Мэдрэлийн эмч Б.Доржханд: Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй

1 цаг 12 минутын өмнө

Мэдрэлийн эмч Б.Доржханд: Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй

​​​​​​​

Технологийн хөгжлийг дагаад нийгмийн асуудал, хотжилтын стрессээс үүссэн нойргүйдэл хүмүүсийн мэдрэлийн системд хэрхэн нөлөөлдөг талаар “АруМедикс” эмнэлгийн мэдрэлийн эмч Б.Доржхандтай ярилцлаа.


-Мэдрэлийн өвчнүүд гэдэгт ямар өвчнүүд багтдаг вэ?

-Мэдрэлийн эмгэгийг төв мэдрэлийн болон захын мэдрэлийн эмгэг гэж бүлэглэн ангилдаг. Мэдрэлийн систем нь бидний хөдөлгөөн, мэдрэхүй, тэнцвэр, хэл яриа, сэтгэц сэтгэхүй, ой санамж өөрийгөө хянах гэх мэт нарийн үйл ажиллагааг удирдан явуулдаг хамгийн чухал эрхтэн юм. Тархи нугас болон нүүр гар хөл төдийгүй дотор эрхтэний мэдрэлийн өвчнүүд мэдрэлийн өвчин гэдэгт хамаарна.

-Мэдрэлийн өвчлөлийн шалтгаанд юу юу багтдаг вэ. Монголчуудын дунд мэдрэлийн гаралтай ямар өвчлөлүүд зонхилж байна вэ?

-Хүн хоол, нойр, хөдөлгөөн гурвын тэнцвэрийг баримтлаагүйгээс бие организм өвчлөх хамгийн суурь хүчин зүйлс болоод байгаа. Бэртэл, гэмтэл халдварт болон үрэвсэл зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан өвчлөлүүд мэдээж байгаа. Манай улсын иргэдийн хувьд мэдрэлийн гаралтай өвчлөлөөс анхдагч хэлбэрийн толгой өвдөлт түгээмэл тохиолддог. Анхдагч гэдэг нь тархины эд, тархины бүрхүүл болон цусны судас зэрэгт бүтцийн өөрчлөлт явагдсантай холбоогүй. Харин хүзүүний болон хуйхны дорх булчин чангарлын шалтгаантай толгой өвдөлт болон мигрень элбэг байна. Энэ нь сэтгэл зүйн хямрал, оюуны ачаалал, хөдөлгөөний дутагдал, бодисын солилцооны алдагдал, агаарын бохирдол гэх мэт олон шалтгаантай. Хамгийн гол нь ажил амралтын дэглэм алдагдах, нойрны хямрал зэрэг нь толгой өвдөхөд нөлөөлдөг гэж хэлж болно. Иймд ажил амралтаа зохицуулах, өвдөлт сэдрээх хүчин зүйлсээс аль болох зайлсхийх хэрэгтэй, шаардлагатай үед эмийн эмчилгээ хийнэ.

-Стресc мэдрэлийн өвчинд нөлөөлөх үү. Стрессээс үүдэлтэй мэдрэлийн ядаргааг хэрхэн эмчлэх вэ?

-Хүний бие махбодод оюуны болон биеийн ачаалал хэтрэх үед хямрал явагддаг. Хүн их, бага хэмжээний хямралд байнга өртөх, айдас түгшүүр, гэнэтийн цочролд орох, мөн хотжилт нийгмийн амьдралын олон янзын сөрөг мэдээллүүд нь оюунд ачаалал өгч, тархи мэдрэлийн үйл ажиллагааны хямрал үүсгэж байгааг стресс гэж нэрлэдэг. Техник, технологийн хурдтай хөгжил, нийгмийн ороо бусгаа өнөөгийн амьдралд стресстэй тулгарахгүй байх боломжгүй. Харин яаж зохицож, стрессийг даван туулах чадварт суралцах вэ гэдэг нь чухал. Шаардлагатай үед эмч мэргэжлийн хүний туслалцаа авч өөрийгөө илаарьшуулж байх хэрэгтэй. Хүмүүс сүүлийн үед амьдралын зөв дадал хэвшлийг өөртөө суулгаснаар өвдөхөөс урьдчилан сэргийлэх мэдлэг чадварт суралцсаар байна. Наад зах нь йог бясалгалаар хичээллэж, эрүүл агаарт алхалт хөдөлгөөн хийдэг болж. Ямар нэг спортын төрлөөр хичээллэх, өөрт тохирсон сонирхлын дагуу таашаалтай байдлаар амьдрах болсон нь стрессийг бууруулж эрүүл мэндээ хамгаалж байгаа хэлбэр. Нийгмээс ирж буй стрессийг хэрхэн өөртөө хүндээр тусгаж авахгүй байх тал дээр өөрийн дадал зуршлаа зөв болгох боломжтой. Мөн толгойн өвдөлтийн нэг шалтгаан нь нойрны хямрал, нойргүйдэл байдаг. Ялангуяа архаг нойргүйдлийн үед тархи амраагүй, булчин чангарсан, сэтгэл тайван бус тавгүй мэдрэмжтэй байх нь элбэг. Нойргүйдэлд ОУ-д өргөн хийгдэж байгаа эмчилгээ бол эмийн бус - танин мэдэхүй төрх үйлийн CBT эмчилгээ байна. Энэ эмчилгээ нь нойрыг архагшуулаад байгаа хүчин зүйлсийг арилгах, бие махбодын нойр сэрүүний тэнцвэрт байдлыг эргэн сэргээж, парасимпатик мэдрэлийн тогтолцоог дэмжиж тайвшруулах аргуудыг зааж зөвлөдөг учир үр дүн сайн байдаг. Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй.

-CBT эмчилгээ нь ухамсарт чиглэсэн гэж ойлголоо. Энэ аргыг эмнэл зүйн эмчилгээтэй хавсрах нь ямар давуу талуудтай вэ. Нойргүйдэлд сайн нөлөөтэй эмчилгээ гэсэн үү?

-CBT гэдэг нь Cognitive be­havioral therapy юм. Өөрөөр хэлбэл, танин мэдэхүй буюу өвчний байдлыг таньж мэдүүлэх, буруу дадал хэвшлийг засах өөрчлөх аргачлал бүхий эмчилгээ юм. Энэ эмчилгээг олон өвчинд хийж үр дүнг нь тооцож байна. Зарим өвчөнүүдэд эм эмчилгээтэй хавсарч хийх нь дан эмийн эмчилгээ хийснээс илүү үр дүнтэй харагдаж байгаа. Хамгийн их үр дүнгээ өгч байгаа нь нойргүйдлийн эмгэг юм. Ер нь аливаа өвчний талаар мэдлэг ойлголт дутмаг байх нь өвчний явцад ихээхэн нөлөөлдөг. Тухайн өвчний үүсэх, архагших шалтгааныг бүрэн дүүрэн ойлгуулах нь өвчнөөс ангижрах явцыг үр дүнтэй болгодог.

-Сүүлийн үед хүмүүсийн нүүр гэнэтийн байдлаар нэг тал нь унжих, татах үзэгдэл гарах боллоо. Энэ нь мэдрэлийн өвчин үү. Хэрхэн сэргийлэх, эмчлэх вэ?

-Нүүр татах нь нүүрний мэдрэлийн саажилт. Энэ нь нүүрний мэдрэл үрэвсэх болон цусан хангамж дутагдах, бодисын солилцооны хямралаас үүсч болно. Мөн их ядрах, даарч хөрөх, шим тэжээлийн дутагдал, чийг бам зэрэг шалтгаантай үүсч болдог.

-Хавар намар буюу улирлын чанартай өвчлөлүүд нэмэгддэг. Тэр дундаа нуруу татах, жин цохих гээд байдаг даа. Энэ нь мэдрэлийн өвчин үү?

-Улирал шилжих цагаар жишээлбэл намар өвлийн заагт дулаан явах хэрэгтэй. Даарч жиндсэнээс нурууны булчин чангарах, бөөр өвдөх нь элбэг. Уламжлалт анагаах ухаанд усан махбодтай бөөр давсагны эмгэг энэ улиралд даарч жиндсэнээс үүддэг гэж үздэг. Энэ өвчний үед европ анагаах ухаанаар эм тариагаар булчин суллаж, үрэвсэл дарах эмчилгээ хийгдэнэ. Харин уламжлалт анагаах ухаанд зүү төөнүүр, халуун дулааны эмчилгээг хийж илаарьшуулж болдог.

-Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн гар хөл хүйтэн чийгтэй явах болсон. Эмч нар мэдрэлийн ядаргаа гэж хэлээд байдаг. Энэ талаар тодруулбал?

-Гар хөл хүйтэн чийгтэх байдал хоол хүнстэй холбоотой байж болно. Ялангуяа хүүхдүүд түргэн хоол буюу шим тэжээл багатай, хүйтэн зүйлээр хооллоод байгаа үед биед шим тэжээлийн дутагдал үүсч болно. Энэ нь шууд мэдрэлийн өвчин гэхээс илүү бодисын солилцооны хямрал үүсч, биеийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Хүний бие тодорхой шим тэжээлээр нөхөгдөж, эд эсүүд хэвийн ажилладаг. Жишээ нь, шөл устай халуун хоол, олон төрлийн эрдэс уургаар баялаг шим тэжээлийг авч байж эрүүл эд эсүүд хэвийн ажиллана. Гэтэл хагас боловсруулсан бэлэн хоол, нүүрс ус ихтэй амттан зэрэгт тийм ашиг шимт зүйл байхгүй. Амтанд нь донтуулна. Өсвөр насныхны хувьд шилжилтийн нас дааврын өөрчлөлт зэргээс шалтгаалсан үзэгдлүүд бас явагддаг. Энэ үед нойр, хоол, хөдөлгөөний тэнцвэрийг баримталснаар аяндаа хэвийн болох нь бий. Хэрэв удаан хугацаагаар зовуурь илэрч байгаа бол мэдрэлийн болоод уламжлалт анагаах ухааны эмчид хандаж болно.

-Мэдрэлийн өвдөлтүүдийн үед хүмүүс өвчин намдаах эм, наалт зэргийг хэрэглэдэг. Ийм аргаар түр зуурын өвчинг намдаагаад байх нь зөв үү?

-Алив эм, наалт зэрэг нь мэдээж тустай. Жишээлбэл, булчин хальс цочирч өвдөх гэх мэт өнгөц өвдөлт үрэвсэлд тухайн хэсэг газарт хэрэглэх үр дүнтэй. Харин өвчин намдаах эм эмчилгээг дур мэдэн урт хугацаагаар хийхийг зөвлөхгүй. Өвчин зовуурь удаан үргэлжилж, гэрээр авсан арга хэмжээ үр дүн өгөхгүй байгаа үед мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Б.ДАРИЙМ



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.