ХУУЛЬ: АМНАТ, ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ БАТЛАВ

1 цаг 34 минутын өмнө

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар дараах хуулиудыг баталлаа.

УИХ-ын дарга С.Бямбацогт: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Үүний дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг эцэслэн батална. Нийт долоон хууль нэг тогтоолын төсөл байгаа гэв.

Улмаар санал хураалт явуулахад, 

-Хөдөө аж ахуйн тухай хуультай холбогдуулан боловсруулсан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 81 хувиар дэмжлээ.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 68 хувиар дэмжлээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн 11 хуулийн төслийг баталлаа.

-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 78 хувиар дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн 7 хуулийн төсөл нэг тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

Ирэх нэгдүгээр сарын 1-нээс тамхины татвар нэмэгдэнэ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 78 гишүүний санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нэлээд маргаан, шүүмжлэл дагуулсан юм.Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зөвхөн янжуур тамхи бус электрон тамхи, халаадаг тамхи зэрэг никотин агуулсан бүтээгдэхүүний худалдаа, сурталчилгаа, хэрэглээ болон хяналтыг зохицуулахад чиглэжээ. Мөн хүүхэд, өсвөр үеийнхнийг тамхины хэрэглээнээс хамгаалах, бүтээгдэхүүний найрлага, никотины агууламжид тавих хяналтыг сайжруулах зорилготой байна.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Хамрын тамхийг өв соёлтой холбоотой гэж үзэн янжуур, электрон болон халаадаг тамхинаас ялгаатай зохицуулалтаар авч үзсэн. Харин электрон тамхины сурталчилгааг хязгаарлаж, зөрчилд ногдуулах торгуулийг шинэчлэх, тамхитай холбоотой тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг чангатгахаар тусгасан. Бүтээгдэхүүн зах зээл дээр байж болох ч зар сурталчилгааг хэрхэн хийх, хүүхдэд борлуулах, эсэх никотины агууламжийг хянах, татвар, хураамжийг хэрхэн ногдуулах зэргийг нэг бүрчлэн хуулийн заалтаар зохицуулсан. Тамхидалт 2030 он гэхэд 14 хувиар буурна.

Хууль батлагдсанаар, 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс үнэр, амт оруулсан, гаатай тамхин төрлийн бүтээгдэхүүний татвар нэмэгдэнэ. Мөн электрон болон янжуур тамхины импорт, худалдаанд тавих хяналтыг сайжруулж, холбогдох зөрчилд хуулийн дагуу хариуцлага тооцно. Түүнчлэн их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 500 метрийн радиуст тамхин төрлийн бүтээгдэхүүн худалдаалахгүй байхаар зохицуулсан. Хятад улсад электрон тамхи хэрэглэхийг бүрэн хориглосон ч гадны зах зээлд худалдах зориулалтаар дотооддоо үйлдвэрлэдэг. Монгол Улсад жил бүр тамхины хэрэглээтэй холбоотой шалтгаанаар 4300 орчим хүн нас бардаг гэсэн тооцоо бий. Энэ нь нийт нас баралтын 17 орчим хувийг эзэлдэг аж. Мөн тамхины хэрэглээнээс үүдэлтэй эдийн засгийн алдагдал жилд 801 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувьтай тэнцдэг байна. Монгол Улсад Тамхины хяналтын тухай хууль анх 1993 онд батлагдсан бөгөөд 2005 оноос хойш хэд хэдэн удаа шинэчлэгдэж, нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

 

АМНАТ-ын хувь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.  Энэ үеэр  УИХ-ын гишүүн Б.Заяабал “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 7 дугаар зүйл буюу хууль хэзээнээс эхлэн даган мөрдөх хугацаагүйгээр баталчихлаа. Энийг ердийн журмаар хугацааг тогтоох тухай тэмдэглэж өгнө үү. Хэрэгжих хугацааг хуулиар тусгайлан заагаагүй тохиолдолд  Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараагаас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ” гэв.

УИХ-ын дарга С.Бямбацогт “Энэ хуулийг хаваржин, намаржин хэлэлцээд нэлээд хэл ам дагуулсан хууль. Мэргэжлийн байнгын хороо ажилдаа хариуцлагатай хандал даа. Эх барьж байгаа зөвлөхүүд, байнгын хорооны зөвлөхүүд юугаа хийж байсан юм. Ажлын хэсэг юу хийж байсан бэ. Ийм хариуцлагагүй байж болохгүй шүү. Хуулиа хариуцлагатай батална шүү. Одоо ердийн журмаар хэрэгжинэ гэж ойлголоо” хэмээн онцлов.

Энэхүү хууль батлагдсанаар, геологийн хайгуулыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын бодлогыг бэхжүүлэх, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зэрэг гол өөрчлөлтүүд хэрэгжих юм. Тухайлбал, орон нутагт хуваарилах АМНАТ-ын хувь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, уурхайн нөхөн сэргээлт, хаалтын санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэхээс гадна зэсийн АМНАТ-ын зохицуулалтыг шинэчилж, салбарын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхээр тусгажээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.