Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...

2 цаг 5 минутын өмнө

2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход найман сар хүрэхгүй шахуу хугацаа үлдэж байна. Ерөнхийлөгч бол Монголд ганц байдаг албан тушаал. Тэр бол дээд эрэмбийн суудал. Бараг үлгэрийн юм шиг тансаг амьдралд умбадаг бололтой. Харин ард түмнийхээ төлөө зүтгэх гэдэг үүрэг байдаггүй бололтой харагддаг. Үе үеийн Ерөнхийлөгч ард түмнийхээ төлөө тийм юм хийсэн гэсэн зүйл байгаа юу. За яах вэ цаазын ялгүй болгосон гэсэн ганц зүйл л санаанд үлдсэн байна. Гэхдээ энэ бол тийм хүнд хэцүү ажил биш. Үл ялиг зориг, санаа л хэрэгтэй байв. Ингээд Монголын хаан ширээнд хэн хэн санаархаж байна вэ. Энэ талаар тоймлоё. МАН намаас Г.Занданшатар байна. Тэр нөхөр төр засгийн дээд эрэмбэд ажиллаж байсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд,Гадаад хэргийн сайд, ЗГХЭГ-ын дарга сайд байсан хүн. Одоо түүнд ерөнхийлөгч болж үзэх л үлдсэн юм шив. Тэрбээр юу юу хийж байсныг эргэн санацгаая.

Гадаад хэргийн сайд УИХ-ын гишүүн байхдаа гадаадын хөрөнгө оруулагчдын тухай хууль санаачлан батлуулж гадаадын хөрөнгө оруулагчдыг бараг хөөн гаргасан. Энэ бол маш муу ажил болсон. Бас ЗГХЭГ-ын дарга байхдаа “Салхитын мөнгөний орд”-ыг төрд хүч хэрэглэн авч, орлогоор нь тэтгэврийн зээл тэглэж байлаа. Үүнд ахмадууд их талархалтай ханддаг ч ерөнхийдөө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ажил гэж үзэх нь дийлэнх л дээ. Одоо болохыг хамгийн их хүсэж байгаа хүнээр тодроод байна. Тэр өөрийн өрсөлдөгч байж болзошгүй С.Амарсайхан, С.Бямбацогт нарыг АТГ-т өгсөн. Дагуулаад бас бус гишүүдийг АТГ-т мэдүүлэв. АТГ нэр хүнд гутаасан хэргийг мөрддөггүй, тиймээс Иргэний шүүх рүү шилжүүлэх байх. Нэр дэвшилт болоод ирэхэд уг хоёр гишүүн шүүхийн хавхтай л цовхчоод хоцрох болов уу. Нэр дэвшиж магадгүй горилогсдоос Г.Занданшатар л ганцаараа УИХ-ын гишүүн бус.

Г.Занданшатарын дараа энэ намаас УИХ-ын гишүүн Б.Жавхлан нэр дэвших байх гэсэн таамаг бий. Тэр Г.Занданшатартай үй зайгүй найзууд бөгөөд энэ нь залуу наснаас нь эхэлсэн гэгддэг. Банкны салбарт хамт байсан, Занданшатарын сонгуулийн менежер нь байсан гэх мэт. Одоо Б.Жавхлан нэр дэвших гээд өөртөө их итгэлтэй болсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй бараг садан болж ч магадгүй, дээрээс нь нутаг ус нь дөрвөн аймаг хотоос улбаатай гэх зэрэг нь түүнийг зоригжуулж байгаа гэсэн. Сүхбаатар аймаг, Увс, Говь-Алтай аймаг, Дархан хот зэргээс алинаас нь ч нутаг гээд зүтгэх боломжтой болгодог нь түүний давуу тал болдог.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр байна. Хамгийн чимээгүй байгаа нь бараг Ж.Энхбаяр л байна. Тэр саявтар “тариа ойрын үед авч байгаагүйгээр их авлаа” гэж л нэг хэлж харагдсан.

С.Амарсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд санаатай байгаа нь түүний хэлж ярьж байгаагаас харагддаг болоод удаж байна. Сая ХЗДХСайдаас огцрохдоо ерөнхийлөгч л хэлж баймаар үгс ярьж байхыг бид харсан. Цагдаа нар шударга бус байна, хар тамхи найгаа алдаж гэх зэргээр хэлсэн нь өөрийн салбараа шүүмжлээд байгаа юм шиг хэрнээ цаагуураа шударга үнэний төлөө тэмцэгч гарч ирлээ л гээд байгаа хэрэг. С.Бямбацогт бол анх УИХ-ын дарга болохдоо “ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй” гэж амласан. Гэвч улстөрчийн амласныг эсрэгээр нь ойлгох хэрэгтэй гэдэг үг бий.

Харин АН-аас бараг таван гишүүн ерөнхийлөгчид өрсөлдөхөө зарлаад шахуу байна. Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг их эртнээс яригдсан, рейтинг ч өндөртэй байгаа гэцгээдэг. Гэвч шүүхийн хавхтай байгаа бөгөөд энэ нь ч цагийн бөмбөг шиг тохируулсан цагтаа үйлчлэх байх. Яг Сонгуулийн хороон дээр бүртгэх гэхэд л тэсэрч магадгүй. Дахиад нэр дэвшүүлэгч гаргах цаг хугацаагүй үед. Дараа нь Лу.Гантөмөр байна. Мөн л намын дарга асан. Түүнийг намын даргаас огцруулахдаа “ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ” гэж амласан юм бол бий. Тийм ч гавьяа байгуулж намаа нэгтгэсэн гэж үздэг. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мөн энэ намын горилогсдын нэг. Тэрбээр нэр дэвшихээр зэхэж байгаа, бас бус аймгуудаар явахдаа “Би нэр дэвшинэ,дэмжээрэй” гээд яваад байгаа. Гэвч Б.Пүрэвдорж, С.Бямбацогт нарыг Ховдын нэр дэвшигч гэдгээр нь нэг их явуулахгүй байж мэднэ. Хуучин дуулиантай ерөнхийлөгчөөс болоод. Сайн муугаараа хэлэгддэг Ц.Элбэгдорж Ховдынх л доо. Д.Ганбат гишүүн өөрийгөө бараг л ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас /байх аа/ дэвшүүлчихээд байгаа. “Намайг Ерөнхийлөгч нэр дэвш гэсэн” гэж ярилаа гээд шуугиад байгаа. Тэгэхлээр зарим нь МАН-аас юм болов уу гэж эргэлзээд байгаа учир “байхаа” гэсэн хэрэг. “Бидон” хочоороо алдартай энэ гишүүнийг мөнгөтэй хүмүүс дэмжээд байгаа нь АН-ыг хөл толгойг нь алдуулах гэсэн санаархал байж болзошгүй. Мөнгөө төмпөн төмпөнгөөр гаргаад ҮБХ-ны хурал дээр цацахад байдал ч эвгүй талдаа орж “юун нам, юун бодлого” л болно шүү дээ. Эцэст нь намын дарга О.Цогтгэрэл байна. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших байх гэж яриад эхэлсэн. Нас нь ч хуулийн болзол хангаж тавь хүрсэн гэсэн. Ер нь бол АН -аас сонгуулийн зардлаа дааж чадах ганц хүн нь О.Цогтгэрэл гэж улс төр судлаачид үзэж байна.Хэрэв намын дарга нэр дэвшинэ гэвэл лав л Н.Алтанхуяг нэг их өрсөлдөнө гэхгүй байх. Лу.Гантөмөр хүчтэй өрсөлдөөн үзүүлэх болов уу. Бусад нь “буянаараа болог” л болох болов уу.

ИЗНН-аас намын дарга Б.Батбаатар дэвшинэ гээд байгаа. Бас энэ намын нэр дээр нэг генерал нэр дэвшүүлээд өгөөч гэж гуйсан сураг бол бий. Б.Батбаатар наймаа л хийх байлгүй гэж гөрдөөд байгаа. “Хүний дотор хүн орж үзсэн биш” гэдэг хэлц үг байдаг даа. Үндэсний эвслээс Б.Нямтайшир гэдэг бизнесмэн нэр дэвшиж тун магадгүй гэсэн таамаг гарсан. Энэ хүн МАК компанийн эзэн, нэр төртэй бизнесмэн хүн. Түүний хийсэн бүтээсэн нь хүн муу хэлэхийн арга байхгүй гэдгийг улсаараа андахгүй. Б.Нямтайширын сүүлийн үед хэлж ярьж байгаа зүйл зөвхөн нэг компанийн ажил биш, улс орны бодлого гэдэг нь илт харагддаг.

ХҮН намын хувьд бол хэн нэг нь гарч АН-ын саналыг хуваана байх гэж харж байна.

Д.НАЦАГ

ӨДРИЙН СОНИН



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Улстөрчдийн хэн юу хэлэв?1 цаг 2 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.