Ослын улмаас дөрвөн хүн нас барсан хэрэгт зам хариуцагч компаниас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв

1 цаг 19 минутын өмнө

Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгоны Соёлын ордны танхимын эрхлэгч Л.Юмжавт холбогдох хэргийг орон нутгийн шүүх шийдвэрлэж, зам хариуцагч компаниас хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгуулахаар боллоо.

Сэлэнгэ аймгийн нэгэн сумд зохион байгуулахаар болсон сургалтад оролцохоор уг Соёлын ордны нэр бүхий гурван ажилтан, өсвөр насны нэг хүний хамт “Ланд круйзер-100” загварын тээврийн хэрэгслээр Шаамар сумын нутаг дэвсгэрт явж байхдаа осолд орж, зорчигчид нь нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, тэд замын хагархайг тойрч гарахдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас дөрвөн хүн амиа алдсан байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас уг автомашиныг жолоодож явсан Л.Юмжавт Эрүүгийн хуулийн 27.10-4.2 дахь хэсгийн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний хүний амь хохирсон” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байна.

Ингэхдээ прокурор Л.Юмжавыг орон нутагт томилолтоор явуулахдаа аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслээр хангаагүй, ажил олгогч Хөтөл тосгоны Соёлын ордон, мөн Шаамар сумд харьяалагдах хатуу хучилттай авто замын засвар, бэлэн байдлыг хариуцсан “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийг иргэний хариуцагчаар татсан аж. 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс дээрх автомашины жолооч Л.Юмжавыг Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-ын ”Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1-ийн “Жолооч хөдөлгөөний агаарын нөхцөл, эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-ын “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас дөрвөн хүн амиа алдсан гэм буруутайд тооцон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жил хасаж, нэг жилийн хорих ял оноосон байна.

Мөн хохирогч нарын ар гэрт нийт 105.9 сая төгрөг төлснийг шүүх шийтгэх тогтоол гаргахдаа харгалзан үзжээ. Ингэхдээ хохирогчдын ар гэрийн сэтгэцэд учирсан хор уршигт тус бүр 99, нийт 396 сая төгрөгийг Л.Юмжав болон иргэний хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Соёлын ордон, “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-иас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэлээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.