2411-р сар, 2026Мягмар гараг

ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

9 цаг 45 минутын өмнө4 мин унших



Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор шинэ гишүүдийг сонгон шалгаруулах ажиллагаа үргэлжилж байна.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтад нийт 20 иргэн бүртгүүлсэн бөгөөд өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх Ажлын хэсэг нэр дэвшигч тус бүртэй ганцаарчилсан ярилцлага хийх ажиллагааг зохион байгуулав.

ХЭҮК нийт долоон гишүүнтэй. Тус комиссын дарга Д.Сүнжид, гишүүд Г.Нарантуяа, Х.Мөнхзул, Ж.Хунан, Б.Энхболд нар 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд томилогдсон бөгөөд зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа нь энэ сарын 6-нд дуусгавар болсон юм. Иймээс тэдний оронд ажиллах таван гишүүнийг сонгон шалгаруулах үйл явц ийнхүү эхэлсэн.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолоор ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Тулга ахалж байгаа бөгөөд холбогдох байгууллагуудын төлөөлөл бүрэлдэхүүнд нь ажиллаж байна.

Сонгон шалгаруулалтын зарыг аравдугаар сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 17:30 цаг хүртэл олон нийтэд нээлттэй байршуулсан. Улмаар арваннэгдүгээр сарын 9-нд Ажлын хэсэг хуралдаж, нэр дэвших хүсэлт гаргасан иргэдийн анкет, холбогдох баримт бичгийг хянажээ. Ингэхдээ нэр дэвшигч бүр журамд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэхээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгасан байна.

Ажлын хэсгийн олонхын саналаар нийт 20 иргэнийг сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэсэн бөгөөд үүнд Д.Жамъяндагва, Л.Галбаатар, Г.Ууганбаатар, Х.Цэцгээ, Б.Болорсайхан, Б.Энхболд, Т.Ихтамир, Б.Хишигсайхан, Ц.Үүрцайх, Э.Эрдэнэжамъян, Г.Наранбаатар, Ц.Адъяахишиг, Д.Ганбаяр, Д.Баянбилэг, Д.Гэрэл, Д.Ёндонжамц, Б.Одонгэрэл, Д.Батсайхан, Д.Цогтбаатар, Ч.Ханддулам нар багтаж байна.Эдгээр нэр дэвшигчдээс Б.Энхболд нь 2020 онд ХЭҮК-ын гишүүнээр томилогдон ажилласан бөгөөд энэ удаа дахин нэрээ дэвшүүлжээ.

“Нэр дэвшигчдэд тавих шалгуурыг өөрчилсөн нь анхаарал татаж байна”

Энэ удаагийн сонгон шалгаруулалтын нэг онцлог нь ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдэд тавих шаардлагыг зохицуулсан журмыг шинэчилсэн явдал юм. Өмнөх журамд нэр дэвшигчдэд тавьж байсан зарим шаардлагыг хэт явцуу хүрээтэй, хуульд зааснаас давсан гэж үзэн өөрчилсөн нь маргаан дагуулсан.Тухайлбал, өмнөх журмаар ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшихийн тулд 10 жил хуульчаар ажилласан, таван жил зөвхөн ХЭҮК болон хүний эрхийн байгууллагад ажилласан байх зэрэг шаардлага тавьж байжээ. Мөн сахилгын шийтгэл авч ажлаас халагдаж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй байх шалгуур багтаж байсан .Харин шинэчилсэн журмаар нэр дэвшигчдийн хүрээг өргөжүүлж, нийгмийн болон салбар бүрийн төлөөллөөс сонгон шалгаруулах боломжийг бүрдүүлсэн байна.

Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга “2021 онд шинэчлэгдсэн ХЭҮК-ын тухай хуульд нийцүүлэх шаардлага үүссэнээс гадна 2020 онд батлагдсан журамд тухайн үеийн хууль тогтоомжид зааснаас давсан шаардлагууд туссан байсан.Тэрээр нэр дэвших эрхийг өргөжүүлж байгаа нь ямар нэгэн асуудалтай хүмүүсийг шууд сонгогдох боломжтой болгож байна гэсэн үг биш гэсэн юм.

“Сонгон шалгаруулалт гурван үе шаттай”

ХЭҮК-ын шинэ гишүүдийг сонгон шалгаруулах ажиллагаа гурван үе шаттай явагдана гэдгийг Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Тулга тайлбарласан. Нэгдүгээрт, Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийн бүрдлийг шалгаж, хүн тус бүртэй ганцаарчилсан ярилцлага хийнэ. Үүний дараа Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нэр дэвшигч бүрд үнэлгээ, дүгнэлт гаргах юм. Өчигдөр зохион байгуулж буй ярилцлага нь энэ шатны ажиллагаа юм.

Хоёрдугаарт, Ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулна. Улмаар Байнгын хороо нэр дэвшигчдийг олон нийтийн төлөөллийг оролцуулсан нээлттэй сонсголоор хэлэлцэх юм. Гуравдугаарт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн саналаар томилгооны асуудлыг шийдвэрлэнэ.Өмнө нь нэр дэвшигчдийн сонсголыг Ажлын хэсэг зохион байгуулдаг байсан бол шинэчилсэн журмаар УИХ-ын Байнгын хороо зохион байгуулахаар болсон нь бас нэг өөрчлөлт юм. Энэ нь УИХ-ын тухай болон УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлэх зорилготой байна.

Мөн нэр дэвшигчдийн сонсголыг арванхоёрдугаар сарын 16-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ удаагийн сонгон шалгаруулалтаар 20 нэр дэвшигчээс шаардлага хангасан таван хүнийг сонгож, ХЭҮК-ын гишүүнээр томилуулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр болж байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 222 (7964)

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

19 настай хилийн цэрэг СЭМҮТ-д нас барсан хэргийн талаар тайлбар өглөө

Сар бүрийн сүүлийн хоёр дахь долоо хоногийн мягмар гараг бүр 10:00 цагт ХЗДХ-ийн яамнаас нээлттэй мэдээлэл өгдөг байхаар тогтсон. Энэ үеэр Увс аймаг дахь хилийн цэргийн байлдагч СЭМҮТ-д эмчлүүлж байхдаа амиа алдсан хэргийн талаар сэтгүүлч асуултад дараах хариултыг албаныхан өглөө. ЦЕГ-ын Тэргүүн Дэд дарга, хурандаа Б.Ганчулуун: Цагдаагийн байгууллагад энэ хэрэг бүртгэгдсэн

913

Иргэний өмчлөлийн авто зогсоолоос нэгийг албан татвараас чөлөөлөх агуулгатай хуулийн төсөл өргөн барив

Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өчигдөр (2026.11.23) өргөн мэдүүлэв. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй уг хуулиар иргэний өдөр тутмын хэрэглээнд ашиглаж байгаа нэг авто зогсоол болон олон тоогоор өмчилж, түрээс, хөрөнгө оруулалт, бизнесийн зориулалтаар ашиглаж байгаа авто зогсоолын татварыг ялгамжтай авч үздэггүй байна. Ялангуяа амьжиргааны өртөг нэмэгдэн иргэдийн худалдан авах чадварт дарамт учирч байгаа энэ үед татварын бодлого өрхийн үндсэн хэрэглээ болон хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ялган үзэх шаардлагатай байгаа аж. Хуулийн төсөл нь Монгол Улсын иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх агуулгад чиглэсэн гэдгийг А.Ганбаатар гишүүн энэ үеэр онцлов. Татварын ерөнхий газрын урьдчилсан тооцоогоор иргэн бүрийн өмчлөлд байгаа авто зогсоолоос нэгийг чөлөөлөхөд 57,453 үл хөдлөх эд хөрөнгө хамрагдаж, 20.8 тэрбум төгрөгийн татварын ногдол хөнгөлөгдөхөөр байгаа аж. Хуулийн төслийн хүрээнд авто зогсоолыг нийтээр нь татвараас чөлөөлөхгүй аж. Харин иргэн хоёр болон түүнээс дээш авто зогсоол өмчилж байгаа бол зөвхөн өөрийн сонгосон нэг нь чөлөөлөгдөж, үлдсэн авто зогсоолуудын татвар хэвээр үлдэх зохицуулалтыг тусгасан байна

952

АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбатын хууль бус хэргийг шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2026 оны эхний 11 сарын байдлаар эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтан нь сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилсон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, худалдан авалтыг хууль бусаар зохион байгуулсан зэрэг гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.О нь хууль бус үүрэг чиглэл өгснөөр мөнгө гаргуулан авч зарцуулсан, мөн сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийн албан тушаалтанд амаар үүрэг, чиглэл өгснөөр холбогдох албан тушаалтнуудад хууль бус давуу байдал бий болгосон, мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах этгээдэд тавигдах шаардлагыг бүрэн хангасан бусад нэр дэвшигчдийн эрхийг хязгаарлаж, суралцах боломжийг алдагдуулсан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байх тул Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүллээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.У-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулалт, томилгоо, санхүүгийн үйл ажиллагаатай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичгийг Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн бөгөөд үүний дагуу Эрүүл мэндийн сайдаас “Албан даалгавар”-ыг 2026 оны 3 дугаар сард нийслэлийн дүүргийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад хүргүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэн ажилласан байна

1 135

Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрын жинг үзэх юм бол цутгамал ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн нэрс дуулдаад байгаа. Хоёулаа УИХ-ын гишүүн, хоёул сайд дарга хийж явсан хүмүүс. Эх сурвалжийн дурдсанаар Н.Учрал өөрөө Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэнг хэрэг эрхлэхийн даргаар тавих санаатай байна гэх.Гэвч иргэн У.Хүрэлсүх Б.Бат-Эрдэнийг томил гэсэн юм уу даа

1 327


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.