Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэвэр нэмэгдэж орно

1 цаг 46 минутын өмнө

2026 оны улсын төсвийг тодотгосноор өндөр насны тэтгэвэр авагч иргэдэд анх удаа суурь тэтгэврийг нэмж олгохоор болоод байна. 

Үүний бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр  "Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болж, суурь тэтгэвэртэй болсон. Монгол Улс анх удаа суурь тэтгэвэр буюу улсын төсвөөс ахмад насанд хүрсэн тэтгэвэр авагчдынхаа тэтгэврийг нэмж өгөхөөр зохицуулалт орж ирлээ. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдэхээр байсныг 2026 оны төсвийг тодотгосноор 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэхээр боллоо. Бүх бэлтгэлээ хангасан. Хүн бүр дээр параметр бодогдоно. Учир нь хүн бүрийн тэтгэвэр тогтоолгосон нөхцөл өөр. Төлсөн шимтгэл нь 50 төгрөгөөр ч зөрж магадгүй. Иймд хүн бүрд өөр өөрөөр бодох программ бэлэн болсон. Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэвэр нэмж олгох бэлтгэл хангагдсан.

2026 оны арваннэгдүгээр сард 96.3 тэрбум төгрөгийг суурь тэтгэвэрт олгохоор Сангийн Яам шийдвэрлэсэн" гэв.

Түүнчлэн ирэх сараас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, өндөр насны суурь тэтгэвэр зэрэг нэмэгдлийг үнийн өсөлтөөс хэрхэн хамгаалах бодлогыг Засгийн газар баримталж буй талаар "2026 оны төсвийг тодотгох зорилго нь өрх бүрийн хаалгаар орох орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин болон өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэхээр боллоо. Нэмэгдүүлсэн цалин, тэтгэврийг үнийн өсөлтөд идүүлэхгүй байх бодлогыг ч Засгийн газар барьж явах ёстой. Иймд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах буюу интервенц хийхэд 150 тэрбум төгрөгийг суулгасан. 20,000 тонн мах, 12,000 тонн хүнсний ногоо, 100,000 тонн улаанбуудай нөөцөлнө. 

Ахмадын тэтгэврийн дийлэнх нь эм танд зарцуулагддаг тухай судалгаа бий. Эм нь үнэтэй боловч үйлчилгээ, чанар нь тааруу байгаа тул Эрүүл Мэндийн Яамтай хамтран ахмадуудын түгээмэл хэрэглэдэг эмийн нөөцийг бүрдүүлнэ" гэсэн юм. 

Харин "Оюу толгой"-н ногдол ашгийн талаар сайд Т.Аубакир "Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиараа Хуримтлалын санд байрших ёстой. Хуримтлалын сангийн төвлөрүүлэх бодлогыг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам авч явдаг. Одоогоор төвлөрүүлсэн мөнгө 1.6 их наяд төгрөг. Баялгийн сангийн хуулиараа цаашид Монголбанканд шилжүүлж, Монголбанк ипотекийн эх үүсвэр, боловсрол, эрүүл мэндэд зарцуулах учиртай. Зарим талдаа Засгийн газрын бонд худалдан авч болно. "Оюу толгой"-гоос гурван их наяд төгрөгийн ногдол орж ирэх гэж байгааг бэлнээр авна, бэлнээр өгч болохгүй зэрэг янз бүрийн санал гарч байна. Цалин, тэтгэвэр нэмэгдсэн тул хуулийнхаа хүрээнд гурван их наяд төгрөгөөр Хуримтлалын сандаа авах нь зөв гэсэн байр суурьтай байгаа.

Бэлэн мөнгөний нийлүүлэлт ихсэхэд тодорхой хэмжээнд инфляц өдөөнө. Бэлэн мөнгө орж ирэх тусам өргөн хэрэглээний барааны үнэ өсөх тул Хуримтлалын сангаараа дамжуулж улс орондоо хэрэгтэй, тухайн иргэний ахуй амьдралд хэрэгтэй зүйлийг шийдэх нь зөв гэсэн бодолтой байна. Хүчин төгөлдөр хууль нь ийм" хэмээн ярилаа.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.