Шүүхээс баримт дутуу гэх үндэслэлээр Ч.Ренчиндоржийн хэргийг прокурорт буцаав

1 цаг 6 минутын өмнө



2024 онд болсон “Дүнжингаравын газны дэлбэрэлт” гэх тодотголтой ослын жолооч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр БЗ, СБ, ЧД-н Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дээр болсон.

Шүүх хурлын үеэр Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч прокурорын саналыг буцааж, хэргийн дүгнэлтийг шинжилгээний баг дахин томилж дахин гаргах санал дэвшүүлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.

Учир нь прокуророос Ч.Ренчиндоржийг газ алдах үед 100, 200 метрийн зайд анхааруулах тэмдэг тавиагүй гэх дүгнэлт бодит байдалд нийцэхгүй. Мөн галын шалтгааныг жолоочийн буруугаас эсвэл гаднын нөлөөтэй эсэхийг яг тогтоогүй тул иргэнийг шүүх нь учир дутагдалтай гэж үзсэн аж.

Тэгвэл шүүх хуралдаанаар дэлбэрэлтийн улмаас шатсан гэх 207-р байрны оршин суугчдыг хохирогчоор тогтоохдоо Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн хохирогч болохыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоогоогүй байна.

Мөн тус шүүхийн 2025 оны 4-р сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/3222 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан зарим ажиллагаа бүрэн хийгдээгүй, тодруулбал гал түймрийн улмаас шатсан барилгыг улсын комисс ашиглалтад хүлээж авахдаа Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан шаардлага хангасан барилга хүлээж авсан эсэх талаар шаардлагатай ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй байна.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсон байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.