Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 цаг 38 минутын өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Оюу толгойн ногдол ашиг хэмээн нэрлэсэн, нэг хүнд 850 мянган төгрөг ногдох мөнгө тараах тухай сураг гарахад иргэд дор бүрнээ төлөвлөгөө зохиож эхэлсэн. Ээжүүд хүүхдийнхээ өвлийн хувцсыг авна, зарим нь зээлээ төлнө, идшиндээ явна. Ахмад настнууд эм тариагаа авна гэж тооцоолжээ. Тэр ч бүү хэл, сүүлийн жилүүдэд ийм хэмжээний мөнгийг гар дээрээ бөөнд нь барьж үзээгүй учраас том дэлгүүр орно хэмээн бодож байсан хүмүүс ч байв.

 

Мэдээж хүн бүр ирээдүйд орж ирэх орлогоо урьдчилан төлөвлөдөг. Улс ирэх оныхоо төсвийг боловсруулж, хэлэлцэн баталдагтай адил өрх бүр орлого, зарлагаа тооцож, амьдралаа төлөвлөдөг билээ.

 

Гэвч догдлуулсан хүлээлт талаар болох нь гэсэн мэдэгдэл сонсогдоход олон зүйл төлөвлөсөн ээжүүд “Өө дөө” хэмээн харамсахад хүрэв. Заримынх нь хувьд энэ нь зүгээр нэг урам хугаралт биш, хэсэгтээ цочролд орох хэмжээний мэдээ байлаа. Мөнгөний гачигдал гэдэг бол хүмүүсийн бодит амьдрал. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, инфляцын дарамтад Монголын олон өрхийн амьдрал хэрхэн сөхөрч буйг энэ дүр зураг харуулна.

 

Иргэдийг баярлуулж, гомдоох улс төрийн тоглолт

 

сонин mn

Энэ мөнгийг Баялгийн санд төвлөрүүлэх үү, эсвэл өөр зориулалтаар зарцуулах уу гэсэн асуудлыг “Оюу толгой”-н орлого авах нь зөв үү, буруу юу гэсэн асуулттай хольж, иргэдээс санал асуулга авч байгаа нь төөрөгдөл үүсгэх эрсдэлтэй.МУИС-ийн улс төр судлаач, дэд профессор Б.Эрдэнэдалай энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Тэгснээ удахгүй Цагаан сарын өмнө ахмадуудад гар дээр нь төдөн төгрөг бэлнээр өгнө гэж төрөөс мэдээлэх юм бол хүмүүс баярлаж, ‘Баярлалаа, ёстой гоё байна’ гэх зэргээр хүлээж авна. Иргэдийг баярлуулж, гомдоох хэлбэрээр аливаа шийдвэрүүд явж байна. Энэ нь улс төрийн тухайд сонгуулийн өмнөх тоглолт болж буй үзэгдэл буюу манипуляц юм.

 

Тухайлбал, төсөвт анализ хийхэд ‘Оюу толгой’-оос орж ирэх мөнгө маш өндөр дүнгээр тусгагдсан байсан. Гэтэл Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр энэ дүнг төсвөөс татахаар болбол улс цаашид яаж хөгжих юм бэ гэсэн эргэлзээ рүү шууд хөтөлж байна.

 

эгэхээр мөнгө тараах тухай мэдэгдэл болон ‘Оюу толгой’ төсөлтэй холбоотой иймэрхүү эргэлзээтэй мэдээллүүд нь иргэд улс төрийн тоглолтын субъект болж байгааг үгүйсгэхгүй. Жил бүр төсөв батлах үеэр төсвийн тогтвортой байдлын тухай ярьдаг ч бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа нь улс төрчид, ялангуяа эрх баригчдын эрх ашиг ямар байгааг харуулж байна. Энэ талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, доктор Б.Энхбат 2027 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр хэлж байсан. Түүнчлэн Цагаан сарын өмнө иргэдэд таалагдах нэг зүйл хийчихвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх баригчид өөрсдөдөө улс төрийн оноо авч үлдэх боломжтой. Ийм л зүй тогтол ажиглагдаж байна” гэсэн юм.

 

“Оюу толгой”-оос ирэх мөнгө ногдол ашиг уу, эсвэл нэг удаагийн бонус төлбөр үү

 

 

Засгийн газар 2026 оны аравдугаар сарын 21-нд “Оюу толгой”-н ногдол ашиг хэмээн нэрлэж, төсөвт тусган, Баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэхээр мэдэгдсэн 3.0 их наяд төгрөг үнэхээр ногдол ашиг мөн үү гэсэн асуулт эргэлзээ дагуулж байна.

 

Энэ мөнгийг ногдол ашиг мөн, биш хэмээн тайлбарласан зөрүүтэй мэдээллүүд ч хөвөрч эхлэв. Гэвч эх сурвалжийн мэдээлж буйгаар, уг мөнгө нь “Онтро гоулд”-той холбоотой асуудлаар Монголын Засгийн газар, “Рио Тинто” хоёр нэгдсэн байр сууринд хүрч, эцсийн шийдвэр гаргаж чадахгүй байгаатай холбоотой аж.

 

Эдийн засагч А.Батпүрэв энэ талаар хэлэхдээ “‘Онтро’-гоос лицензийн төлбөрийн мөнгө орж ирсэн, ирээгүй гэх эргэлзээтэй яриа гарч байснаа ‘буруу мөнгө орж ирсэн байна, буцааж өгч байна’ гэх мэт тайлбар болж хувирсан. Гэтэл үүний цаана ‘Онтро’-той холбоотой хэлцэлд эцсийн шийдвэр гаргаж чадахгүй байгаа асуудал бий. ‘Рио Тинто’ хөрөнгө оруулагчдадаа юу гэж мэдээлж байгааг анзаарах хэрэгтэй. Тэд ‘Онтро’-гийн асуудлаар Монгол Улсын Засгийн газартай хэлцэл хийж байгаа бөгөөд хэлэлцээ маш нааштай байна’ гэсэн мэдээлэл гаргасан. Харин Монголын Засгийн газарт ногдол ашиг өгөхөөр боллоо, тэдэн төгрөг төлөхөөр боллоо гэсэн мэдээлэл огт гараагүй, яригдаагүй. Тэгэхээр хоёр талаас хоёр өөр тайлбар явж байгаа нь эргэлзээ төрүүлсээр байна. Эндээс харахад манай Засгийн газар хэлцлийнхээ үр дүн, агуулгыг бодит байдлаас өөрөөр тайлбарлаж, улс төрийн шоу хийж байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байна. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийн орлогыг хуваарилахтай холбоотой санал асуулга нь манипуляцын сонгодог жишээ болж харагдаж байна.

 

Хэрэв энэ мөнгийг ногдол ашиг гэж нэрлэх гэж байгаа бол нөгөө тал болох ‘Рио Тинто’ ч үүнийг хүлээн зөвшөөрч, албан ёсоор зарлах ёстой. Нөгөөтээгүүр, ногдол ашиг хуваарилах нь холбогдох хууль, компанийн засаглал, санхүүгийн тайлагналын журмын дагуу шийдвэрлэгдэх асуудал” хэмээн тайлбарлав.

 

Тэгвэл энэ тохиолдолд “Рио Тинто”-гийн талаас уг төлбөрийг ногдол ашиг бус, Монгол Улсын Засгийн газарт төлж буй нэг удаагийн бонус төлбөр гэж үзэж байгаа эсэх нь анхаарал татна. Хэрэв нэг удаагийн төлбөр бол жил бүр ийм хэмжээний орлого орж ирэх баталгаа бий юү? Харин үнэхээр ногдол ашиг мөн бол дараагийн жилүүдэд давтагдах уу гэсэн асуулт гарч ирнэ. Энэ нь зөвхөн нэр томьёоны маргаан биш. Төлбөрийн бодит шинж чанар, эх үүсвэр, давтамжийг зөв тодорхойлох нь улсын төсвийн орлогоо бодитой төлөвлөхөд чухал ач холбогдолтой. Мөн Монголын тал ногдол ашиг авч байгаа бол “Рио Тинто” өөрөө ногдол ашиг авах уу гэсэн асуултад Засгийн газар тодорхой хариулт өгөх шаардлагатай байна.

 

Иргэдийн саналыг авах нэрээр хууль, төсвийн асуудлыг бүдгэрүүлж байна уу

 

Ямартаа ч байгалийн баялгаас орж ирж буй мөнгийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэх ёстой эсэх нь хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал. Гэтэл уг мөнгийг Баялгийн санд төвлөрүүлэх үү, эсвэл өөр зориулалтаар зарцуулах уу гэсэн асуудлыг “Оюу толгой”-н орлого авах нь зөв үү, буруу юу гэсэн асуулттай хольж, иргэдээс санал асуулга авч байгаа нь төөрөгдөл үүсгэх эрсдэлтэй гэж эдийн засагч эх сурвалж тайлбарлав.

 

Өөрөөр хэлбэл, хуулиар зохицуулагдсан төсвийн болон санхүүгийн асуудлыг иргэдийн санал асуулгаар шийдвэрлэх мэтээр ойлгуулж байгаа нь уг санал асуулгын бодит зорилго, үр нөлөөнд эргэлзэх үндэслэл болж байна.

 

Нөгөөтээгүүр, тухайн мөнгийг төсөвт өөр зориулалтаар ашиглахын тулд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай бол ийм шийдвэрийг хууль тогтоох байгууллага гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, хуулийн өөрчлөлт шаардлагатай асуудлыг УИХ шийдвэрлэнэ. Харин төсвийн орлогыг хуульд нийцүүлэн төлөвлөх, батлагдсан төсвийг хэрэгжүүлэх, хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах нь Засгийн газар, Сангийн яамны үндсэн чиг үүрэг. Төсвийн орлого бүрийг юунд зарцуулах вэ гэж иргэдээс тухай бүр санал асуух нь төсвийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын хариуцлагын асуудлыг ч хөндөнө. Иргэдийн оролцоо, санал бодол чухал ч түүнийг ямар асуудлаар, ямар эрх зүйн үндэслэлээр авч байгаа, саналын үр дүн шийдвэрт хэрхэн нөлөөлөх нь тодорхой байх ёстой.

 

Энэ хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв онцгой жишээ юм. Иргэд тухайн сангийн хөрөнгөөр орон нутагтаа ямар төсөл, ажил хэрэгжүүлэх талаар санал гаргаж, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжтой.

 

Гэтэл нэг талаас төр иргэдээс төсвийн хөрөнгийг юунд зарцуулах талаар санал авч байгаа хэр нь нөгөө талаас иргэдийн шууд оролцоотой шийдвэрлэдэг Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийн хэсгийг 50 хувиар бууруулж, үлдсэн 50 хувийг төсвөөс шууд шийдвэрлэхээр 2027 оны төсвийн төсөлд тусгасан гэх мэдээлэл байна. Энэ нь иргэдийн оролцоог бодитоор нэмэгдүүлэхийн оронд санал асуулгыг улс төрийн зорилгоор ашиглаж байна уу гэсэн хардлагыг төрүүлж байна. Иргэдийн санал авах нь өөрөө буруу зүйл биш. Харин шийдвэр нь урьдчилан тодорхойлогдсон уу, саналын үр дүн бодит нөлөө үзүүлэх үү, иргэдэд өгч буй мэдээлэл үнэн зөв, бүрэн дүүрэн үү гэдэг нь хамгийн чухал.

 

Тиймээс “Оюу толгой”-н орлогыг хэрхэн хуваарилах тухай санал асуулгыг зөвхөн иргэдийн оролцооны асуудал гэж харах боломжгүй. Энэ бол төрийн мэдээллийн ил тод байдал, төсвийн сахилга бат, хууль дээдлэх зарчим, иргэдийн итгэлийн тухай асуудал юм.

 

Хэрэв иргэдийн хүлээлтийг төр өөрөө бий болгож, дараа нь шийдвэрийн бодит агуулгыг тодорхой бус мэдээллээр бүдгэрүүлж байгаа бол энэ нь олон нийтийн санаа бодолд нөлөөлөх манипуляц мөн эсэхийг нухацтай авч үзэх шаардлагатай. Иргэдээс санал авах нь ардчиллын нэг хэлбэр. Харин иргэдийг бодит мэдээллээр хангалгүйгээр хүлээлт үүсгэж, улс төрийн зорилгод ашиглах нь ардчилсан оролцоо биш.

 

Урагшилдаггүй ураны төслийн алдагдсан боломж

 

“Оюу толгой” төслийн үр дүнд Монголын ард түмэн байгалийн баялгаасаа өгөөж хүртэх тухай өнөөдөр ярьж байна. Харин ураны төслүүдээ өнгөрсөн он жилүүдэд урагшлуулж чадсан бол Монгол Улс өнөөдөр мөн л тэдгээр төслийн үр өгөөжийг хэрхэн хүртэх тухай хэлэлцэж суух боломжтой байлаа.Гэвч Монголын төр боломжуудаа алдсаар ирсэн. Үүний цаана төслүүдийн байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, хөрөнгө оруулалтын гэрээний ил тод байдал хангалтгүй байсныг ашигласан төөрөгдүүлсэн мэдээлэл, манипуляц нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэх үндэслэл бий. Энэ талаар эх сурвалж дараах байр суурийг илэрхийлэв.

 

“Монгол Улсын ураны салбарт Оросууд бусад улсыг оруулахгүй байхыг олон жилийн турш эрмэлзэж ирсэн. Энэ нөлөөлөл, түүнийг дэмжигчдийн байр суурийн улмаас салбар зогсонги байдалд орсон гэж болно. Оростой ойр байр суурьтай хүмүүс тэдний ашиг сонирхлыг зөвтгөдөг.

 

Тухайлбал, Орост очиход Монголын талд ‘Хан ресурс’-ыг хөөж гаргаач ээ. Та нар яагаад барууны хөрөнгө оруулалттай компанид ураны лиценз өгч байгаа юм бэ? Социализмын үед бидний нээсэн ордыг яагаад Канадын компанид өгч байгаа юм бэ?’ гэх зэргээр улс төрийн шахалт үзүүлсээр ирсэн. Ингээд нэгэнт олгосон лицензийг шууд цуцлахад Монгол Улс нөхөн төлбөр төлөх эрсдэлтэй байсан учраас арга ядахдаа 2009 онд Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тухайн үед Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байсан С.Энхбаттай холбоотойгоор хуульд цацраг идэвхт ашигт малтмалын лицензийг дахин бүртгэх зохицуулалт оруулсан юм. Ингэснээр шинэчилсэн хуулийн дагуу ураны лицензүүдийг дахин бүртгэхдээ ганцхан ‘Хан ресурс’-ын лицензийг бүртгээгүй. Өөрөөр хэлбэл, Оросын шахалтын нөлөөгөөр хуульд өөрчлөлт оруулж, улмаар манипуляц хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Үүний дараа шинэ хууль, дүрэм гаргах замаар хөрөнгө оруулагчийн эрхийг зөрчиж, үйл ажиллагаанд нь саад учруулсан гэх үндэслэлээр тухайн компани Монгол Улсын эсрэг олон улсын арбитрт нэхэмжлэл гаргасан.

 

Монгол Улс уг маргаанд ялагдаж, 100 сая ам.долларын алдагдал хүлээсэн. Нэг ёсондоо, хүсээгүй жирэмслэлт гэдэг шиг Монгол Улс Оросын шахалтын өмнө бууж өгсөн гутамшигтай үйлдэл болсон.

 

Нөгөө талаас, тангараг өргөсөн төрийн албан хаагч улс төрийн шахалтаар хууль бусаар лиценз цуцалсан бол үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцлага тооцсон эсэх нь тодорхойгүй байна” хэмээн эх сурвалж ярив. Улс төрчид, төрийн албан хаагчид тодорхой ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд шахалт үзүүлж болно. Гэхдээ төрийн албан хаагч хууль зөрчих ёсгүй. Тухайн үед Засгийн газрын тэргүүнээр С.Баяр ажиллаж байсан бөгөөд ураны лицензтэй холбоотой шийдвэрүүдэд улс төрийн нөлөө байсан эсэх асуудал анхаарал татдаг. Эх сурвалжийн хэлснээр, С.Баяр өөрөө ч энэ талаар байр сууриа илэрхийлж байсан аж. Улс төрийн томоохон алдааны нэг нь гадаадын улс төр, геополитик, бусад ашиг сонирхлоос үүдэлтэй шахалтын өмнө үндэсний эрх ашгаа хамгаалж чадахгүй байгаад оршино. Үүний улмаас улс орон зөвхөн шууд санхүүгийн хохирол амсаад зогсохгүй, эдийн засгийн хөгжлийн боломжоо алддаг. “Хан ресурс”-ын маргааны улмаас Монгол Улс олон арван сая ам.долларын санхүүгийн хохирол амссан гэхээс илүүтэйгээр тухайн төсөл хэрэгжсэн бол бий болох байсан эдийн засгийн үр өгөөж, ажлын байр, татварын орлого, салбарын хөгжил зэрэг боломжийг хэрхэн тооцох вэ гэдэг асуудал чухал юм. Өөрөөр хэлбэл, шууд хохирлоос гадна алдагдсан боломжийн өртөг бий. Эх сурвалжийн үзэж буйгаар, үүний цаана Оросын ашиг сонирхол байсан бөгөөд Монголын зарим бүлэг хүмүүсээр дамжуулан манипуляц хийж ирсэн гэж хардах үндэслэлтэй ажээ.

 

Одоо цаашид яах вэ

 

сонин mn

Энэ хүснэгтээс харахад төрийн эзэмшлийн хувийг хэрхэн зохицуулсан, хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эрсдэлийг хэн хариуцах, Монголын талын өгөөжийг ямар эх үүсвэрээр тооцох вэ гэдэг нь хоёр төслийн харьцуулалтын гол асуудал юм. Гэхдээ төрийн эзэмшлийн 34 болон 10 хувийн хувьцааг дан ганц тоогоор нь харьцуулж болохгүй. Хувьцаа тус бүрийн эрх, ногдол ашиг хүртэх нөхцөл, санхүүжилтийн үүрэг, удирдлагад оролцох боломж, эрсдэлийн хуваарилалт зэргийг хамтад нь үнэлэх шаардлагатай.

 

Дорнодын төслийн маргаан Монгол Улсад арбитрын бодит төлбөрийн эрсдэл бий болгосон бол Зөөвч-Овоогийн төсөл ураны салбарыг олон улсын хөрөнгө оруулалттай хөгжүүлэх боломжийг дахин нээсэн. 2025 оны нэгдүгээр сарын 17-ны гэрээний дагуу Зөөвч-Овоогийн төсөлд эхний ээлжид 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн.

 

Хуулиар төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордод төр 51-ээс доошгүй хувь, төрийн хөрөнгөөр хайгуул хийгүй тохиолдолд 34- эс доошгүй хувийг эзэмших зохицуулалтаар гэрээнд Монголын талын өгөөжийг 51 хувиас доошгүй байхаар тооцсон. Францын “Орано” компанийн хувьд энэ төсөл ураны нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх стратегитай холбоотой. АНУ-ын Конгрессын Судалгааны албаны 2026 оны есдүгээр сарын тайланд Монгол Улсын гадаад бодлогын гол сорилтыг Орос, Хятад хөршийн нөлөөтэй харилцаагаа хадгалах зуур АНУ болон бусад “гуравдагч хөрш” -тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх явдал хэмээн тайлбарласныг улс төрийн тоймчид онцолж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Францын “Орано” (Orano) компанийн Зөөвч-Овоо ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг харьцуулахдаа зөвхөн Монгол Улсад хэдий хэмжээний татвар төлөхийг бус, төрийн эзэмшил, ашгийн хуваарилалт, хөрөнгө оруулалтын эрсдэл, зардлын хяналт, татварын нөхцөл, ажлын байр, гэрээнд өөрчлөлт оруулах боломж зэрэг олон үзүүлэлтийг хамтад нь авч үзэх шаардлагатай.

 

Гэхдээ нэг чухал ялгаа бий. Оюу толгойн гэрээ нь зэс, алтны томоохон ордыг олборлох, боловсруулах төсөлтэй холбоотой бол Зөөвч-Овоо нь ураны төсөл юм. Эдгээрийн хөрөнгө оруулалтын бүтэц, олборлолтын технологи, бүтээгдэхүүний зах зээл, төрийн хяналтын нөхцөл харилцан адилгүй.

 

Тиймээс хоёр гэрээг зөвхөн нэг үзүүлэлтээр шууд харьцуулан дүгнэх боломжгүй. Зөөвч-Овоогийн хувьд ч үүнтэй адил зарчмаар зардлын бүтцийг ил тод болгох, төрийн өгөөжийг тооцох аргачлалыг ойлгомжтой болгох, гэрээний хэрэгжилтэд хараат бус хяналт тавих нь чухал юм. Харин аль аль төслийн хэрэгжилтэд төрийн хяналт, ил тод байдал, үндэсний эрх ашгийг хамгаалах механизм чухал хэвээр байна. Иймээс Монголын талын бодит өгөөжийг ямар нөхцөлөөр тооцож, хөрөнгө оруулалтын эрсдэлийг хэрхэн хуваарилсныг гэрээний заалт бүрээр нягтлах шаардлагатай.

 

34 хувийн энгийн хувьцаа ба 10 хувийн давуу эрхийн хувьцаа

 

Энэ асуудалд хамгийн түрүүнд анхаарах зүйл бол төрийн эзэмшлийн хувьцаа бүр ижил эрх, үүрэг дагуулдаггүй явдал юм. Оюу толгойн төрийн эзэмшлийн 34 хувийн энгийн хувьцаа болон Зөөвч-Овоогийн 10 хувийн давуу эрхийн хувьцааны эдийн засгийн өгөөжийг зөвхөн эзэмшлийн хувиар нь дүгнэх боломжгүй. Тухайлбал, Оюу толгойн менежментийн төлбөрийг хөрөнгө оруулагчтай холбоотой гэрээгээр тодорхой хувь хэмжээгээр тооцдог байсан бол Зөөвч-Овоогийн хувьд үүнтэй адил төлбөрийн зохицуулалт байгаа эсэхийг баталгаажуулж чадаагүй байна. "Хуурамч мэдээлэл, манипуляцын эсрэг "Асуу-2" аяны хүрээнд хийсэн "Баримт нэн тэргүүнд" сүлжээний олон нийтийн төлөөх бүтээл"

 

 

 

Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.