Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

1 цаг 14 минутын өмнө


Херо хэмээх Б.Баатар баривчлагдлаа.

Энэ хүн телевиз,киноны найруулагч бөгөөд үүндээ ч сайн хэмээгддэг. Монгол хүн бүрийн үзэх дуртай “Монгол туургатны зуун эрхэм” контентыг л нэрлэхэд бүгд санах учиртай. Саяхан машинтай иргэдийн “Туйлдаж гүйцлээ” гэдэг эсэргүүцлийн жагсаал болсон. Жагсагчид бензин шатахууны тасалдал болон үнэ нэмэгдэж байгаа нь иргэдийг туйлдуулж байна. Засгийн газар шатахуунаар хангаж чадахгүй байна.

Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ажлаа хийж чадахгүй байна. Түүнийг огцруулах ёстой хэмээн шаардсан. Уг жагсаал дээр “Херо” студийн “Монгол хаан” жүжгийн хувцаснаас санаа авсан “Монгол хаан” цувралын малгайтай залуу байж таарсан байна. Тиймээс “Туйлдаж гүйцлээ” гэсэн машинтай иргэдийн жагсаалыг мөнөөх “Херо” хэмээх Б.Баатарыг зохион байгуулсан гэж үзэн баривчилжээ. Дээрээс нь залилах, мөнгө угаах болон үндэсний эв нэгдлийг бусниулах зохиомол ажиллагаа зохион байгуулсан гэх үндэслэлүүдээр яллагдагчаар татаж, 2026 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

Харин Б.Баатар мэдэгдэхдээ “Би энэ жагсаалыг зохион байгуулаагүй. Одоо хувцас ч өмсөж болохоо байв уу. Тэр залуу манай гаргасан малгайг өмссөн нь буруу юу. Ер нь намайг хоёр жил шалгаж байгаа.Би ямар ч ажил төсвийн мөнгөөр хийж байгаагүй. Дан сайн дурын үндсэн дээр хийж байсан. Гэрэг цамхгийн 14 давхрын байр луйвардаж авсан гэж шалгасан. Зарсан хүн нь бизнесийн зарчмаар өгсөн гээд байхад ямар ч хамааралгүй хүний гомдлоор шалгаад байгаа. “Монгол хаан” жүжгийн долларын асуудал худал гүтгэлэг, мөн хэдэн залуус рейл хийсэн, түүнд хамаатай гэж шалгаж байгаа. Ийм үйл явдал цаашид ч давтагдана.Дараа дараагийн уран бүтээлчид, сэтгүүлчид дээр ийм ажиллагаа давтан явагдана” гэж мэдэгдсэн юм. Анхан шатны шүүхээр хорих шаардлагагүй гэж байсан ч прокурорын гомдлоор хэргийг дахин хянаж нэг сарын хугацаагаар хорихоор шийдсэн. Юу болоод өнгөрөв өө гээд эргээд харъя. Эхлээд жагсаал зохион байгуулсан хэмээн баривчилсан. Тэгээд шүүх хорих шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл манай прокуроруудын гомдлоор нэг сар хорих болжээ. Монгол Улсад жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно гэж Үндсэн хуульд заасан байдаг биш бил үү. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д иргэн «итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй» гэж баталгаажуулсан байдаг.

Гэвч прокурорууд үүнд айхтар гомдсон нь огт ойлгомжгүй байна. Тэд жагсаал цуглаан хийхийг гэмт хэрэг гэж үзээд байгаа юм уу. Тэгвэл хэзээнээс жагсаал цуглаан хийх, үгээ чөлөөтэй илэрхийлэх зэрэг нь гэмт хэрэг болчихсон юм бэ. Жагсаал хийж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй юм чинь түүнийг зохион байгуулах нь гэмт хэрэг биш баймаар юм. Гэхдээ Б.Баатар “би зохион байгуулаагүй” гэсэн л дээ. Эцэст нь нэг зүйлийг хариуцлагатай асууя. Прокуроруудаа, монголчууд бид жагсаал цуглаан хийх эрхтэй юү, үгүй бол хэзээ тэр эрхийг минь булаагаад авчихсан юм бэ. Та нар хууль бус гээд иргэнээ баривчлахыг харахад жагсаал хуул бус болчихсон юм биш үү.

 

 

Д.НАЦАГ

ӨДРИЙН СОНИН



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.