ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого

58 минутын өмнө


УИХ-аар 2027 оны Улсын төсвийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэж эхэллээ. Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43,6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцоолжээ.

Тэгвэл 2027 оны Улсын төсвийн бодлогыг Сангийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй тус яамны удирдлагууд ингэж танилцууллаа.

 

ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ 10 ХУВЬ НЭМЭГДҮҮЛНЭ
 

Улсын хэмжээнд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 561 мянга, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагч 236.2 мянган иргэн бий. Энэ хэсэг үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж буй учир Нийгмийн даатгал, халамжийн тэтгэвэр тэтгэмжийг хуулийн дагуу 10 хувь нэмэгдүүлнэ. Үүнд 750 тэрбум төгрөг зарцуулна.

2026 онд тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг, дундаж тэтгэвэр 955 мянган төгрөг байгааг 2026 оны төсвийн тодотголоор 380 мянгаар нэмэгдүүлж, дундаж тэтгэврийг 1 сая 335 мянган төгрөг болгохоор тусгажээ. Төсвийн тодотголын нэмэгдэл дээр 2027 оны 10 хувийн өсөлтийг оруулахад дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөг болно. Энэ багц бодлого хэрэгжүүлснээр Нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэврийн зардалд нийт 2 их наяд 672 тэрбум төгрөг зарцуулна хэмээн Сангийн сайд онцлов.

Үүн дээр УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар баталсан Нийгмийн даатгалын багц хууль 2027 оны 1-р сарын 1-нээс хэрэгжинэ. Тухайлбал ХХОАТ-ын тухай хуульд, Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлнө. Ингэснээр иргэдийн татварын ачааллыг 840 тэрбум төгрөгөөр чөлөөлнө.

Татвар ногдуулах шинэчилсэн шатлалаар сарын орлого нь:

  • 0-792 мянган төгрөг- 0%
  • 792 мянга- 10 сая төгрөг- 10 хувь
  • 10 сая- 15 сая төгрөг- 15 хувь
  • 15 саяас дээш сарын орлоготой иргэнд 20 хувийн татвар ногдуулна.

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд иргэдийг 186.3 тэрбум төгрөгийн НДШ-ээс чөлөөлнө. Үүнд, 

  • Ажил олгогчоос төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг бууруулна.
  • Гарааны бизнес эрхэлж байгаа ААН-ийн ажил олгогчийн төлөх НДШ-ийг 36 сараар чөлөөлнө.
  • Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, аль нэг ажлаа сонгон НДШ төлнө.

Энэ бүх бодлогыг хэрэгжүүлснээр татвар, нийгмийн даатгалын реформын үр дүнд 1 сая иргэдийн татвар, шимтгэлийн ачаалал 1 их наяд төгрөгөөр чөлөөлөгдөхөөр байна.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫНХААС БАГА ЦАЛИНТАЙ БОЛСОН



Эрүүл мэнд, боловсрол болон бусад салбарын үйлчилгээний албан хаагчдын цалинг 2026 онд 50 хувь нэмсэн. Үүнд 1.7 их наяд төгрөг шаардагдах юм. Төрийн албан хаагчдын цалинг салбараар нь ингэж ялгамжтай нэмсэн нь бусад салбарынхан барьцах, нөгөө талаас төрийн албан хаагчдын цалингийн бодлогыг алдагдуулж буй юм.

Сангийн сайд З.Мэндсайхан "Төрийн албан хаагчдын цалинг салбар салбараар нь алагчлан нэмснээр өнөөдөр төрийн захиргааны албан хаагчид боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдынхаас бага цалинтай болсон. Иймд Засгийн газар 2027 оны II улирал буюу төрийн бүх албан хаагчдын /ТТ, ТҮ гэх ялгамжгүй болгоно/ цалинг жигдлэх бодлого барина. Төрийн албан хаагчдын цалингийн бодлого одоо салбар салбарын 33 хуулиар зохицуулагдаж байгаа гажуудлыг цэгцэлж, жигдэлнэ. Салбар салбарын амбиц, улс төржилтийн нөлөөгөөр Засгийн газрын үйл ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэхэд цалингийн өсөлт нь дарамт, зардлын тэлэлт болж байна.

Тиймээс Засгийн газар цалин, хөлсний нэгдсэн бодлого хэрэгжүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхгэж байна. Хуулийн төслийг Сангийн яам боловсруулж, Төрийн албаны зөвлөлийн санал авахаар өгөөд байна. Төрийн албаны зөвлөлийн саналыг тусгаад, Засгийн газарт оруулна" гэлээ.



ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙГ 141.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ


Засгийн газар ирэх онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд /ХБИ/ илүү анхаарал хандуулна. ХБИ-ийн асуудал үеийн үед орхигдсоор ирсэн ба энэ байдалдаа дүгнэлт хийж ирэх онд,

  • ХБИ-ийг ХХОАТ-аас чөлөөлнө.
  • Тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүртэй эсвэл ХБИ өөрөө жолоодох тусгай зориулалтын автомашиныг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлнө.

Энэ ажилд нийт 141.5 тэрбум төгрөгийг татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгажээ.  
 

ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИД 1.5 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
 

  • Хуулийн дагуу хүүхдийн мөнгө олгох ба үүнд 1 их наяд 575 тэрбум төгрөг
  • Хүүхэд хамгааллын арга хэмжээнд 17.6 тэрбум төгрөг
  • Хүүхэд хамгааллын 30 байгууллагын автомашинд 4.9 тэрбум төгрөг
  • Хүүхдийг цахим орчинд хамгаалах, цахим хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах хяналтын тогтолцоо бүрдүүлэхэд 1.2 тэрбум зарцуулна. Ирэх онд хүүхдэд нийт 1 их наяд 599 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөлөө.

ЕБС-ийн хүртээмжийг нэмэгдүүлэх “Гэрт ойрхон сургууль” бодлогыг хэрэгжүүлэхэд 2027 онд 50 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төрөөс шинэ сургууль барихаас илүү сургууль, цэцэрлэгийн зориулалт бүхий хувийн хэвшлийн бэлэн байрыг түрээслэн,  урсгал зардлыг санхүүжүүлэх нь үр дүнтэй гэж үзжээ.

1-5-р ангийн сурагчдын “Үдийн хоол” хөтөлбөрийн хоолны материалын зардалд 2500 төгрөг байгааг 5000 болгож, 144.5 тэрбум төгрөг зарцуулна.

ЦАХИЛГААН ТЭЖЭЭЛТ АВТОМАШИНЫГ ГААЛИЙН БОЛОН БОЛОН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ

Засгийн газар ирэх оноос эрчим хүчний шинэ эх үүсвэр, тархмал сүлжээ, хуримтлуурын шийдлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Цахилгаан тээврийн хэрэгсэл, машин, механизм болон ногоон өртөөний сүлжээг бий болгоно. Энэ бодлогын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нарны хавтан, цахилгаан хураагуур, цэнэглэгч станц, цахилгаан тэжээлт машин, механизмыг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлнө. Ингэхдээ 0-3 жилийн насжилттай машин, механизмын татварыг тэглэх ба энэ шийдвэрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Сангийн сайд З.Мэндсайхан: Энэ бодлогын хүрээнд цахилгааны машин дэмжигдэнэ. Нөгөө талаас жил бүр шатахууныимпортод зарцуулдаг 200 сая гаруй ам.долларын мөнгөн урсгалыг дотооддоо хадгална. Хүлэмжийн хийг ялгаруулах хэмжээг 166 мянган тонноор бууруулна.

Мөн уул уурхайн салбарын машин, механизмууд цахилгаан тэжээлтэй болж буй энэ үед нефть импортын хангамжийг бууруулах, гол орлого олж байгаа уул уурхайн салбарынхаа шатах, тослох материалын эрсдэлээс чөлөөлж буй юм. 

2027 онд экспортын биет хэмжээ:  

  • Зэс- 2.1 сая тонн
  • Нүүрс- 110 сая тонн
  • Алт- 10.4 тонн

Үнэ:

  • Зэсийн үнийг 12700 ам.доллар
  • Нүүрсийг 2026 онд 70 ам.доллараар борлуулахаар төсөвлөсөн бол ирэх онд 68 доллараар төсөвлөжээ.
  • Алт- 4200 доллар байхаар төлөвлөсөн байна.  

Засгийн газар 2026 онд 90 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн бол найман сарын байдлаар 80 саяыг гаргажээ. Нүүрсний экспортыг энэ оны эцэст 100 сая тоннд хүрнэ гэж тооцож буй тул ирэх онд 110 сая тонныг экспортолно гэж төлөвлөх нь бодит амьдралд ойр хэмээн Эдийн засгийн хөгжлийн яам үзжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.