, урьдчилгаа төлбөрийн босго намсгах, хамтын өмчлөл, түрээслээд өмчлөх хэлбэрээр 16 мянга өрхийг орон сууцанд хамруулна.

Хөрөнгө оруулалт өсөхийн хэрээр төслийн сонголт, зарцуулалтын үр дүнд тавих шаардлага дагаад өндөрсөнө. Ирэх онд шинээр хэрэгжүүлэх 9.5 их наяд төгрөгийн санал ирсэн ч улсын төсвийн бодит боломж 3.6 их наяд төгрөг байна. Иймээс олон шинэ төсөл зэрэг эхлүүлэхээс илүү гүйцэтгэл сайтай, ашиглалтад ороход ойр, иргэддээ, эдийн засагт илүү бодит өгөөжтэйг түрүүлж дуусгана. Хөрөнгө оруулалтын үр дүнг хэдийг зарцуулснаар нь бус шийдвэрлэсэн асуудал, иргэнд хүрсэн үр өгөөжөөр үнэлнэ.

Төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулахын тулд шийдвэр гаргах эрх, хүлээх хариуцлагыг илүү тодорхой болгох шаардлагатай. Энэ хүрээнд зарим чиг үүрэг, төсөв, орлогын эх үүсвэрийг орон нутагт шилжүүлнэ. Орон нутагтаа юу хийх, яавал хөгжихөө орон нутгийн иргэд өөрсдөө мэдэж шийдвэрлэхэд чанарын ахиц гаргана. Эрх мэдлийг дагаж үүрэг хариуцлага, ил тод хараа хяналт, тайлагнал, үр дүнд тавих шаардлагыг нь ч нэмнэ. Энэ зарчмыг төрийн өмчит компаниудад ч нэгэн адил мөрдүүлнэ. Төрийн өмчийн засаглал, санхүүгийн сахилга, тайлагналыг сайжруулж, хөрөнгийн үнэ цэнэ, өгөөжийг нэмнэ. 

Оюу толгой төслийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгаас 2027 онд 3.0 их наяд төгрөг төвлөрөхөөр тооцсон. Баялгийн өгөөжийн тодорхой хэсгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд оруулна. Бүгдэд илүү өгөөжтэй, эрчим хүч, дэд бүтэц, боловсруулах үйлдвэр, боловсролд зориулна. Монголын баялаг-Монголчуудын хувь учраас иргэдээсээ юунд зориулвал илүү өгөөжтэйг нээлттэй асууна. Эрх чөлөөт улс оронд иргэдийн олонхын сонголт хамгийн эрхэм дээд шийдвэр байдаг билээ. 

Хүнээ бодож, амьжиргааг нь дэмжихдээ эдийн засгийнхаа өсөлтийн үндэс суурийг бэхжүүлэхдээ төсвийн тогтвортой байдлаа алдагдуулахгүй. Төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд барьж, Засгийн газрын өрийг хуульд заасан хязгаарт удирдана. Үр ашиг багатай зардлыг хязгаарлаж, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бодлого, төсөл бүрийн үр дүнг илүү бодитой үнэлнэ.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

2027 оны төсвөөр өнөөдрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ маргаашийн хөгжил, эдийн засгийн өсөлтөө дэмжих зорилт тавилаа. Өнөөдрийн асуудал, маргаашийн зорилго салангид тусдаа бус харилцан нөхцөлдөж, уялдаж байж монгол хүний амьдралд илүү тогтвортой, илүү чанартай өөрчлөлт авчирна.

Өрхийн амьжиргааг хамгаалахын зэрэгцээ үйлдвэрлэл, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, хувийн хэвшлээ дэмжиж, эдийн засгийн үндсийг бэхжүүлнэ. Төсвийн сахилга бат, хариуцлагатай засаглал үүний баталгаа болно.

Өнөөгийн бодит хэрэгцээ, цаашдын улс орны хөгжлөө нэг бодлогод зангидсан Монгол Улсын 2027 оны төсвийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн дэмжихийг хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Монгол Улсын 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн тав дахь хэлэлцүүлгийг явууллаа. УИХ-ын дарга С.Бямбацогт төсвийн тухай хуулийг зүйл заалт бүрээр нь уншиж танилцуулснаар эцэслэн батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Санал хураалтад 111 гишүүн оролцсоноос 91 нь буюу 82 хувийн саналаар ирэх оны төсвийг баталлаа. Засгийн газраас 2027 оны төсвийг 41.3 их наяд төгрөгийн орлоготой, 43.6 их наяд төгрөгийн зарлагатай байхаар анх өргөн мэдүүлсэн

898

С.Бямбацогт: Өнөөдөр бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсаар бахархаж, тэдний үлдээсэн үнэт өвийг хамгаалан бэхжүүлж, ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэх эрхэм үүрэг, түүхэн хариуцлагаа ухамсарлах бэлгэдэлт өдөр

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна. Эзэн Чингис хаанаас эхтэй элэг, сэтгэл нэгт монголчууд аа, Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, төрийн түшээд ээ, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Эх орондоо болон дэлхийн өнцөг булан бүрд суугаа нийт монголчууд, эсгий туургатан элгэн түмэндээ Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Монгол бахархлын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсаар бахархаж, тэдний үлдээсэн үнэт өвийг хамгаалан бэхжүүлж, ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэх эрхэм үүрэг, түүхэн хариуцлагаа ухамсарлах бэлгэдэлт өдөр юм. 820 жилийн тэртээ Алтай, Хангай, Хэнтий, Саяны их нурууд, говь, талын уудам орон зайд тархсан Мөнх Тэнгэрийн үр садыг Чингис хаан нэгэн жолоонд нэгтгэн, монголчуудын төрт ёсны шинэ түүхийг өртөөлж Их Монгол Улсыг байгуулсан билээ. Энэхүү их үйл хэргийн тэгш дүүрэн ой өнөө жил тохиож буй нь Монгол бахархлын өдрийн утга агуулга, ач холбогдлыг өндөрт өргөж буй хэрэг юм. Модун Шаньюй тэргүүт дээдэс өвгөдийн байгуулсан Хүннү их гүрэн талын нүүдэлчин түмний төрт ёс, цэрэг захиргаа, зохион байгуулалтын их өв соёл болон уламжлагдаж, эзэн Чингис хааны Их Улсаар төгөлдөржин мандсан түүхтэй. Нийтийн тооллоос 200 гаруй жилийн өмнөөс тоологддог Хүннү гүрний суут түүх орчин цагийн шинжлэх ухаан, археологи, антропологийн ололт нээлтүүдээр баталгаажин, улам урагш ахисаар байгааг энэ бахархалт өдөр Улсын Их Хурлын хүндэт индрээс онцлон тэмдэглэе. Эзэн зарлигтай, Их хуралдайн тогтоолтой Их Монгол Улс Евразийн өргөн уудам нутагт өрнө дорныг холбосон эх газрын бодлогыг зангидан, нэгдсэн төр, хууль цааз, чөлөөт худалдаа, өөр хоорондоо ялгаатай өв соёл, шашин шүтлэгийг хүндэтгэх бодлогоор олон үндэстнийг манлайлан дагуулж, Эв, Энх, Эрхэмлэл хүндлэлийн гүн их ёс журмаараа дэлхийн дэг журмыг цогцлоосон билээ. Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улс үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, хаан голомт, төрт ёсоо хүрээлэн нягтарч, эзэнт гүрнийхээ оршин тогтнох үндсийг бат бөх тавьсан нь эдүгээ хүртэлх олон зууны түүхэнд үл давтагдах гавьяа юм. Та бид бахархалт дээдсийнхээ эв нэгдэл, сахилга хариуцлага, төрт улсаа дээдлэх үзэл, өөрийн төдийгүй өрөөл бусдын шашин соёлыг хүндэтгэх их ухаанаас суралцаж, өвлүүлэн үргэлжлүүлэх нь хамгаас чухал юм. Эрхэм хүндэт төрийн түшээд ээ, Монголчууд бид төрт ёсны эртний түүхтэйн зэрэгцээ төрийн чухал асуудлыг хамтаар хэлэлцэж, зөвлөлдөн шийдвэрлэдэг өнө эртний уламжлалтай. Хүннү гүрний үеийн Цэцдийн зөвлөл, Их Монгол Улсын үеийн Их Хуралдай нь энэхүү уламжлалын тод илэрхийлэл юм. Их Хуралдай бол хаанаа өргөмжилж, төрийн залгамж халаа, дайн ба энхийн асуудлыг хэлэлцэн, улс орны хувь заяаг шийдвэрлэдэг төрийн дээд чуулган байсныг түүхэн эх сурвалжууд гэрчилдэг. Энэ бол монголчууд төрийн чухал шийдвэрийг зөвлөлдөн хэлэлцэж, хамтаар батлах соёлыг олон зууны өмнөөс төлөвшүүлж ирсний баталгаа юм. Олон талын оролцоог хангаж, санал бодлыг хэлэлцэн зөвшилцөх нь Монгол төрийн эртний уламжлал, өнөөгийн парламентат ёсны үнэт зарчим мөн. Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар ард түмэн төрийн эрх барих эрхээ төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлэх ардчилсан тогтолцоог баталгаажуулсан. Өнөөдөр Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, жинхэнэ утгаараа ард түмний засаглах индэр байж, олон ургалч үзэл, зөвшилцөл, парламентын ардчиллыг бэхжүүлэх, иргэндээ ээлтэй, ил тод, иргэдийн оролцоотой, тэдний хяналт бүхий НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТЫГ төлөвшүүлэх үйл хэргийг эхлүүлээд байна. Найман зууны өмнө монголчууд Их Хуралдайдаа төрийн чухал асуудлаа хэлэлцдэг байсан бол өнөөдөр Монголын ард түмэн сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан улс орныхоо хувь заяа, хөгжлийн бодлогыг шийдвэрлэхэд оролцож буй нь бидний төрт ёсны түүхийн их өв сан, үе дамжин өртөөлөх үнэт зүйл мөн. Монгол Улсын Их Хурал өвгөд дээдсийнхээ энэхүү үнэт өв уламжлалыг бахархан үргэлжлүүлж, өнөө цагийн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан ажиллах үүрэгтэй. Өнөөгийн парламентын мөн чанар нь ард түмний итгэл, хууль тогтоомжийн чанар, төрийн бодлогын залгамж, улс орны ирээдүйн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаар илрэх учиртай. Төрийн түшээд бид өвөг дээдсийнхээ алсын хараа, төр засах ухааныг өвлөн залгамжилж, нийт иргэн, үндэсний эрх ашгийг эрхэмлэж, хууль дээдлэх ёс, шударга ёс, сахилга хариуцлагыг төрийн үйл хэргийн үндсэн зарчим болгох учиртай. Тусгаар тогтнолоо бататгаж, улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулж, ард түмний итгэлийг үйл хэргээрээ хариулах нь бидний түүхэн үүрэг мөн бөгөөд хойч үедээ бүрэн улс, бүтээмжтэй засаглал, хүчирхэг төрийг өвлүүлэх нь бидний эрхэм хариуцлага гэдгийг онцлон тэмдэглэе. Эрхэм ард иргэд ээ, монгол ахан дүүс ээ, Чингис хаан даян дэлхийн нэгэн цаг үеийн түүхийг бүтээгээд зогсоогүй, монголчуудыг нэгтгэх үзэл санаа, тусгаар тогтнолоо хамгаалах ирмүүн зориг, төр улсаа дээдлэх их бахархлыг өвлүүлсэн билээ. Их Монгол Улсын түүх бол зөвхөн өнгөрсөн үеийн ялалт, байлдан дагуулалтын түүх биш ээ. Энэ бол улс гэрийн зохион байгуулалт, хууль цааз, төрийн бодлого, худалдаа харилцаа, соёл иргэншлийн харилцан нөлөөллийн өргөн цар хүрээтэй түүх мөн. Түүхээ мэддэг ард түмэн үндэснийхээ үнэт зүйлийг ойлгоно

969

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна. ​​​​​​​ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -Хүний эрхийг зөрчиж буй олон зүйл байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, хэрэглээг хуульд заасан үндэслэл шалгуурт нийцүүлэн хязгаарлах, цагдан хорих шийдвэрийн үндэслэлийг тодруулах хэрэгтэй гэж УИХ-ын тогтоолд тусгасан

942

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гаргасан гомдолд үндэслэн Т.Шинэбаярыг цагдан хорьж, гар утсыг нь хураан авсан гэх асуудал яригдлаа. Т.Шинэбаярыг өнгөрсөн аравдугаар сарын 11-нд цагдан хорьж, 16-нд сулласан юм. ​​​​​​​ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хүний эрхийг зөрчиж буй олон зүйл байна

1 067

Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүй залуучуудыг "көүч"-тэй болгоно

​​​​​​​ УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах чадамж, хэрэгцээний цогц үнэлгээ хийх чиг үүрэг бүхий мэргэжлийн хамтарсан зөвлөл байгуулах аж. Чуулганы хуралдааны үеэр тус хуулийн шинэчлэлийн асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу салбарын сайдтай мэтгэлцлээ. Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Манай яамны зүгээс кэйстэй очиж ажиллах зорилго тавьж байгаа. Айл өрхүүдээр ороод хөдөлмөрийн чадвартай хүн байвал яагаад хөдөлмөр эрхлэхгүй байгаа, орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэхгүй байгааг маш зөв тодорхойлохоор энэ хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ жил манай яам 5,000 өрхийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх зорилт тавиад тодорхой хэмжээнд төсөв зарцуулсан

913


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.