“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

2 цаг 5 минутын өмнө

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Хорвоо дэлхий, хүн зон дайн тулааны дуу чимээнд дөжирч эхлэв. Хойд хөршид нөхцөл байдал улам л ширүүсч байна. “Дайны хажуугаар дажин” гэгчээр манай улсын хилд тун ойрхон ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хотод байрлах “Тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэн” (Аnti-Plague Research Institute)-д лабораторийн осол гарч, аюултай байж болзошгүй халдвар алдагдан 28 настай ажилтан 2026.10.02-нд тодорхойгүй гаралтай уушгины хатгалгааны дараа нас барсан. Үүний дараа ойролцоогоор 200 хүнийг ажиглалтад оруулсан байна.

 

Зарим мэдээлэлд Yersinia pestis-тэй лабораторийн осол холбоотой байж магадгүй гэсэн таамаг гарсан боловч Оросын эрх баригчид одоогоор тахлын халдвар, лабораторийн ослыг батлаагүй байгаа юм байна.

 

Бодвол, Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага Оросын мэдээлэлд үндэслэн “Эрхүү хотод батлагдсан тахлын тохиолдол бүртгэгдээгүй” гэж давхар мэдэгджээ. Гэхдээ Оросын мэдээлэлд итгэхийн аргагүй. Юутай ч Хятадууд итгэхгүйгээр барахгүй ихэд айж сандарч байгаа шинжтэй. Үүнийг нотлох мэт өнөөдөр (2026.10.13) Их Британийн “Daily News”-т Хятадууд энэ тахлаас ихэд айн болгоомжилж байгаа тухай нэгэн таагүй мэдээ гарсан тул манайхан энэ талаар ямар бодол сэтгэгдэлтэй байгааг Монголын мэдээллийн тэргүүлэх сайт зэргийг сонживол энэ тухай мэдээ огт харагдсангүй. Манайхан “таг мартсан” юм шиг байна.

 

сонин mn

Дээрхи тахалын мэдээ гарч байхад “Элбэгдорж хүүхэд шарж идсэн” тухай тэнэгдүү мэдээ, баавгай хүн барьсан аймшигт мэдээ, нийслэлийн төвд гал гарсан зэрэг олон олон таагүй хар мэдээнүүд цуварч манайхны анхаарлыг сарниулчихсан бололтой. Би ч ялгаагүй сарничихсан, мартчихсан байсан. Гэтэл өнөө өглөө “Daily News”-ийн энэ мэдээг хараад цочлоо. Тэгээд л үүнийг бичиж сууна.

 

“Daily News”-т “Олон нийтэд "хүнс нөөцлөх"-ийг уриалж, "Оросын тахал" "Хятадад хүрлээ" гэсэн айдас... дунд оршин суугчдыг хүнс хоолоо нөөцлөхийг уриалж буй олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд байна. 10-р сарын 2-нд Оросын лабораторийн ажилтан нас барж, дор хаяж 200 хүнийг хорио цээрийн дэглэмд хамруулсны дараа энэхүү санаа зовоосон асуудал гарч байна...гэх зэргээр бичсэн байх юм. Мөн, хаа холын Америкчууд үүнд санаа нь чилээстэй. Ерөнхийлөгч Трамп нь мэдэгдэл хийж байх юм. Гэтэл Эрхүүгийн хажууд нь байгаа бид тоохгүй суух. Мөн үү?  

 

Хүн төрлөхтний түүхэнд хамгийн аймшигтай тахлын давалгаануудын нэг болох дундад зууны Европт асар олон хүний аминд хүрсэн “Хар үхэл”-ийн үүсгэгч Yersinia pestis бол тахал өвчнийг үүсгэдэг нян юм байна. Европчууд бол энэ тахалаас сүнс нь зайлдаг юм.

 

Тахал нь Булчирхайн тахал, Цусны тахал, Уушгины тахал гэсэн 3 хэлбэртэй. Эдгээр нь: Амьсгал давчдах, гэнэт өндөр халууран дагжин чичэрч, хүчтэй ханиалгах, заримдаа цустай цэр гарахаас гадна булчирхайнууд хавдаж өвдөн улмаар маш хурдан хүндэрч, эрхтэнүүдийн хэвийн ажиллагааг алдагдуулах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол 1-6 хоногийн дотор амь насаа алдах аюултай.

 

Хэдийгээр, өнөө үед орчин үеийн анагаах ухаан өндөр хөгжсөн антибиотик эмчилгээ энэ өвчнийг эрт оношилж чадвал үр дүнтэй эмчилдэг. Тэгэхээр юутай ч дундат зууны үе шиг нийтээрээ хиарчихгүй ч гэсэн санаа зовохгүй орхиж боломгүй өвчин тахал юм байна.

 

Нэг талд ингэж сандарч байхад нөгөө талаас, тухайлбал Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мөрдөн байцаалт явуулж байгаа бөгөөд лабораторитой холбоотой халдварыг үгүйсгэх боломжгүй гэж мэдэгдэв. Тахал гарсан ч юм шиг, гараагүй ч юм шиг ийм хачин бөөрөнхий мэдээнд манайхан тайвширсан юм байх даа. Анагаах ухааны хэлээр Yersinia pestis гэх нянгаар үүсгэгддэг энэ тахал нь монголчууд бидний сайн мэддэг “Тарваган тахал” юм байна. Энэ талаар “Хиймэл оюун ухаан”-аас асуувал ийм зурагт мэдээ хариу болгон бэлтгэж өгөв. 

 

сонин mn

Монголын нутаг дэвсгэрийн ойролцоогоор 30% нь байгалийн тахлын голомт гэж ДЭМБ-ийн мэдээлэлд дурдсан бөгөөд Монгол хүний тахлын хамгийн түгээмэл эх үүсвэр нь тарвага агнаж  иддэгтэй холбон тэмдэглэсэн байдаг гэнэ.

 

Тарвага агнагчид ингэж явахдаа түүнийхээ арьс, махтай харьцан улмаар дээрхи нянгийн халдвар авдаг байна. Гэтэл зарим хүний бие организмын онцлогоос шалтгаалан “нуугдмал хугацаа” нь заримдаа 1–3 хоног болдог бөгөөд энэ хугацаанд тэр хүн өөрөө мэдэлгүйгээр аюулт тахал тээгч-тараагч болмой. Тийм биз?

 

Ингэж бодохуйд, хэрэв халдвар авсан хэн нэгэн, нийслэл болон хүн ам олонтой суурьшлийн бүс рүү орохуйд өвчин түгэн тархах бүрэн боломжтой нь хэнд ч ойлгомжтой. Энэ тахлын нэг аюул нь, хамгийн түгээмэл зам нь хүнээс хүнд амьсгалын замын дуслаар (шүлс) халддаг гэнэ. Тэгэхээр, өөрөө тарвагчилж яваагүй ч өвдөж, халдвар тараагчтай санамсаргүй харьцаад өвчлөн улмаар үхэж ч болох нь байна шүү дээ. Гэхдээ үүнийг мэдэхгүй хүнгүй ч бас тоодог нь тоотой байх шиг. Манайхан чинь дуулгаваргүй, дураараа хүмүүс шүү дээ. Ингэж бодохоор өөрийн эрхгүй айдас төрж сууна. Засаг төр байгаа хойно зохих байгууллагууд нь ажиллаж байгаа л гэж итгэхээс. Гэхдээ миний л чих тавьснаар ямар ч мэдээ, мэдээлэл олж мэдээгүй нь намайг үүнийг бичихэд хүргэлээ. Энэ өвчин манайд орж ирвэл ёстой жинхэнэ аюул гээч нь тэр бус уу? Орост байдал эвгүйтвэл манай улс болзошгүй нөхцөлд бэлэн үү, эсхүл “Сүх далайтал үхэр амар” гээд нүдэн балай, чих нь дүлий мэт сууж байх уу? Эрх баригчид нэг юм хэлнэ байгаа.

 

Тодын Отгонбаяр (Лондон зураач) 2026.10.14



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.